Улиастайд үерийн улмаас авто зам эвдэрч, гүүр нуржээ


Улиастайд үерийн улмаас авто зам эвдэрч, гүүр нуржээ

Улиастай суманд долдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд орсон аадар борооны улмаас хэд хэдэн газарт үер буужээ. Тухайлбал долдугаар сарын 4-ны өдрийн аадар борооны улмаас Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт үер бууж Богдын голын усан цахилгаан станцын харьяа дизель станцын хаягдал тос /маслын/ тогоо усаар дүүрч Богдын гол руу урсаж аюултай нөхцөл байдал үүссэн байна.
Энэхүү дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар энэ сарын 4-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч холбогдох албаныхан шуурхай ажиллаж үерийн голдирлыг өөрчилсөн байна. Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Цагдаагийн газрын таван алба хаагч, Мэргэжлийн хяналтын газар, Хот тохижилтын газар, Алтай-Улиастай эрчим хүчний газар, иргэдийн хамтарсан 66 хүний бүрэлдэхүүнтэй баг, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Энэ үеэр үерийн бохир усанд автсан гурван айлыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Түүнчлэн энэ өдөр Улиастайгаас Говь-Алтай чиглэлийн улсын чанартай А-1103 дугаартай автозамын модон гүүр унаж автомашин зорчих аргагүй болсоныг түр зам гаргаж автомашиныг саадгүй зорчдог болгоод байна. Мөн долдугаар сарын 5-ний өдрийн 14.00-15.00 цагт орсон аадар борооны улмаас Улиастай сумын Чигэстэй, Жаргалант багт үер бууж хатуу хучилттай зам үерт автаж, үерийн далан, шуудуу эвдэрчээ.

Энэ үеэр Чигэстэй голын эргээр зусландаа буусан хоёр айл, зургаан хүн үерт боогдсон, нийт 37 айл өрх, нэг үйлчилгээний газар үерт автсаныг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар болон холбогдох албаны 60 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж аврах ажиллагаа явуулжээ. Энэ удаагийн аадар бороо нь нийт нутгийн хуурайшилтын үед орсон уруйн үер юм. Тиймээс голын сав болон эрэг дагуу суурьшиж зусч буй, аялал зугаалгаар явж буй иргэдийг үерусны аюулаас болгоомжилж, бага насны хуүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол руу явуулахгүй байх, голын эрэг орчмын газарт тоглуулахгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлалгүй, голд сэлэхдээ болгоомжтой байхыг Онцгой байдлын газраас зөвлөж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.