(Үзэг нэгт нөхдөдөө, дан ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажиллаж байгаа сэтгүүлчиддээ сэрэмжлүүлэх үүднээс үүнийг бичиж байна)
Намайг уул нь 56 жил "хар сүүдэр" дагасан юмсан. Мөрдөж мөшгөсөн, баривчилсан, асууж шүүсэн, нутаг зааж 10 жил зургаан сар хүнд хүчир хөдөлмөрт зүтгүүлэн, МАХН-аас гурав хөөж, гурван удаа эргүүлж авсан, хэвлэл шуудан, утас шөрмөсөөр бол бараг л өдөр бүр дарамталсан. Үнэн юм, тэр дундаа эрхэм дээдсийг шүүмжилсний дараа "Ална шүү" чиний амь нэг л сумны үнэтэй, "Чи миний машины дугуйны нөхөөс шүү"... гэх мэтээр заналхийлдэг тухай би түрүү "Барууны тэжээвэрүүд" номынхоо, II дэвтэрт тодорхой бичсэн. Төр солигдох болгонд л би, энэ заналхийлэл дарамтлал дуусах болов уу, үнэнийг зөвшөөрөх болов уу, намайг амар амгалан хэд хонуулаад нартаас буцаах болов уу гэж боддог байлаа. Үгүй юм байна. Сүүлийн үед "нууц ажиллагаа" улам идэвхжиж, зөвхөн надад төдийгүй, гэр бүл, үр хүүхдүүдэд маань хүнд тусч байгаа учраас, үзэг нэгт нөхдөдөө анхааруулж сэрэмжлүүлэх хэрэгтэй боллоо. Бүгдийг бичвэл бүхэл бүтэн ном болно. Сүүлийн үед тохиолдож байгаа зүйлээс зөвхөн гурван баримт авч байна.
1. Одоогоос гурав дөрвөн сарын өмнө юм даа. Хөгшин бид хоёр гэртээ байлаа. Хөгшин маань галын өрөөнд хэн нэгэн хүнтэй яриад байхаар очсон чинь, архи үнэртүүлчихсэн дөч эргэм насны залуу дэргэдээ ногоон үүргэвч тавьчихсан сууж байна. Манай хөгшин хаалга онгойлгож өгсөн чинь "Танай хүүгийн найз нь байна" гэж нэрээр нь хэлээд тэр залуу орж ирсэн гэнэ. "Хүү эзгүй байна" гэсэн чинь "Би нэг бэлэн гоймон идчихээд гаръя. Халуун цай юм уу, ус өгөөч" гэж. Хөгшин буцалсан халуун ус өгсөн чинь галын өрөөнд тухлаад хоолоо идэж байгаа нь тэр юмсанж. Миний нүдэнд нэг л зэвүүн байрын залуу харагдлаа. Олон ч юм ярьж амжаагүй байтал гаднаас хүү ороод ирлээ. Тэр хоёр мэндийн зөрөөгүй бие биенээ ажиглаж байснаа хүү "Энэ юун хүн юм" гэлээ. Хөгшин "Чиний найз л гэсэн шүү дээ" гэтэл өнөөх залуу үүргэвчээ шүүрч аваад санд мэнд зугтааж гарах нь тэр. Хүү, тэр хүнийг огт танихгүй хүн байна гэсэн. Гаднаас хүү маань орж ирээгүй бол бид хоёрыг яах ч байсан юм, бүү мэд.
2. Миний хөл өвдгөөрөө өвдөж хазгардуу явдгийг та нар мэднэ дээ. Нэг өдөр гэрийнхээ ойролцоо явж байтал манай хөрш хурандаа Өлзий таарлаа. Бид олон жил нэг дүүрэг, хороонд амьдарч танил болсон хүмүүс. Өлзий надтай уулзангуут "Өвдөг чинь өвдсөөр л байна уу. Нэг буянтай доктор байна. Миний өвдгөнд ганцхан тариа хийгээд л зүгээр болгочихлоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа эмнэлгийн дарга байсан, ардын уламжлалт эмчилгээгээр Хятадад докторын зэрэг хамгаалсан, хурандаа цолтой эмэгтэй байна" гэж хууч хөөрлөө. Тэгээд хоёул энэ буянтны тухай яриад салж явсан сан. Маргааш нь Өлзий маань өнөөх эмчээ дагуулаад хүрч ирлээ. Өлзий ч хаалганы тэндээс буцаж, эмч эмэгтэй яриа дэлгэн тухаллаа. Оюунгэрэл гэдэг жар орчим насны болов уу гэмээр сайхан зантай эмэгтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын (хорихын) эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан, Хятадад уламжпалт анагаах ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, хурандаа цолтой хүн гэж өөрийгөө танилцууллаа. Би ч удаахан явахаар өвдөгөөр өвддөг, биеэр юм туурч загатнадаг зовиураа хэллээ. Эмч маань судас барьж үзээд, настай хүнд байдаг хэдэн өвчнийг хэлж байна. Цусны даралт ихэсдэг, тархины судас хатуурсан, ходоод гэдэсний архаг үрэвсэл... гэхчлэн онош тавиад "амархан зүгээр болно оо" гэж намайг тайвшруулахаа ч мартаагүй. Ингээд шууд дусал залгасан. Урьдаар хордлого тайлна гэж байгаа. Нэг удаагийн дусалдаа дөрвөн янзын тариа хийж байлаа. Зарим нь их халуун оргино. Зарим нь толгой өвтгөж, дотор муухайруулна. Хэлэхээр "Зүгээр ээ өвчнийг нь хөдөлгөж байгаа юм" гэнэ. Хоёр өдөр ийм дусал хийлээ. Өвчин намдсангүй, харин нойр хүрэхээ болилоо. Гурав дахь хоног дээр, хоёр өвдгөнд хоёр, хоёр тариа хийлээ. Хятад бичигтэй, жижиг цагаан тариа л хийгээд байгаа. Дөрөв дэх өдрийн өглөө ирж, арай илүү өвддөг баруун өвдгөнд өнөөх хоёр тариагаа хийгээд явлаа.
Оюунгэрэл эмч маань үдээс хойхно эргэж ирэхдээ хоёр литрийн том саванд өвс ургамал чанаад авчирч өглөө. Биеэр юм туурч загатнадагийг анагаах шингэн гэнэ. Би уухгүй гэлээ. Ямар ч өвс ургамал юм, сөрөг нөлөө үзүүлвэл яах юм гээд уусангүй. Эмч маань "Заавал уу. Уухгүй бол өвчин чинь эдгэхгүй. Иж бүрэн эмчилгээ хийж байгаа юм" гэж намайг ятгалаа. Бид хоёр маргалдаж муудлаа. Надаас эмчилгээний төлбөр гэж 260 мянган төгрөг бэлдүүлсэн байсан юм. Түүнээсээ 100 мянгыг нь аваад, үлдсэнийг нь буцааж өгчихөөд санд мэнд алга болох нь тэр. Багаажиндаа эм тариа ачсан цагаан машинаа унаад л явж өгсөн дөө. Эргэж ирээгүй. Эмч хүн чинь өвчтөнөө бие чинь яаж байна гэж эргэж нэг асуудаг даа. Уураа гарахаар Оюунгэрэл эмч маань над руу ярих байх гэж олон хоног хүлээсэн. Ярьсангүй. Миний өвчин ч хэвээрээ, харин ч өвдөгний өвчин улам нэмэгдсэн. Арга тасраад шингэн барагшун нэг сар уусан чинь биеэр юм туурч загатнадаг өвчин зүгээр боллоо. УИХ-ын гишүүн, хуурай дүү маань Германд захиж ирүүлээд өвдгөнд нэг тариа хийсэн чинь гайгүй болсон.
3. Энэ явдлаас хэд хоногийн дараа үл таних эмэгтэй хүн байнга утсаар дарамтлах болов. "Таныг телевизээр ярьж байхыг харсан. Их үнэн зүйл ярьж байна билээ. Би танд чухал мэдээлэл өгөх гэсэн юм. Та манайд хүрээд ир гэж шавдуулах болов. Нэр хаягаа хэлсэнгүй. Нөхөр нь өдөртөө ажилд явчихдаг, ганцаараа гэртээ байдаг, гарч явж чадахгүй өвчтэй хүн гэж өөрийгөө танилцуулсан. Би ийм "урилга"-нд очдоггүй хүн л дээ. Цаана нь юу ч байж мэднэ. Би "Ажил амжихгүй байна. Очиж чадахгүй нь ээ" гэсээр арваад хонотол намайг дарамталж эхлэсэн. Зөвхөн тавдугаар дугаар сарын 26-ны орой гэхэд л 99761937 номерын утаснаас долоон удаа, 88042509 номерийн утаснаас гурван удаа залгаж "Өө муу хөгшин зөнөг, худалч амьтан байж л дээ" гэхчлэн этгээд муу үгээр доромжилж дарамталлаа. Ийм байнгын дарамтан дунд би тэвчээртэй суугаад байж байдаг юм аа гэхэд, гэр бүл, үр хүүхдүүдэд маань хэцүү юм. Энэ тухай би хууль хяналтын байгууллагын нөхөдтэйгөө зөвлөлөе. Тэд "Цагдаа, хуулийнханд ханд. Наадуулын чинь ард том сүлжээ байхыг үгүйсгэхгүй. Цаад эздийг нь илэртэл сайн шалгуул" гэж зөвлөдөг юм байна. Ингээд би Цагдаагийн ерөнхий газрын дарга хурандаа Б.Баатаржавын гарт нь гэж хаяглаад өргөдөл гомдлоо өгсөн юм. Би, цагдаа хуулийн байгууллагын ажлыг 54 жил сурвалжилж, сурталчилж байгаа сэтгүүлчийн хувьд, ийм л үед бэрхшээл зовлонгоо хуваалцана гэж бодсон юм. Хурандаа Б.Баатаржав маш хурдан арга хэмжээ авсан байна билээ. Үүнээс хэд хоногийн дараа Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ажилтан Д.Хосбаяр гэж залуу манайд ирж надаас цаг гаруй тайлбар авсан. Ингээд таг чиг байтал нэг өдөр Мөрдөн байцаах газраас утасдаж "Нөгөө тариа хийсэн хүн чинь сувилагч л бололтой юм билээ. Утсаар дарамталсан эмэгтэй чинь, сэтгэл мэдрэлийн өвчтэй юм гэсэн. Танд прокурорын хариу өгөх байх" гэлээ. Прокурорын хариуг нь хүлээж байтал зургадугаар сарын 22-нд Баянгол дүүргийн прокуророос нэг хүн утсаар ярьж байна. "Та цагдаад гомдол гаргасан юм билээ. Хянан үзээд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан шүү" гэдэг байгаа. Би албан ёсны хариуг бичгээр авна гэж хөөцөлдөөд прокурорт очиж, нөгөө хариуг хуулбарлаж авснаа бүрэн эхээр нь толилуулж байна.
"Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир би Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Хосбаяр нь иргэн Г.Жамьянаас гаргасан "Утсаар хүн доромжилж заналхийлсэн" гэх Г3783 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол (мэдээлэл)-ийг шалгаад 2018 оны зургадугаар сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай санал гарган прокурорт ирүүлснийг 2018 оны зургадугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад олсон нь: Иргэн Г.Жамьянд 2018 оны зургадугаар сард үл таних хүн өвдөг эмчлэх тариа хийсэн. Мөн 2018 оны тавдугаар сард үл таних эмэгтэй хүн утсаар ярьж доромжилж заналхийлсэн гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгахад гэрч Ц.Соёлцэцэг мэдүүлэхдээ: "Утсаар яриад, нэвтрүүлэг бэлтгэхэд туслаад өг" гэсэн чинь "За" гэчихэээд дараа нь амжихгүй гэхээр нь "Та юу ч чаддаггүй сонин ааштай хүн байна" гээд утсаа тасалсан, гомдол гаргасан Г.Жамьяныг (82 настай) гэрчээр асуухад "би өөрөө их сонсгол муутай хүн байгаа" нь гэмт хэргийн шинжгүй хэрэг бүртгэлийн хэрэг нээх үндэслэлгүй байх тул Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн удирдлага болгон тоггоох нь:
1. Иргэн Г.Жамьянаас гаргасан "Утсаар хүн доромжилж заналхийлсэн" гэх Г3783 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол (мэдээлэл)-д хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсугай.
2. Энэ талаар гомдол (мэдээлэл) гаргагч Г.Жамьянд мэдэгдсүгэй.
Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Н.Ням-Очир" гэжээ.
Миний яриад байгаа, эдний шалгаад байгаа хоёр чинь өдөр, шөнө шиг зөрүүтэй байгаа биз дээ. Энэ албан бичиг нь алдаатай, утга авцалдаагүй, хачин юм байгаа. Цагдаа прокурор хоёрын аль нь ийм "жүжиг" найруулсан юм бүү мэд. Хоёул хамтарч найруулсан ч юм уу?! Бүр болиод намайг гүжирдчихэж. Хосбаяр эхлээд надаас тайлбар л авсан. Дахиж уулзаагүй. Гэрчийн мэдүүлэг гэж аваагүй. Тэгсэн чинь гэрчийн мэдүүлэг авахад нь "Би өөрөө их сонсгол муутай хүн байгаа" гээд хэрэг бүртгэлийг нээлгээгүй мэт бичжээ. Миний сонсголыг асуугаагүй. Миний чих сонсголыг гайгүй л гэдэг юм. Энэ хоёр нууц ажиллагаа чинь хоёул тусдаа, аль аль нь гэмт хэргийн чанартай, эрүүгийн хуульд зүйлчлэгдсэн зүйл. Машинд эм тариа аччихаад хуурамч нэр хаяг хэрэглэн "эмчилгээ" хийгээд яваа хүн гэмт этгээд биш үү. Хүнийг үргэлж утсаар дарамтлаад "Ир" гэж шаардаад байгаа огт танихгүй хүний амаар хэрэг явдлыг шийдэж болдог юм уу? Хамгийн ноцтой нь Монголд 4000 сэтгүүлч байхад заавал надад "чухал мэдээлэл өгнө"гэж дарамтлаад байгаа юм. Гол нь энэ нууц ажиллагаануудын цаана хэн байгааг би мэдэж арга хэмжээ авахуулъя л гэж цагдаадаа хандсан юм. Тэгтэл цагдаа, прокурор хоёрын байгаа царайг. Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн намайг дарамтлаад байгаа бол сэтгэцийн эмнэлгээр шалгуулж тогтоогоод өгөөч гэсэн юм. Ер нь тусгай албанд чинь аливаа нууц ажиллагааг согтуу, гэр оронгүй, траншейны, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсээр хийлгэдэг шүү дээ. Та нар санаж байгаа байх. Тэр жил Г.Уянга тэргүүтэй ард түмний амлалт нэхэх хөдөлгөөнийхөн Д.Сүхбаатарын талбайд гэр бариад улс төрийн суулт хийж байтал шөнө дөлөөр нэг том машин талбай дундуур давхиад гэрийг нь очоод дайрчихсан. Азаар хүний амь эрсдээгүй. Тэгээд шалгасан чинь машины жолооч нь сэтгэл мэдрэлийн өвчтэй болоод, хэрэг хүлээх чадваргүй гээд л өнгөрсөн дөө. Энэ бол сонгодог арга нь?!
Миний хувьд, зөвхөн сэтгэл мэдрэлийн өвчтэй ч юмуу нэг хүүхэн, нэг зальтай "доктор хурандаа"-тай хөөцөлдөөд байгаа юм биш. Намайг заналхийлдэг, дарамталдаг, хорлох гэдэг энэ хүмүүсийн ард ямар мафийн бүлэглэлийн "урт гар" унжиж байгааг л мэдэх гээд, тэр багтай нүүрийг нь харах гээд байгаа юм. Баянгол дүүргийн цагдаагийн мөрдөн байцаагч Д.Хосбаяр хяналтын прокурор Н.Ням-Очир гэх хоёр хүн, миний өргөдөл гомдлыг хэрэгсэхгүй болгочихлоо. Иргэн надад хардах эрх бий.
1. Шалгалтын явцад дээрээс "том хүн" холбогдчихоод хүчин мөхөсдөж, ингэсхийгээд өнгөрөөе гэж бодов уу?
2. Нууц ноёнтон нь шалгах ажиллагаанд ил, далд ямар нэг байдлаар нелөөлөв үү?
3. Намайг "эмчилсэн", утсаар дарамталсан хүмүүсийн аль нэг нь цагдаа хуулийнхны их дотно, гэр бүлийн харьцаатай ч юмуу, ер нь нарийн шалгаж болохгүй хүн байгаад, толгойг нь илэв үү?
4. Их мөнгөний, авлигын чанартай зүйл энэ хооронд хавчуулагдав уу?
Жамьян гуай нь янз бүрээр л бодож сууна. Үнэнийг хэлсэн, үнэнийг бичсэнийхээ төлөө байнга ийм дарамт заналхийлэл дор амьдрах чинь хэцүү байна. Баянгол дүүргийн цагдаа хуулийнхан надад ингэж хандаж байгаа ч, шударга мөрдөгч, шударга прокурор над олдоно оо. Би, энэ бусармаг явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ. Ямар байдлаар ч дарамталж тохуурхсан "ганц сумны үнэтэй" амь минь бэлэн л байгаа.
Би эцэст нь үзэг нэгт нөхдөдөө, дан ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажиллаж байгаа сэтгүүлчиддээ сонор сэрэмжтэй бай гэж захих гэсэн юм. Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг "Чамайг оронд чинь алж чадна шүү" гэж заналхийлснийг та нар мэдэж байгаа. Одоо чинь хүний амь, бөөс алахаас хялбар болчихсон байна. Гадаадын зарим оронд, сэтгүүлчид "амьдын гэрээслэл" бичиж үлдээдэг юм билээ. Өөрийгөө хорлох магадлалтай хүмүүсийн нэрийг тодорхой бичээд хуулийн байгууллагын итгэлтэй хүндээ нууцаар хадгалуулдаг юм. Олон жилийн өмнө талийгаач сэтгүүлч Б.Дашрэнцэн бид хоёр "амьдын гэрээслэл" бичин хэд хэдэн хүнд хадгалуулж билээ. Энэ чухал юм шүү. Чамайг, намайг хорлох хүн, хэзээ ч, ямар ч баг өмсөөд хүрч ирэхийг байг гэх газаргүй. Болгоотугай.
(МУСГЗ) Г.Жамьян
Сэтгэгдэл