Төрийн албаныхныг түлхсэн нөхөн сонгууль


 

Төрийн албаныхныг түлхсэн нөхөн сонгуульСЕХ-ноос ирүүлсэн саналын дагуу УИХ-ын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж, хаврын чуулганы төгсгөлд баталсан. Ингэснээр УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнийг сонгох сонгуулийг албан ёсоор зарлав. Нэр дэвшигчид ч эхнээсээ тодорч эхэллээ. Албан ёсоор зарлаагүй ч, нэр дэвших магадлалтай, шаанстай эсвэл өөрөө сонирхолтой байгаа хэд хэдэн эрхэм Хэнтийн тойргийгтойглож, судлаад эхэлсэн сурагтай. Гэвч энэ нөхөн сонгуульд төрийн албаныхан нэр дэвших эрхгүй болж байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн 125.5-д "төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байна. Сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна” гэсэн заалт буй. Үндсэндээ энэ заалтын дагуу дээрх албан тушаалыг хашиж буй иргэд энэ нөхөн сонгуульд нэр дэвших эрхгүй болох юм.

Энэ нь үндсэн хуульд заасан иргэний сонгогдох эрхийг зөрчиж байгаа. УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороогоор 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг тогтоохоор хэлэлцэж байхад энэ асуудлыг Д.Лүндээжанцан гишүүн хөндсөн боловч СЕХ тоймтой тайлбар хийгээгүй юм. УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед ч гэсэн хүний эрхтэй холбоотой уг асуудлыг цухас дурдаад, ойшоож үзээгүй. Үнэндээ нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол үндсэн хууль зөрчиж буйг гишүүд мэдсэн боловч нүдээ аниад баталчихсан. Парламентын түүхэнд нөхөн сонгуулийг ийм байдлаар гэнэт зарлаж, хэн нэгэнд ялгавар тогтоолгүй нэр дэвшүүлэн нөхчихөж болж байсан. Харин энэ удаагийнх өмнөхөөс өөр гэдгийг мэдсэн ч авч хэлэлцсэнгүй. Энэ эс үйлдэхүй нь сонгох, сонгогдох эрхийг хуулиар олгосон үндсэн хуулийн зарчмаас далийгаад явчихлаа. Уг нь 2015 онд Сонгуулийн тухай хуулийг батлахдаа "ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигч сонгуулийн жилийн эхэнд төрийн албан тушаалаасаа татгалзана” гэсэн заалтыг нөхөн сонгуульд хамаарахгүй гэж тодотгоод өгчихсөн бол зүйд нийцэх байлаа. Харамсалтай нь, ялгаж салгасан заалт байхгүйгээс энэ удаагийн хохирогч нь төрийн албан хаагчид болж байна. "Бушуу туулай борвиндоо баастай” гэгчээр УИХ-ын яаран баталсан уг тогтоол том маргааны суурийг тавиад зогсохгүй нөхөн сонгуулийг ч хүчингүй болгох магадлалтай. Үүнийг цаашид өрнөх үйл явцаар тайлбарлаж болно.

Цэц маргаан үүсгэвч нэгэнт зарлагдсан сонгуулийг зогсоох эрх СЕХ-нд байхгүй

Төрийн албан хаагч Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшвэл СЕХ Сонгуулийн тухай хуулийн 125.5-д заасан шаардлагыг баримталж бүртгэхээс татгалзана. Сонгуулийн байгууллага хуульд заасан үүргээ л хэрэгжүүлж байгаа болохоор тэднийг буруутгах аргагүй. Харин сонгогдох эрх нь зөрчигдсөн иргэн УИХ-ын баталсан тогтоол үндсэн хууль зөрчсөн гэдгээр цэцэд хандах үндэслэлтэй. Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн дөрөвдүгээр зүйлд хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлах, гадуурхахыг хориглосон заалт бий. Мөн бүлгийн 16 дугаар зүйлийн есөд "18 нас хүрсэн иргэн төрийг удирдах хэрэгт шууд сонгогдох эрхтэй” гэж тодорхой заачихсан. УИХ-ын тогтоол үндсэн хууль зөрчсөнийг энгийн ойлголтоор нотолчих энэ хоёр заалтыг бариад буучихад үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх нь дамжиггүй. Харин цэц маргааныг хэр сунжруулахаас шалтгаалж, нөхөн сонгууль хэдий хүртэл гацах нь тодорхойгүй болно. Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг цэцийн гишүүн 14 хоногийн хугацаанд шалгах учиртай. Мөн хуралдаанд бэлтгэх хуулийн 30 хоногийг хүлээсээр байтал санал хураалтын өдөр хаяанд тулах нь. Хэдий цэцэд маргаан үүссэн ч нэгэнт зарлагдсан сонгуулийг зогсоох эрх СЕХ-нд байхгүй.

Тэгээд ч хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг санал хураах өдрөөс 37 хоногийн өмнө бүртгэх учир намрын халуун өдрүүд хүртэл СЕХ чих амар суух биз. Харин нэр дэвшүүлэлт эхэлмэгц төрийн албан хаагч, хурган дарга нарын эрх зөрчигдсөн асуудал шуугиан тарьж мэдэх юм. Найр наадам цэгцэрч, нийгмийн анхаарал нөхөн сонгууль тийш хандах учир бүр ч түрэлт нэмэгдэнэ. Улмаар үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр УИХ буруутай нь тогтоогдвол ээлжит бус чуулган зарлаж, сонгуулийг зогсоох нь магад. Хэрэв цэцийн дүгнэлтийг намрын чуулганы эхэнд хэлэлцэхээр болвол "үйл лайгаа” хойшлуулснаас өөрцгүй. Тэр хооронд нөхөн сонгууль болдгоороо болж, суудалд залрах нэгэн тодорчихно. Харин үүний дараа парламент чихнээс хонх уясан тогтоолынхоо горыг амсаж мэднэ. Үндсэн хууль зөрчсөн тогтоолоор явагдсан сонгууль, түүгээр УИХ-ын гишүүн болсон этгээд эрх зүйн чадамжтай байх уу гэсэн асуулт мэдээж тулгарна. Хариулт нь бараг тодорхой байгаа маргааныг тааварлах нь бүү хэл дүгнэх ч шаардлага алга. Үүн дээр нэмэгдээд ялагдсан талын өширхөл маргаанд "гал” нэмэхийг ч үгүйсгэхгүй. Эцсийн дүндээ УИХ хүний эрхийг илт зөрчсөн үндсэн хуулийн дүгнэлтийг хүлээж аваад нөхөн сонгуульд зарцуулсан 228 сая төгрөгийг салхинд хийсгэсэн буруутнаар тодрох вий. Ийм дүр зураг намрын халуун өдрүүдийн тэртээгээс үнэртэж байна.

П.Батбөх

Засгийн газрын мэдээ




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.