Энэ тун үнэмшилгүй сонсогдож байгаа биз. Аргагүй. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бол лав энэ парламентдаа толгой хуульч гишүүн гэгддэг. Тийм учраас ямар ч асуудлын гарц гаргалгааг энэ хүн л олдог гэдэг юм.
65 суудлаар энэ парламентыг дүүргэсэн МАН-ын бүлгийн гишүүд хууль зүйн асуудлаар бол Ц.Нямдорж сайдыг сөрж, давж дуугарна гэж ёстой үгүй. Гэтэл мань эр таагүй шалтгаанаар парламентыг орхих хүсэлтээ өгсөн Д.Гантулга гишүүний асуудал дээр гацаж орхисон байх юм. "…Гаргалгаа алга, хуулийн мухардалд орлоо” гэдэг мэдэгдлийг Ц.Нямдорж сайд хийж байна. Улмаар энэ мухардлаас гарахын тулд дахин төсөл боловсруулна гэлээ. Манай монголчууд эртнээс иймэрхүү арга саамыг янз бүрээр хэлж ирсэн юм. "Нүглийн нүдийг гурилаар хуурах” гэж дээхнэ үеийн үг байна. Харин сүүлийн үеийнхээр бол "хүүхэд хуурах гэж байгаа юм шиг” л үйл явдал өрнөж байна.
Ер нь бол Д.Гантулгын хүсэлт ойлгож ядаад, мухардалд ороод байх эд огт биш. Тун энгийн зүйл. УИХ-ын гишүүн Д.Гантулга олны анхаарлыг татаж, дургүйцлийг төрүүлсэн таагүй асуудалд нэр холбогдсон. Тэрийг нь хуулийн байгууллага шалгаж байна. Иймээс өөрөө шалгуулж дуустлаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзье гэж хүсэлт гаргасан байгаа юм. Харин нам нь буюу УИХ дахь МАН-ын бүлэг түүний хүсэлтийг хүлээж авч болохгүй гэж шийджээ. Чухам яагаад Д.Гантулга гишүүний хүсэлтийг бүлэг дээрээ унагах болов гэдэг зайлшгүй анхаарал татаж байгаа юм.
Хэрэв хууль номоо дагах юм бол өөрийн хүсэлтээр түдгэлзэж байгаа гишүүнийг ойлгож дэмжээд явуулах учиртай. Өмнө нь ийм хүсэлтийг нэг бус удаа гаргаж, тэрийг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан түүхүүд бий. Гэтэл МАН-ынхан тэгсэнгүй. Бүлэг дээрээ л хав дарчихав. Хүсэлтээ гаргасан хөөрхий Д.Гантулга гишүүнийг "…Битгий уйлж унжаад бай. Энэ чиний асуудал биш намын хэрэг” гээд дуугүй болгож орхисон дуулдаж байна. Нэгэнт ингээд намын хэрэг болчихсон учир олон нийт хэн мэдээлэл өгөх вэ гээд толгой гашилгацгаасан болж таарч байгаа юм. Ингээд бодож, бодож баталсан хуулийг ч засдаг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор "…Хуулийн мухардалд орчихлоо” гэж мэдэгдэл хийлгэсэн байна.
МАН-ынхан бодохдоо "…Ц.Нямдорж сайд ингээд хэлчихэд олон нийт шууд л хүлээж авна. Д.Гантулгын асуудлаар Ц.Нямдорж сайд хүртэл мухардалд орчихлоо шүү дээ гээд л ярина” гэж тооцсон байгаа юм. Гэвч ард түмэн тэнэг биш. Ц.Нямдорж сайдын мэдэгдлийг бүр уг, үндсээр нь ойлгочихсон байна шүү. Ингээд юу гэж байна вэ гэхээр Ц.Нямдорж сайд бус МАН л Д.Гантулгын асуудлаар мухардалд орчихсон байна гээд онигоо маягийн юм болгоод хуучилцгааж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Б.ОЧИР
Сэтгэгдэл