Ажлаа хийж чаддагүй хэл ам таталдаг дарга нарыг эхнээс нь төрөөс зайлуулж эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн засаг дарг З.Энхтөр, Оюуны өмч улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүү нарыг ажлаас нь халах тушаалд гарын үсэг зуржээ. Сахилга бат их ярьсан ч ажил болгохгүй байна гэж шүүмжлэл дагуулж байсан ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаад харин цавчиж үзүүллээ. Р.Содхүүгийн хувьд олон засгийн газар дамнан дарга хийдэг байв. Гэсэн ч очсон газар бүртээ хэл ам дагуулж хамаатан садан бүр нууц амрагаа хүртэл албан тушаалд томилсон гэх мэдээлэл хэвлэлээр шуугисан. Яагаад ч юм түүнийг төрөөс зайлуулж дөнгөдөггүй байлаа. Тэтгэвэрт гарах нас нь болсон гэх тайлбар бол өнгөн хэсэг нь юм. Яг үнэндээ Р.Содхүү төрөөс хөөгдлөө. Сүхбаатар аймгийн засаг дарга З.Энхтөрийн хувьд тэр томилогдсон цагаасаа иргэдийнхээ итгэлийг олж чадалгүй АН-ын жагсаал тэмцэлтэй зууралдан унах нь тэр. З.Энхтөр гэдэг хүн Сүхбаатар аймгийг ундуй сундуй айл шиг болгож, ажил биш хэрүүл уруул өрнөсөн газар болгоод байсан юм.
Үүнтэй
зэрэгцэн дуулианууд газар авсаар байна. УИХ ын гишүүн Б.Гантулгыг
яллагдагчаар татсан тухай мэдээллийг нийслэлийн прокурорын газраас
зарласан. Үүнээс гадна ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн
гэрээг Дубайд дур мэдэн үзэглэсэн гэдэг үндэслэлээр буруутган шалгаж
байна. Цаашилбал эдийн засгийн хөгжлийн сайд асан Фортуна хочит
Н.Батбаярыг Чингис, Самурай бондын мөнгийг үрэн таран хийсэн гэсэн
үндэслэлээр АТГ-аас шүүхэд шилжүүлээд байна. Монгол банкны ерөнхийлөгч
асан Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ бүхнийг ард
түмэн нүд салгалгүй харж байна.
У.Хүрэлсүх үнэхээр МАН-АН гэлтгүй
цавчиж чадах уу, эсвэл дээрх хэргүүд ингэсгээд бусдын адил замхарах уу
гэдгийг ард түмэн харж байна. Гэтэл хамгийн чухал нэг зүйлийг олон түмэн
төдийлөн анхаарахгүй өнгөрөөд байх шиг. Аливаа албан тушаалтнуудын
асуудал шүүх, прокурорын түвшинд очоод замхардаг нь нууц биш. Харин
шүүгч прокурорууд нь ерөнхий сайдаас биш ерөнхийлөгчөөс хамаарч байдаг
гэдгийг мартаад байна.
Үеийн үед ерөнхийлөгч ерөнхий сайд хоёр дайсагнах байдалтай ажиллаж ирсэн бол яг энэ цаг үед ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас өөр байдал ажиглагдаад байгаа. Шуудхан хэлэхэд энэ хоёр хүн хамтарч ажиллан хэд хэдэн "оймс гозолзуулж” чадах уу, эсвэл ингэсгээд өнгөрөх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз. Юу болохыг харж л байя.
Сэтгэгдэл