Хар тамхитай тэмцэх чиглэлээр хамтран ажиллана


Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр НҮБ-ын Олон улсын Мансууруулах бодисын хяналтын зөвлөлийн Тэргүүн дэд дарга Вэй Хао, тус зөвлөлийн Нарийн бичгийн даргын газрын ажилтан Татъяана Жехл нарыг хүлээн авч уулзлаа.

 

Хар тамхитай тэмцэх чиглэлээр хамтран ажиллана

Уулзалтын эхэнд дэд сайд Б.Энхбаяр, "НҮБ-ын Олон улсын Мансууруулах бодисын хяналтын зөвлөлөөс Монголд анх удаа өндөр дээд хэмжээний зочин ирж байгаад баяртай байна. Бидний хувьд хар тамхи, мансууруулах бодисын эргэлттэй тэмцэх асуудал тэргүүн эгнээнд сэтгэл зовоож байгаа асуудал. Гурван сая 200 мянган хүн амтай Монголд иргэдийн дийлэнх нь залуучууд. Залуучууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдсон хэрэг сүүлийн жилүүдэд анхаарал татахуйц нэмэгдэж байгаад төрөөс анхаарахаас аргагүй. Олон улс энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж, иргэдээ ямар байдлаар эрсдлээс хамгаалж байгаа талаарх зөвлөмж, арга зүйн удирдамж бидэнд чухал байна. Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллах хүмүүсээ бид сургаж, дадлагажуулах шаардлагатай байна. Монгол Улс БНХАУ болон ОХУ гэсэн хоёр том улстай хиллэдэг учраас мансууруулах бодис энэ чиглэлээс л орж ирнэ. Тэр утгаараа хоёр хөршийнхөө хууль сахиулах байгууллагуудтай бүс нутгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чухал шаардлагатай. Монгол Улс Хар тамхитай тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Энэ хүрээнд хар тамхи, мансууруулах бодисын аюул заналаас иргэдээ хамгаалахын тулд бид олон улсын байгууллагаас туслалцаа, дэмжлэг хүсч байна. Монгол Улстай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар та анхаарч өгнө үү” гэлээ.

 

  Ноён Вэй Хао, "Би Монголд ирээд Эрүүл мэндийн яам, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагуудтай уулзалт хийсэн. Хар тамхитай холбоотой гэмт хэрэг Монгол Улсад өсч байгаа гэсэн мэдээлэл авсан. Энэ төрлийн гэмт хэрэг шинэ төрлийнх учраас тусгайлан бэлтгэсэн хүмүүс ажиллах ёстой. Хар тамхи хэрэглэсэн хүмүүсийг эмчлэх чухал. Хар тамхи хэрэглэсэн хүнийг өөр төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлсэн хүмүүстэй хамт хорих нь асуудал үүсгэдэг. Би Олон улсын Мансууруулах бодисын хяналтын зөвлөлд орохоосоо өмнө хар тамхинд донтсон хүмүүсийг эмчлэх, сэтгэл зүйг нь засах чиглэлээр ажиллаж байсан хүн. Хар тамхийг нэг удаа хэрэглэх нь тархинд дахин давтах хүсэл өдөөдөг эмгэг үүсгэдэг. Манай БНХАУ хар тамхитай гурван төрлөөр тэмцэж байна. Эхнийх нь, нийгэм рүү чиглэсэн ажил. Энэ нь гэмт хэрэг гарахаас болон ХДХВ тарахаас сэргийлэх чухал ажил. Хоёр дахь нь, хар тамхи хэрэглэдэг хүмүүст сайн дураараа эмчилгээнд хамрагдах боломжийг олгох. Гурав дахь нь, удаа дараа хар тамхи хэрэглэж байгаа хүмүүсийг хоёр жил хүртэлх хугацаагаар албадан эмчилгээнд хамруулж байна. Албадан эмчилгээг олон улсад хүний эрхэнд халдсан зохицуулалт гэж үздэг. Би эмч хүнийхээ хувьд сайн дурын эмчилгээг дэмждэг. БНХАУ хар тамхи хэрэглэсэн хүнд цаазын ял оноох явдал маш ховор” гэв.

 

 

Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Олон улсын Мансууруулах бодисын хяналтын зөвлөлийн Тэргүүн дэд дарга Вэй Хао, "Танай улсын нөхцөл байдал 10 жилийн өмнөх БНХАУ-тай адил байна. Тухайн үед Хятад улс мансуурсан иргэдээ эмчлэх, хорихоос өөр үр дүнтэй аргаар аврах чиглэлээр туршлага дутуу байсан. Тийм учраас мансуурсан иргэдийг эмчилгээгүйгээр хорьдог байсан. Одоо өөрчлөлт гарч, БНХАУ хууль сахиулах байгууллагадаа эрүүл мэндийн суурьтай хүмүүсийг бэлтгэж байгаа. Сайн дураараа эмчилгээнд хамруулах төвүүд болон албадан эмчлэх төвүүдийн харилцааг хөгжүүлж байгаа. Албадан эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийг нийгэмд гарахад нь цагдаагийн байгууллага хяналтаа тавьдаг. Хор тайлах, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх эмчилгээ, сургалтууд нь үнэгүй. БНХАУ-ын хувьд хар тамхи, мансууруулах бодисын эргэлттэй тэмцэх, донтогчдыг эмчлэх чиг үүргээ НАХЯ нь хариуцдаг. Ийм учраас танай улсад БНХАУ-д нэвтрүүлсэн туршлага хэрэгтэй байж болох юм.

 

 

Бид Монгол Улсад экспертүүдийг авчирч ажиллуулах, танай албан хаагчдыг БНХАУ-ын албадан эмчилгээний төвүүдэд дадлагажуулах ажлыг зохион байгуулъя. Хууль тогтоомжоо шинэчлэх асуудалд зөвлөгөө өгье. Өөрийн улс болон НҮБ-ын Олон улсын Мансууруулах бодисын хяналтын зөвлөлтэй хамтарч ажиллах гүүр болж ажиллая ” гэлээ.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.