Замын-Үүд дэх ложистик төвийн газрыг хэн, хэнд зарсан юм бэ Ерөнхийлөгч өө!


Бид өмнөх дугаартаа Замын-Үүдэд хийгдэж буй "Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх МОН-2719/0240 төсөл”-ийн талаар сөхөн хөндсөн. Тус нийтлэлд Засгийн газрын 2018 онд ашиглалтад хүлээн авна хэмээн зарласан ложистик терминалын байгууламж балгас болж мэдэхээр байгаа талаар дурьдсаныг уншигч та санаж буй биз ээ. 

Замын-Үүд дэх ложистик төвийн газрыг хэн, хэнд зарсан юм бэ Ерөнхийлөгч өө!

Монгол Улсын өмнөд хилийн олон улсын төмөр замын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, Ази-Европ чиглэлийн дамжин өнгөрөх тээврийн сүлжээний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой хэмээн тодорхойлж асан байгууламжийг 2012 онд 128 га талбайд барихаар төлөвлөж байсан байдаг.

Энэ үед Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гарган төсөл хэрэгжүүлэхээр тогтсон газрын га талбайг төслийн мэдэлд шилжүүлжээ. Гайхалтай нь 2013 онд эрх мэдэлтнүүд мөнөөх төслийн эзэмшлийн газрыг гэнэтхэн хувийн компанид шилжүүлж орхижээ. Энэ үед Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээврийн сайдаар ажиллаж байсан. Харин төслийн газрыг төмөр замд ашиг сонирхлоо гүн шингээсэн гэх Х.Баттулга болон түүний тойрон хүрээлэгчид танилууддаа авч өгсөн байж болзошгүй хэмээн энэ яамныхан ил далд ярьдаг болсон. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга та Зам тээврийн яамныхны олноос нууцлан яриад буй энэ ярианд, тодруулбал төслийн газрын хувь заяа тантай холбоотой юу, үгүй юү. Төслийн газрыг хэн, юуны учир хувийн компанид шилжүүлсэн бэ гэдэг асуултад хариулт өгөх учиртай болж байна. 

Ийм адармаатай зам туулж буй Монгол Улсын Засгийн газрын улсын хөрөнгө оруулалт, Олон улсын зээлийн хөрөнгөөр хийгдэж буй төсөл өнөөдөр хувийн өмчийн газар дээр хэрэгжиж байгаа юм. 

Ложистик төв хүнд даацын болон агуулахын, чингэлгийн гэсэн гурван хэсэгтэй, захиргааны байр, цэвэр бохир усны байгууламж, чингэлэг өргөх 50 тн болон хүнд овор хэмжээ ихтэй ачаа буулгах зориулалт бүхий 70 тн-ын гүүрэн кран, ложистикийн төвийн машин механизмын засварын төв, гаражтай. Мөн эрчим хүчний дэд станц, өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 19 км орчим төмөр замтай. Бас ложистикийн төв рүү орох гарах төмөр замтай, хоёр түвшинд огтлолцох хүнд даацын гүүрэн байгууламж болон 1.6 км авто замтай байхаар төлөвлөгдсөн байв. Энэ бол одоогийн Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнийн тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа баталсан төлөвлөгөө.

Гэвч өнөөдөр эл байгууламж дээрх төлөвлөгөөний дагуу хийгдээгүй. Засгийн газар энэ онд ашиглалтад хүлээн авах ямар ч боломжгүй болохдоо тулаад байгаа. Үнэн хэрэгтээ төслийн ажлын явц одоо дөнгөж 40 хувьтай явж байгаа аж. Гэхдээ төсөлд цаг үргэлж өөрчлөлт орж, энэ хэрээр мөнгө сул урссаар байгаа нь төсөлд хэн нэгэн хүний ашиг сонирхол гүн бат шингэсэн байгааг харуулах мэт. Хамгийн сүүлд 2017 оны наймдугаар сарын 30-нд энэ төлөвлөгөөнд өөрчлөлт орж, төсөлд 3.5 сая ам.доллар нэмж зарцуулахаар болжээ. Энэ өөрчлөлтөөр задгай дээвэр бүхий агуулахын барилга хасагджээ. Энэ бол ложистик төв ашиглалтад ордог юм аа гэхэд ашиглалтыг 25 хувиар бууруулах алхам гэж мэргэжлийнхэн үзэж байгаа юм.

Мөн чингэлгийн талбайд ажиллах хөдөлгөөн, чингэлэг өргөх буулгах зориулалт бүхий механизм ажиллахаар тооцоолсныг хасч орхижээ. Энэ нь тухайн хэсгийн ашиглалтын 30 хувийг буулгах шийдвэр болсон гэнэ. Үүнээс гадна энэ төслөөс Монгол Улсын Засгийн газар 5.9 сая ам.долларын алдагдал хүлээсэн. Азийн хөгжлийн банкнаас Засгийн газар 40 сая ам.долларын зээл авч хэрэгжүүлсэн ажлаасаа алданги хүлээсэн, Засгийн газар энэ мөнгийг Австралийн тусгай зөвшөөрөлгүй СМЕК зөвлөх компанид алдсан.

Нөгөө талаар барилгын ажлын гүйцэтгэгч "Хятадын төмөр замын 21-р товчоо групп” компани төслийн мэдээллийг Зам тээврийн яам руу явуулахгүй "уяж” шийдвэр гаргагчдыг төөрөгдөлд оруулчихдаг гэж төслийнхөн толгой сэгсэрч байгаа юм. 

Төслийн бодит байдал, ашиглалтад хүлээн авсан жижиг обьектуудыг дурьдвал яг одоо Замын-Үүд өртөөнд УБТЗ-ын эзэмшлийн ачих буулгах нэг терминал, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан ачих буулгах терминал тус тус үйл ажиллагаа явуулж байна. Гэвч эдгээр байгууламжийн ачилт буулгалтын технологийн зам, талбай нэгдсэн цогц үйлчилгээ үзүүлэх ямар ч боломжгүй болчихоод байгаа юм.

Мөн төслийн хүрээнд эрчим хүчний дэд станц барихаар төлөвлөгдөн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж 2013 оны 5-10 сарын хооронд барилга угсралтынх нь ажлыг хийж дуусгажээ. Энэ дэд станц ложистик төвийг эрчим хүчээр хангах учиртай байв. Гэвч тэр станц ямар ч тооцоо судалгаагүй баригдсан. Дөнгөж 110 кВт-ын станцыг 3.6 тэрбумаар барьсан нь ложистик төв бүрэн чадлаараа ашиглах үеийн ачааллыг дийлэхгүй, заавал нэмэлт эрчим хүч шаардах эд болж хувирчээ. Харамсалтай нь 2013 онд 3.6 тэрбумаар босгосон энэ станцыг өнөөдөр болтол ашиглаагүй. Үр ашиггүй, төслийн хөрөнгийг үрэн таран хийсэн хөрөнгө оруулалт тэнд зэвэнд идүүлээд хэвтэж байна. Зорилгыг нь томоор тодорхойлсон ч хэрэгжилт нь ядмагхан урагшилж байгаа энэ төслийн зохицуулагчаар Д.Энхбаатар гэж хүн ажилладаг. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга мөн Зам тээврийн сайд байхдаа томилж байв. Энэ хүн яагаад солигддоггүй, төсөл яагаад урагшилдаггүй болох талаар эрж хайвал чамгүй но гарах төлөвтэй байна.

Төслийн мөнгө тооцоо судалгаагүй алга болсон олон баримтын бас нэгийг дор өгүүлье. Ложистик төвд чингэлгийн болон хүнд ачааны талбайд овор ихтэй хүнд ачааг шилжүүлэн ачих зориулалттай 50 болон 70 тоннын даацтай хоёр вандан кран суурилуулах ёстой байв. БНХАУ-аас манай нутгаар дамжин өнгөрөх дунд болон хүнд жинтэй ачааг шилжүүлэх технологи байхгүй тул энэ дамжлага шатыг хэрэглэнэ гэж тооцжээ. 

Гэхдээ энэ асуудлыг Монголын тал дангаараа бие даан шийдэх боломжгүй. Төслийн нэгж шинэ терминалын мэдээллийг Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хилийн боомтын шинэчлэгдсэн хүчин чадлын жагсаалтад албан ёсоор оруулж, олон улсад зарлах ёстой байв. Ингэсний дараа ачаа илгээгч, тээврийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөл үүсэх ёстой байсан ч төслийн нэгж 50 тоннын даац бүхий хоёр краныг тендер зарлан яаралтай худалдан авчихаад байгаа. Ингэхдээ мөн л өндөр үнээр худалдан авсан. 

Ийм төслийг Засгийн газар энэ онд ашиглалтад хүлээн авна хэмээн бардам дуугарч байгаагийн учир юу вэ, У.Хүрэлсүх сайдаа. Хөрөнгө нь талын нэг тарсан, ажил нь 40 хувьтай яваа төслийг энэ онд хэрхэн хүлээн авах гэж буйгаа Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ Та тайларлаж өгөхгүй юү. Ядаж төслийн газрыг хэн яагаад, хэнд зарчихсан юм бэ. Төсөл яагаад хувийн компанийн талбай дээр хэрэгжиж байгаа вэ гэдгийг тайлбарлахгүй юм уу?

Эх сурвалж: Нийгмийн толь сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.