Нийслэлд баригдаж буй дугуйн замууд сүүлийн үед олон нийтийн шүүмжлэлд өртөж, төсвийн үрэлгэн зарцуулалтын хамгийн наад захын жишээ, сэдэв болж байгаа. Улаанбаатар хотын иргэдийн хувьд өмнө нь дугуйн замтай байж үзээгүй. Гэхдээ одоо баригдаж байгаа энэ замыг "дугуй”-нд тусгайлсан зориулсан технологиор барьж байгаа гэдэгт хэн ч итгэхгүй байх.
Арга ч үгүй байх. Олны дунд "Дугуйн зам гэдэг нь явган хүний замын ногооноор будсан хэсэг юм” гэх явган шог яриа ч тархсан байна билээ.
Тэгвэл олон зуун сая төгрөгөөр явган хүний замаас хагаслан будаад буй балагтай ажлын цаад эзэн нь хэн бэ гэдгийг бид сурвалжилсан юм. Гэтэл энэ нь Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ гэгчээр ахлуулсан ажлын хэсгийнхний хийж буй ажил нэртэй жонхуу гэдгийг олж мэдлээ.
Нийслэл Засаг даргын мөрийн хөтөлбөрт 2017 онд "Дугуйн зам” дэд хөтөлбөрийг "Сэлбэ гол, Хотын төвийн хэсэгт байгуулна хэмээн зааж тендер зарлан хэрэгжүүлсэн. Харин 500 сая төгрөгийн төсөвтэй энэ тендерт Б.Дэлгэрсайхан захиралтай "ОДНД” компани ялалт байгуулжээ. Тэгэхдээ тендерийн төслийг 428 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж өгөөд ялсан аж. Харин өнөөг хүртэл дугуйн замаас ганц метрийг ч хүлээлгэж өгөөгүй байна.
Тийм болохоор Бага тойруу дотор, Нарны замын урд талаар, Х хорооллын уулзвараас Баянзүрх дүүргийн банхрын хөшөө хүртэлх замд дугуйн замын төслийг шинээр хэрэгжүүлэхээр болсон. Харин энэ замын зургийг гаргах ажлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хийж байгаа.
Хамгийн гол нь, ямар нэгэн дугуйн замын стандартгүй, явган хүний замаас хэсэгчлэн будаж янзлах төдийгөөр зам босгох зургийг дээр дурдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахлан гаргуулж байгаа гэнэ. Тэгэхдээ зургийн ажилд 300 сая төгрөг, гүйцэтгэх ажилд 427 сая төгрөг төсөв гаргуулжээ.
Уг нь хууль дүрмээрээ Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар дугуйн замын зураг гаргах ёсгүй. Ер нь энэ ажилд бараг л хүртээлгүй гэхэд болохоор. Гэтэл Д.Мөнх-Эрдэнэ гэгч нөхөр энэ онд дахиад 15 км дугуйн зам гаргана гэчихсэн явна гэхийг сонсвол энэ ажил тун ч их унацтай, ашиг ихтэй байж таарна. Угаасаа зориулалтын гадаргуу ч үгүй, зөвхөн будаг нялах төдийгөөр зам тавина гэвэл 427 сая байтугай 4 сая төгрөг ч хангалттай хүрэх биш үү.
Харин Д.Мөнх-Эрдэнэ Нийслэлийн Засаг даргын зөвлөх гэх албан тушаалыг л эрхэлдэг хэрнээ нийслэлийн харьяа газар, хэлтсийн дарга нарын ажилд хутгалдан, аль хэдийнь шийдвэр гаргах түвшинд оччихсон явна.
Бүхэл бүтэн асфальтан зам үерийн усанд урсаад байхад зам дээр түрхсэн будаг нь зуны халуун нар, хүйтэн бороо, үер усанд тэсч үлддэг л байгаа даа. Энэ асуудлыг холбогдох газрынхан анхааралдаа аваасай. Тэгэхгүй бол төсвийн мөнгө зуу зуун саяараа хурган дарга нарын халаас руу урсаад л байх нь шүү.
Сэтгэгдэл