Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн ахлах прокурор
Нийслэлийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор батлагдсан "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан I үе шатны төлөвлөгөө болон Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлэх 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмж, Үндэсний хорооны хурлын шийдвэр, Улсын ерөнхий прокурорын газрын 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор доорх ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Тухайлбал, хар тамхи, мансууруулах бодисын зохисгүй хэрэглээг багасгах, хэрэглэгч болон худалдан борлуулагч нар цуглардаг сэжигтэй байр байгууламжид цохилт өгөх. Тэдний хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор Нийслэлийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Тусгай ажиллагааны газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвтэй хамтран Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангаж байж болзошгүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг автомат мөрийтэй тоглоомын газруудад гэнэтийн шалгалт хийжээ.
Тус газраар үйлчлүүлж байсан 150 иргэнд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестийн сорилт тавьж, мөрийтэй тоглоомын газрын хууль бусаар олсон орлогыг хураан авч үйл ажиллагааг нь таслан зогсоох. Улсын хилээр агаарын замын боомт ашиглан хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлж байгаа үйлдлийг таслан зогсоох, хяналт шалгалтыг чангатгах зорилгоор Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газартай хамтран "Хил-2018” хэсэгчилсэн арга хэмжээг "Чингис Хаан” ОУ-ын нисэх буудлын зорчигч болон ачаа тээшинд тогтмол хийх, Шуудан илгээмж, карго ашиглан хууль бусаар улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлж байгаа үйлдлийг таслан зогсоох, ачаа тээшинд тавих хяналтыг чангатгах зорилгоор Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газар, Улс хоорондын шуудан илгээмжийн газартай хамтран "Карго-2018” хэсэгчилсэн арга хэмжээг "Монгол шуудан”, Буянт-Ухаа дахь "DHL” шуудан илгээмжийн гаалийн хяналтын бүсэд тогтмол зохион байгуулж байна.
Энэ төрлийн гэмт хэрэгт хорих ял шийтгэгдэн ял эдэлж байгаа ялтанд чиглэсэн хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлэх, хорих ял эдлүүлэх албаны алба хаагчдыг мэргэшүүлэх зорилгоор ШШГЕГ, Хорих ял эдлүүлэх алба, төвлөрсөн хорих ангийн удирдлагуудтай хамтран ялтнуудад чиглэсэн хяналт шалгалтын арга хэмжээг идэвхжүүлж, хар тамхины хор хөнөөлийг сурталчлах, хууль эрх зүйн мэдлэг олгох, ШШГЕГ-ын харьяа хорих 401, 405, 409, 421, 429, 461 ангийн 406 алба хаагчдад "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ойлголт, төрөл зүйл, сэжигтэй этгээдийн бие, эд зүйлд үзлэг, нэгжлэг хийх болон хойшлуулшгүй ажиллагааны үед анхаарах асуудал, хууль эрх зүйн орчин, энэ төрлийн эм, бодис хэрэглэсэн эсэхийг шинжлэгч анхан шатны тест ашиглах нь” сэдэвт сургалтыг шат дараатайгаар зохион байгуулж байна.
"Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1978 оны конвенцийн I, II дугаар жагсаалтад орсон зарим химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, ашиглах, устгах журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл бүхий 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газар, ил хорио цээрийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэстэй хамтран хяналт шалгалтын "Бодис- 2018’ хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
"Анданте” нэршилтэй эмийн зохисгүй хэрэглээг бууруулах чиглэлээр 2012 оноос хойш Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт эмийн зохисгүй хэрэглээ нэмэгдэж ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залуучуудын дунд мансуурах зорилгоор хууль бусаар олж авах. Бусдад зарж борлуулах, хуурамч эмийн жороор эмийн сангаас худалдан авч хамраар сорох, уух хэлбэрээр тунг хэтрүүлэн хэрэглэх явдал бүртгэгдэж эхэлсэн.
Иймд Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 68 дугаар тушаалаар батлагдсан "Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт”-д нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5-3 / Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн/, 20.7 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/ зүйл ангиар дээрх хэргийг зүйлчлэн шалгаж шийдвэрлэх, хууль эрх зүйн зохицуулалттай болгох зорилгоор "Анданте” нэршилтэй эмийн зохисгүй хэрэглээ, нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаарх танилцуулгыг боловсруулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХЗДХЯ-ны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /Үндэсний хороо/-д тус тус хүргүүлэн цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцон хамтран ажиллаж байна.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг сурталчлах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах чиглэлээр Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, их, дээд сургуулийн оюутан, багш нар болон зарим төрийн болон төрийн бус байгууллагуудад СЭМҮТ-ийн эмч нар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагч нар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуроруудтай хамтран "Сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисын хор хөнөөл”, "Хар тамхи, мансууруулах бодисын ойлголт, төрөл зүйл, нөхцөл байдал, анхаарах асуудал” "Мансууралгүй ирээдүй бидний сонголт” сэдэвт сургалтыг зохион байгуулж улмаар Монгол үндэсний радио Телевизээс зохион байгуулж буй "Цагаан тахал, Улаан гэрэл” аяны хүрээнд телевизийн нэвтрүүлэгт "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гадаад улсын ялын бодлого” сэдвээр, "КISS БМ-100.1” студид "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас ярилцлага өгч, мэдээлэл хийсэн.
Засгийн газрын 2017 оны "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2017, 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цагдаагийн байгууллагын хэрэгцээнд хар тамхи, мансууруулах бодис илрүүлэгч тандагч багаж худалдан авч, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийг хангах болон алба хаагчдыг сургаж, дадлагажуулах ажлыг шат дараалалтайгаар ХЗДХЯ, Сангийн яамтай хамтран зохион байгуулж, Хар тамхи, мансууруулах бодис тандан илрүүлэгч "Таrget ID” "НВI-120”, "SАВRЕ 5000”, "СТ-40”, "В-Scan 16НR-FВ” зэрэг төхөөрөмжийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс, хилийн боомт болон 21 аймгийн цагдаагийн газарт энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, хяналт шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр ашиглаж байна.
ХЗДХЯ, БОАЖЯ-тай хамтран улсын хэмжээнд зэрлэг байдлаар ургаж байгаа мансууруулах үйлчилгээтэй ургамлын тархцад хяналт тавих, устгах ажлыг шат дараатай зохион байгуулах, уг арга хэмжээнд орон нутгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ГХУСАЗСЗ болон Ажлын албадыг татан оролцуулах чиглэлээр хамтран ажиллах ажлын чиглэл хүргүүлэн ажиллаж байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 152 хүнд холбогдох 69 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажилласныг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хэрэг 30-аар буюу 76.9 хувиар, холбогдогч 65 хүнээр буюу 74.7 хувиар тус тус өссөн дүн гарч байгаа.
Дээрх гэмт хэргүүдийг илрүүлэх явцад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан Европын холбооны улсууд болон БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Эрээн хотоос хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэн тээвэрлэж, бусдад зарж борлуулдаг 10 бүлэг этгээдийн гэмт үйлдлийг таслан зогсоогоод байна.
2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт Шүүхээр нийт 52 хүнд ял шийтгүүлээд байгаа. Үүнээс 31 хүнд 1-7 жил хорих ял, нэг хүнд 5.5 сая төгрөгийн торгуулийн ял, 1 хүнд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 16 хүнд ногдуулсан ялыг тэнсэж, гурван хүнд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсэн байна.
Н.Амарсанаа
ЗУУНЫ МЭДЭЭ
Сэтгэгдэл