“Хар тамхинд донтсон хүмүүсийг эмчлэх оновчтой арга бол цуглаан”


“Хар тамхинд донтсон хүмүүсийг эмчлэх оновчтой арга бол цуглаан”

 

Монгол Улс хар тамхины хэрэглээг Засгийн газрын төвшинд хэлэлцэж, энэ аюулаас ангижрах Үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. Хар тамхины аюулаас урьдчилан сэргийлэхээс гадна донтсон хүмүүсийг эмчлэх зайлшгүй шаардлагатай болохыг "Narcotics Anonymous” олон улсын байгууллагын сайн дурын ажилтан Joe ярьсан юм.

Тэрээр өөрөө хар тамхинд донтогч нэгэн байсан төдийгүй хорт зуршлаасаа ангижирсан аргаа бусад орны зовлон нэгт хүмүүст түгээн дэлгэрүүлдэг ажээ. Түүнийг энэ зорилгоор Монголд ирээд байхад нь ярилцлаа.

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Joe гэдэг. "Narcotics Anonymous” олон улсын байгууллагын сайн дурын ажилтан. Монголд донтолтын өвчинд нэрвэгдсэн хүмүүст туслах зорилгоор ирсэн. Би өнөөдрийг хүртэл архи болон хар тамхины төрлийн бодисоос хол 18 жил болж байна.

Миний харьяалагддаг "Narcotics Anonymous” байгууллага 1953 оны долоодугаар сард АНУ-ын Калифорнид нэгэн цуглаанаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоо дэлхийн 140 оронд долоо хоног бүр 70 гаруй мянган дэмжих бүлгийн уулзалт, цуглаан болдог. Бидний бичсэн ном хэвлэл, материал 83 хэл дээр орчуулагдсан.

-"Narcotics Anonymous” байгууллагын гол үйл ажиллагаа цуглаан гэсэн үг үү. Хар тамхинд донтсон хүмүүст энэ нь ямар тустай вэ?

-Тийм ээ, хар тамхинд донтсон хүмүүсийн цуглаан. Маш энгийн. Бид эмч нар биш, зөвлөгөө өгдөг хүмүүс ч биш. Бид өмнө нь донтолтын өвчинд нэрвэгдсэн хүмүүс. Одоо бол эдгэсэн. Бие биедээ туслах гэж хичээдэг. Цуглаанд хэн ч ирж болно. Шашин шүтлэг, ёс заншил, арьсны өнгө ялгаварлахгүй. Зөвхөн хар тамхи ч биш архи маш хортой донтуулагч. Энэ төрлийн донтолтоос яаж салж, ангижрах вэ гэдэгтэй ажилладаг хөтөлбөр.

Цуглаанд ирсэн хүмүүс нэгнийхээ зовлонг сайн ойлгодог. Нэг замыг туулаад ирсэн болохоор эвсэг болж чаддаг. Нэг ёсондоо дэмжих бүлэг гэсэн үг. Маш үр дүнтэй. Цуглаанд ирсэн хүмүүс бүгд л нэг статустай, дарга цэрэг гэж байдаггүй. Хар тамхи хэрэглэхгүйгээр яаж амьдрах вэ гэдгийг хүмүүсийн туршлагаар зааж өгдөг. Нэг өрөөнд суугаад л кофе, цай ууна. Ингэхдээ хар тамхины тухай огт ярилцдаггүй. Эдгэрэлт хэр явагдаж байна, амьдрал хэрхэн сайжирч байгааг л ярьдаг.

Нэг гишүүн маань"Хүнд өдөр байлаа, хар тамхи хэрэглэмээр байна” гэхэд "Бид чамайг маш сайн ойлгож байна. Ийм зовлонг туулаад өнгөрсөн, сайхан ярилцъя” гэдэг. Хөтөлбөр 12 алхмын хөтөлбөр дээр тулгуурладаг. Цэвэр амьдрах, яаж цэвэр байдлаа авч үлдэх вэ гэдгийг заадаг. Ямар асуудлаас болж мансууруулах бодисын хамааралд орсныг олж тогтоохыг хичээнэ.

-Хар тамхи хэрэглэдэг хүмүүсийг энгийн хүмүүсийн адилаар хүлээж авахад хүнд. Тэднээс жийрхдэг, эмээдэг хандлага байдаг?

-Олон хүн тэр тусмаа АНУ-д ч ялгаагүй. Хар тамхинд донтсон хүмүүсийг маш муу хүмүүс гэж үздэг. Хэзээ ч эдгэрэхгүй өвчтэй гэж боддог. Гэтэл донтсон хүмүүс муу хүмүүс биш, харин асуудалд орчихсон л хүмүүс. Жишээ нь манай гишүүд дунд энэ хөтөлбөрийн ачаар архи, мансууруулах бодис огт хэрэглэхгүй 50 гаруй жил цэвэр явж байгаа хүмүүс бий. Бидний анзаарсан зүйл гэвэл дэмжих бүлгэмд харьяалагдаад хамт байхгүй бол буцаад хуучин хүмүүстэй нийлээд хар тамхи хэрэглээд эхэлчихдэг. Тиймээс хар тамхи мансууруулах бодисоос ангид байж болдог. Гэхдээ ажиллахгүй бол буцаад оччихдог. Олон жилийн өмнө би нэг хүнтэй таарахад, тэр хүн надад "Би чамайг яаж зовж шаналж, юу туулж байгааг чинь мэдэж байна. Би яг чамтай адил донтолтын өвчинд нэрвэгдэж байсан.

Тиймээс чи үүнийг туршаад үзээч” гэж энэ хөтөлбөрийг танилцуулж байсан. Анх би цуглаанд очиход хүмүүс нь миний бүх зовлонг мэддэг, ижил бодолтой байсан. Тэр үед анх удаа л ганцаараа биш гэдгийг ойлгосон. Бид оюун санаа, хүнийг хайрлах талаар, энэрэнгүй нигүүлсэнгүй байхын төлөө ярилцдаг. Сая тантай уулзахаас өмнө СЭМҮТ-д 18 настай, донтолтын өвчинд нэрвэгдсэн хүүхэдтэй уулзлаа. Дахиж уулзана, амжиж уулзахгүй бол эмнэлгээс гараад хар тамхийг дахиад хэрэглэчих байх.

-"Narcotics Anonymous” байгууллагын санаачилсан цуглаан дэлхийн 140 оронд болдог гэж ойлголоо. Хар тамхинд донтсон хүмүүс нэгдэж уулзаад л өвчнөөсөө ангижрах боломжтой юу?

-Донтсон хүмүүс өвчнөөсөө салахын мөрөөсөл байдаг. Маш их зовдог. Зовлон, зорилго нэгтэй хүмүүс нэгдэж уулзах нь их үр дүнтэй. Тухайн орон, нийгэмд хар тамхи хэрэглэхээ, тараахаа больдог. Жишээ нь Хойд Африкийн нэг улсад таван жилийн өмнөөс цуглаан хийж эхэлсэн. Одоо бол долоо хоногт 100 гаруй цуглаан, уулзалт болдог. Бангладешт, цавуу үнэрлэдэг хүүхдүүдийн цуглаан болно. Афганистанд ч мөн адил. Дэлхийн хамгийн хаалттай орны нэг Иран гэхэд хэдхэн жилийн өмнө хар тамхинд живж байсан.

Иранд архи хориглодог учраас хар тамхи ихээр тархсан. Өвөө, аав, хүү гээд гэр бүлээрээ хэрэглэдэг. Эмэгтэйчүүд ч мөн адил. 10 жилийн өмнөөс Иранд донтсон хүмүүсийн уулзалт хийж эхэлснээс хойш одоо долоо хоног бүр 20 мянган уулзалт болдог болсон.Солонгост ч ийм уулзалт болдог. Уулзалт хөтөлбөрийн үр дүнд олон хүний амьдралыг өөрчилсөн. Нэг ёсондоо хүн өөрөө л өөрийнхөө амьдралыг өөрчилдөг.

-Олон улсад хар тамхины хэрэглээ ямар байгаа гэж та үздэг вэ?

-Дэлхийд донтолтын тархалт их байгаа. Улам л өргөжиж байна. Цуглаан бий болж цаашид хөгжиж явснаар улс орон, гэр бүл аврагдана, үндэстэн мөхөхөөс аврагдана. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр оюун санааны шинэ төвшинд хүрдэг. Сүнслэг болдог гэсэн үг. Манай цуглаан уулзалтад ганц л зүйл шаарддаг. Танд хар тамхинаас гаръя гэсэн хүсэл бий юү гэж. Энэ хөтөлбөр 65 жил амжилттай хэрэгжихийг харсан. Өнгөрсөн хугацаанд сая сая хүн донтолтын өвчнөөсөө ангижирч эрүүл явж байна.

-Манай улсын хувьд хар тамхины аюулыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Дэлхийн бүх газар яг л ийм байгаа. Хар тамхи нэг л эхэлчихвэл зогсдоггүй, улам өргөжөөд байдаг. Тиймээс бид донтсон хүмүүсийг яаж ийж байгаад л зогсоох хэрэгтэй болдог. Ямар нэг арга хэмжээ авахгүй бол улам доошоо явна, улам муудаад л байдаг. Би сүүлийн 10 гаруй жил Азийн орнуудаар явж байна. Мэдээж номер нэг хар тамхи бол архи. Хоёр дахь нь мөс болчихсон. Мэдээлэл аваад үзэхээр танай улсад хэрэглэгч олон байх шиг байна. Гэхдээ энэ нь ганцхан танай улсад тохиолдоод байгаа юм биш. АНУ-д бол хар тамхины эсрэг бодлого олон жил хэрэгжүүлсэн гэсэн ч тоог нь бууруулж чаддаггүй. Монголчууд америкуудын 30 жилийн өмнөх алдааг давтаад байна.

Зөвхөн урьдчилан сэргийлэх чиглэлд энэ ажил урагшилдаггүй. Хар тамхичид тамхиа олоод л гараад ирдэг. Одоо бидний эргэж харж, ойлгож байгаа ганц зүйл бол донтсон хүмүүсээ авч гарах. Миний харж байгаагаар Монголд иймэрхүү цуглаан уулзалт маш хэрэгтэй. Нийгэм ч үүнийг ойлгох хэрэгтэй. Бид эмчлэгддэг, эргээд энгийн хүн болж чаддаг юм. Хүмүүс хар тамхичдыг муугаар ярьдаг. Гэтэл яг өөрсдийн хүүхэд, ойр дотнынх нь хүн дээр асуудал тулаад ирэхэд л өвчтэй гэж хардаг. Би өмнө нь хогон дунд байгаа харх шиг л амьдарч байсан. Харин энэ хөтөлбөрийн хүчээр сайхан гэр бүлтэй, амьдралтай, ажил төрөлтэй болсон.

Биднийг уулзуулсан хөтөч залуу ярилцлагын төгсгөлд "Монгол Улсын хувьд урьдчилан сэргийлэх тал дээр анхаарлаа төвлөрүүлээд байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гарч гүйгээд л хар тамхи олчихдоггүй. Хар тамхи хэрэглэдэг хүмүүс л олно, түгээнэ, зарсан мөнгөөрөө дахин авна. Нэг ёсондоо манайх донтсон хүмүүсээ орхичихсон. Харин ч эсрэгээрээ барьж хорьдог. Хөл нь хугарчихсан хунийг бариад хорьчихвол тэр хуний өвчин эдгэрэхгүйтэй агаар нэг.

Хэрэглэдэг хүмүүсийг донтолтоос гаргана гэдэг хамгийн үр дүнтэй. Жил хагасын өмнө манайд ийм цуглаан болдог байсан. Хүмүүс ч сонирхож ирдэг байсан. Гэтэл хууль хүчнийхэн үзлэг шалгалт хийж сонирхож эхэлснээс хүмүүс цуглаанд ирэхээ больчихсон. Ингэлээ гээд бид улсаас ямар нэгэн зүйл хүсэхгүй байгаа. Зөвхөн бидэнд цуглаан хийх боломжийг олгооч. Цуглаан гэдэг вакцин л гэсэн уг” гэснээр бидний ярилцлага өндөрлөв.

Б.ЭНХЗАЯА


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.