ТОМЧУУД ТОГЛОЖ, ХҮҮХДҮҮД ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙНА


ТОМЧУУД ТОГЛОЖ, ХҮҮХДҮҮД ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙНАГудамжинд гуйлга гуйж, дуу дуулж, зах дээр тэрэг түрж яваа хүүхэд бидний нүдэнд төдийлөн өртөхөө байсан. Гэхдээ энэ нь хүүхдүүд хүнд хөдөлмөр эрхлэхээ байж, бүгд аз жаргалтай амьдарч байна гэсэн үг биш юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгааг манай улс гурван удаа хийжээ. Хамгийн сүүлд буюу 2012 оны судалгаагаар манай улсад 93 968 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэсэн тоо гарсан.

Тэдний 80.8 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, үлдсэн нь хот суурин газарт ажиллаж буй аж. Тэдгээр хүүхдийн 11.1 хувь буюу 10 398 нь аюултай ажил эрхэлж байна. Хурдан морь унах, хөлстэй болон хөлсгүйгээр айлд мал маллах, цемент зуурах, шил, цонхны үйлдвэр, барилга дээр ажиллах, алт болон бусад үнэт металл олборлох, гуйлга гуйх, машин угаах, зам дээр бараа, бүтээгдэхүүн зарах, ачаа зөөх, буулгах, хог түүх, нийтийн хоолны салбарт туслах ажил хийх, тэр ч бүү хэл, циркийн үзүүлбэр үзүүлэх зэрэг ажлыг хүүхдүүд эрхэлж буйг уг судалгаанд онцолжээ.

Олон улсын хүүхдийн байгууллагын 182 дугаар конвенцод "18 насанд хүрээгүй бүх хүнийг хүүхэд гэнэ” гэж тодорхойлсон. Тэгвэл ийм насанд хүрээгүй хүн хөдөлмөр эрхэлж болох уу. Ажилд авах насны доод хязгаарыг 15 гэж зааж, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аюултай ажил эрхлэх насны доод хязгаарыг 18 гэжээ. Тэгвэл манай улсад хөдөлмөрлөж буй хүүхдүүдийн 10 гаруй мянга нь аюултай ажил эрхэлж байна. 2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахын хориглосон ажлын байрны жагсаалтад дээр дурдсан ажлын ихэнх нь багтаж буй.

DSC_3797 Томчууд тоглож, ХҮҮХДҮҮД ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙНА

Тухайлбал, өөрийн төрсөн гэр бүл болон төрсөн ах, эгч, эмээ, өвөөгөөс бусад айлд амьдарч, мал маллах, гар аргаар алт, үнэт металл олборлох, ачаа өргөн зөөж, буулгах, уул уурхай, барилга дээр хөдөлмөрлөх, нийтийн тээврийн хэрэгслийн кондуктороор ажиллахыг хоригложээ. Мөн жил бүрийн арваннэгдүгээр сараас тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаанд морь унуулахыг хориглосон байдаг. Харамсалтай нь, эдгээр ажлыг бүгдийг нь хүүхэд хийж байна. Манай улсад хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой олон хууль, журам байдаг ч амьдрал дээр биеллээ олсон нь тун ховор. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтраад ч хүч хүрэхгүй байгаа хурдан морины хавар, намрын уралдаан хамгийн наад захын жишээ.

 

Тоос шороонд дарагдан, баячуудын зугаа болж, уралдах нэрээр мориноосоо унаж гэмтэн, амиа алдсан хүүхэд ч бий. Ганц жишээ хэлэхэд, өнгөрсөн онд Ховд аймгийн Дөргөн суманд гуравдугаар сард зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж, толгойгоо хүнд гэмтээн, 16 хоногийн дараа нас барсан билээ. Уралдааны үеэр бэртсэн хүүхдүүдийн олонх нь толгой, мөрөө гэмтээж, яс нь хугарч, хөлдөж, осгон, дотор эрхтэн нь доргиж, нүдний эвэрлэг бүрхүүл нь гэмтдэг аж. Хурдан морь унаж буй хүүхдүүдийн 64 хувь нь 13-аас доош насныхан.

Хурдан морины хавар, намрын уралдаанд 16 нас хүрээгүй хүүхдээр морь унуулахыг хориглосон тушаал нь байсаар атал, Засгийн газраас "Хүйтний улиралд морь уралдуулахгүй, 12 нас хүрээгүй хүүхэд хурдан морь унахыг хориглолоо” гэх зэрэг ажил хийсэн нэр зүүх гэж улайрдаг нь инээдэмтэй. Хүүхдийн аюултай хөдөлмөрийг зогсоох, бууруулах хүсэл, зориг эрх баригчдад байдаг бол эхлээд зөвшөөрсөн хугацаанаас бусад үед наадам зохион байгуулж, балчир үрсийг золиосолж буйг болиулах, барилга, уул уурхайд ажиллаж, 10 ч хүрээгүй наснаасаа айлын мал малладаг хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ аваасай.

Бидний эргэн тойронд 94 мянга орчим хүүхэд хөдөлмөр эрхэлж буйг дээр дурдсан. Зургаан жилийн дараа энэ тоо хэд болж нэмэгдсэнийг одоогоор хэлэх байгууллага алга. Хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгааг 2016 онд хийх байсан ч төсөв мөнгөгүйн улмаас чадаагүй аж. Харин энэ онд хийхээр төлөвлөж буй гэнэ. Насанд хүрэгчдийн адил ажиллаж байгаа тэдгээр хүүхдийн 54.1 хувь нь эрэгтэй, үлдсэн нь охид. Тэдний 18.8 хувийг 5-9, 14.5 хувийг 10-11, 30.8 хувийг 12-14, 35.9 хувийг 15-17 насныхан эзэлж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд 16 насанд хүрсэн хүн хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй гэж заасан.

Тиймээс хөдөлмөр эрхэлж буй хүүхэдтэй гэрээ байгуулах эрх зүйн орчин манай улсад байхгүй гэсэн үг. Тэд ажил олгогчийн өгснийг авч, олонх нь хоногийн хоолныхоо төлөө л хүүхэд насаа мартан зүтгэж буй. Эцэг, эх нь хөгжлийн бэрхшээлтэй, орлогын эх үүсвэргүй хүүхэд гэр бүлээ тэжээж, хүнд ажил хийхийг үгүйсгэхгүй. Гэвч судалгаанаас харахад ажил хийж буй хүүхдүүдийн дөнгөж 0.7 хувь нь өрхийн орлогоо дангаараа бүрдүүлж байна. Үүнээс үзэхэд хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд давхар өртөж байгаа юм. Хараа, хяналтгүй, амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд сурч боловсорч, эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадахгүй, бяцхан биедээ ахадсан ачаа үүрч явна. Ялангуяа бага насны охидын биеийг хүчээр үнэлүүлэх, саун, массажны газар ажиллуулж буй явдал гарсаар байна.

Дэлхий дээр 168 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж буй аж. Тэдний 21 саяыг нь албадан хөдөлмөрлүүлдэг гэнэ. Үүнтэй харьцуулахад манай улсад нөхцөл байдал арай дээр мэт боловч аюултай орчинд ажиллаж байгаа монгол хүүхдийн эрх ашиг, хамгааллын талаар хөндөхгүй өнгөрч боломгүй. Насанд хүрэгчдийн цөөнгүй нь цахим тоглоомд донтон, гэртээ гэдсээ илээд хэвтэж байна. 21-30 насны залуус PC тоглоомд донтох байдал Монголд гэлтгүй дэлхий нийтэд түгээмэл үзэгдэл болсныг хэвлэлд мэдээлж буй.

Тэдний 20 хувь нь л бага насны хүүхэд бол 36 хувь нь 30-65 насныхан гэнэ. Хэд хоног гэртээ ирээгүй нөхрөө эрэн сурвалжилж, цахим тоглоомын газраас олсон эхнэрүүд ч цөөнгүй юм билээ. Аргаа ядсандаа л эхнэрүүд нь "Архи ууж, буруу зүйл хийж яваа биш, долоо хоногтоо ганц, хоёр өдөр тоглог дээ” хэмээн сэтгэлээ тайвшруулдаг гэх. Гэтэл цахим тоглоо нь архи, тамхи мэт хүнийг дурлуулаад эцэст нь донтуулдаг гаж нөлөөтэй. Ид хийж бүтээх насныхны хөдөлмөрийн чадварыг алдагдуулдаг гэдэг. Энэ мэтээр томчууд тоглож суухад хүүхдүүд хөдөлмөрлөж, хөлсөө урсган, хүнд хүчир ажилд нухлуулж байна.

IMG_7982(1) Томчууд тоглож, ХҮҮХДҮҮД ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙНА

Тэдний 80 гаруй хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа учраас хотын бид мэдэхгүй, сонсохгүй өнгөрсөөр байгаа юм. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин айлд гурван жил мал малласан 13 настай хүү саяхан малдаа яваад сураггүй болсныг онцгойгийнхон эрэн сурвалжилсан. Тэр хүүгийн гэр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд байдаг гэх. Гэвч хүү Улаанбаатар хотоос олджээ. Хүү тэр айлаас яагаад явав, яагаад гэртээ харилгүй, хотод ирэв гэдэг асуултын хариу бүрхэг үлдэж байна. 10-хан настай хүү ганцаараа айлд очиж мал маллах нь бүү хэл, гэр бүлээрээ айлын мал хариулахад ч хүүхдүүдийг нь хүнд хөдөлмөр эрхэлдэг гэж олон улсад үздэг юм билээ. Гэвч энэ нь манай улсад байдаг л зүйл болсон нь харамсалтай.

Шүүхийн шийдвэрийн статистик мэдээнээс үзэхэд боолчлолын бүх хэлбэрт хүүхдийг ашиглахад хамаарах гэмт хэргээр 2015 онд долоо, 2016 онд нэг, хүүхдийг бэлгийн мөлжлөг, биеэ үнэлэх, садар самуунд ашиглахад хамаарах гэмт хэргээр 2015 онд 75, 2016 онд 65, хүүхдийг хууль бус үйл ажиллагаанд ашиглахтай хамаарах гэмт хэргээр 2015 онд 12, 2016 онд есөн хүнийг шийтгэжээ.

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тав хоногийн дараа тохионо. Энэ өдрийг бид цаасан дээрх олон хууль, тогтоомжоос өөр гарт баригдаж, нүдэнд харагдах ажилгүй угтах нь. Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад заасан ажлаас хэдийг нь хүүхэд хийж буйг дүгнэх цаг болжээ. Хэдийгээр "болохгүй” гэж хориглосон ч амьдрал дээр олон зуун хүүхэд хүнд хөдөлмөрт нухлуулж, хүүхэд насаа мартсан нь хайран.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.