Алтангэрэлийн Ивээл нь 14 настай бөгөөд 2018 оны зургаадугаар сарын 13-ны 20.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тодруулбал, охин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт харьяалагдах Тахилтын дөрөвдүгээр буудалд байрлах гэрээсээ дэлгүүр орно гэж гараад одоог хүртэл сураггүй байна.
Нагац эгчээс нь охины талаар тодруулахад "Алга болсон өдөр нь хамгийн түрүүнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгүүлсэн. Гэвч цагдаагийн байгууллагаас дорвитой арга хэмжээ авч өгөхгүй болохоор фэйсбүүкт зар тавьсан. Одоогоор гудамж талбайд зургийг нь наагаад явж байна. Цагдаагийн байгууллагаас эрлийн баг гараад хайж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн сураг чимээ алга. Дүүгээ эсэн мэнд олдоосой гэж бодож сууна” гэв. Охин дундаж өндөртэй, том алаг нүдтэй, хүрэн бор чолктой үстэй гэнэ. Мөн гэрээсээ гарахдаа саарал өнгийн биеийн тамирын хослол, цагаан кет, хар савхин хүрэмтэй гарсан байна.
Охин Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд эмээгийнхээ хамтаар оршин суудаг байжээ. Энэ асуудлаар тус хорооноос тодруулахад "Манай хороонд бүртгэлтэй хүүхэд байсан юм билээ. Алга болсноос хойш, цагдаагийн хэлтэстэй хамтраад хайгуул хийж байгаа. Хэсгийн ахлагч цагдаа нар бусад дүүргийн бус нутгуудад охиныг зургаар нь хайж байна. Сураггүй алга болсон учраас эсэн мэнд байгаа эсэхийг нь мэдэхгүй. Хариуцсан байцаагчаас нь мэдээлэл аваарай” гэв. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр охиныг хайж байгаа ч өнөөдрийг хүртэл сураг гараагүй байна гэсэн хариултыг хэлэв. Хэрэв охиныг харсан хүн байвал дугаараар 102, 86000804, 96012476 холбогдоно уу.
Сэтгэгдэл