УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай танилцав. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав. Тэрбээр "2017 онд 11 удаа хуралдаж 25 тогтоол шийдвэр баталсан. Өнгөрсөн жил хийсэн гол ажил бол тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авч байна. Одоо нэг жилийн хугацаатай тэтгэврийн зээл авсан бол жилийн 12 хувийн хүүтэй болгосон. Цаашид хоёр жилийн хугацаатай, 18 хувийн тэтгэврийн зээлийн хүүг дахин бууруулах чиглэлээр ажиллаж байна. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн хадгаламжийн хүүг өсгөсөн” гэв.
Ийнхүү сайд тайлангаа танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нэлээд бухимдаж "Худлаа тайлан тавилаа. Үндэсний зөвлөлийг та удирдаж эхэлснээс хойш нэг ч удаа хуралдаагүй гэдэг нь ойлгомжтой байна” хэмээн С.Чинзориг сайдыг зандрав. Энэ үед С.Чинзориг сайд "Засгийн газар 2017 оны аравдугаар сард байгуулагдаад, он дуустал хоёрхон сар би өөрөө удирдсан. Харин та бол 2017 онд 10 сарын турш энэ зөвлөлтэй ажилласан. Тэгэхээр өнгөрсөн жилийн тэн хагаст Н.Номтойбаяр удирдсан гээд тайлан гаргахгүй байж болох байсныг харгалзах хэрэгтэй. Чиний уур ямар удаан арилдаггүй юм бэ” хэмээн арга барсан байдалтай хариулсан юм. Ийнхүү Хөдөлмөр, нийгмийн хамгааллын өмнөх сайд нь одоогийн сайдтайгаа санал зөрсөн тул Н.Номтойбаяр гишүүний саналаар Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбоотой хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулахаар болов.
Энэхүү ажлын хэсгийг Н.Номтойбаяр гишүүн ахлах санал гаргасан ч С.Чинзориг сайд үгүйсгэж "Өөрийнхөө ажлыг өөрөө шалгасан явдал болох гээд байна. Н.Номтойбаяр өнгөрсөн онд энэ үндэсний зөвлөлийг өөрөө ахалж байсан. Тиймээс ашиг сонирхолтой хүнийг ажлын хэсгийн ахлагчаар томилж болохгүй” гэв. Гэвч санал хураалтаар Н.Номтойбаяр ажлын хэсгийн ахлагч болсон юм.
Сэтгэгдэл