Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг хоёр сарын хугацаанд юу хийв?


 

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг хоёр сарын хугацаанд юу хийв?Оюутолгойн гэрээтэй холбоотой төрийн өндөр албан тушаал хашч байсан эрхмүүдийг цагдан хорьж шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл хуулийнхан энэхүү гэрээнд хууль бус асуудал байна гэж үзсэн учраас л нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа хэрэг л дээ.

Тэгвэл гэрээнд яг ямар алдаа байна вэ гэдгийг шалгах зорилготой УИХ дахь ажлын хэсэг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан юм. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Д.Тэрбишдагва орлож, гишүүдээр Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогдсон юм.

Ажлын хэсэг дороо хэд хэдэн дэд ажлын хэсэг байгуулсан. Зарим дэд ажлын хэсэгт төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа тухай эх сурвалж мэдээлж байсан.

Яагаад төрийн өндөр албан тушаал хашч байсан хүмүүс цагдан хоригдов, гэрээнд яг юу гээд заачихсан нь хууль зөрчсөн бэ гээд олон чухал асуултын хариултыг өгөх учраас энэ ажлын хэсгийн дүгнэлтэд олон нийт ихэд л ач холбогдол өгч байгаа.

Гэвч ажлын хэсэг байгуулагдсан цагаас хойш сүртэй ажил хийсэнгүй. Дэд ажлын хэсэгт оролцож байгаа төрийн бус байгууллагын төлөөлөл нэг удаа хуралдсан боловч, кофе, цай уугаад л өнгөрсөн талаар хэлсэн юм. Тэгэхээр Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг өөрсдийн хийх ажлыг хэр чухал ач холбогдолтой вэ гэдгийг нэг л сайн ухаарч ойлгоогүй юм уу гэж ойлгохоор. Эсвэл их л завгүй хүмүүст давхар ажил оногдуулсан учраас ажил нь амжихгүй хуралдах ч завгүй гүйлдсэн байж болзошгүй юм.

Ингээд ажлын хэсэг байгуулсанаас хойш хоёр сар орчимын дараа "яг юу хийсэн бэ” гэсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр авч хэлэлцэх үеэр ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Дамба-очир албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Дээр хэлсэнчлэн үнэхээр завгүй, ажил ихтэй хүмүүсийг энэ ажлын хэсэгт томилчихсон бололтой. Тиймээс л ажлын хэсэг ахалж явахад хүндрэлтэй байна гэдгээ Д.Дамба-очир гишүүн илэрхийлж, албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Эсвэл Оюутолгойн гэрээг шалгах явцад Д.Дамба-очир гишүүнд элдэв шахалт, дарамт ирсэн юм болов уу. Ямартай ч ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажлын хэсгийг ахлахаар боллоо. Ингэснээр дэд ахлагчийн орон зай эзгүйрч УИХ дахь МАН-ын бүлгээс энэ орон тоонд хэнийг томилох вэ гэсэн асуудалтай тулгарч байна.

Ажлын хэсэг байгуулагдаад хоёр сар боллоо. Гэвч үндсэндээ энэ ажлын хэсэг бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахаас өөр дорвитой ажил хийж чадсангүй. Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг яг юу хийсэн бэ? гээд асуувал мөрөө хавчихаас өөр хариулт олдохгүй байна шүү дээ. Эндээс УИХ-ын гишүүд Оюутолгойн гэрээг шалгах хүсэл сонирхолгүй байна уу гэж харагдаж байна.

Ugluu.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.