Төрийн тусгай алба хаагч Н.Батсуурь төрийн тусгай албаа хашдаг уу?


 

Төрийн тусгай алба хаагч Н.Батсуурь төрийн тусгай албаа хашдаг уу?Улсын их баяр наадмын энэ жилийн түрүү Увс аймгийн харьяат, Аврагч спорт хорооны бөх Н.Батсуурийг дагасан шүүмжлэл, түүний эргэн тойронд өрнөх эрээн цоохор элдэв зургууд тасралтгүй үргэлжилсээр байна. Аварга цол хүртсэнд нь нутгийн зон олон баярлаж бахархан гайхуулцгааж байгаа ч угаас өөнтөгч олон нийтийн зүгээс шинэхэн аваргын ажил, амьдралыг ухаж төнхөн, шударга, шударга бус явдлын алин болохыг нотлохоор хоёр долоо хоногийг завгүй үдэж байна.

 

Ялангуяа ОБЕГ-ын дарга түүнд дэд хурандаа цол олгосон нь олны эгдүүцлийг бүр ч их хүргээд авав. Байж ядсан заримд нь барьж авч хүн зодсон нь байтугай багадсан юм шиг харагдах хувцас нь хүртэл эгдүүг нь хүргэнэ.

Н.Батсуурь нь одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байх үед буюу дөрвөн жилийн өмнө Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал сөнөөгчөөр томилогдон очжээ. Очсон ч гэх үү, орон тооны тушаал төдий ч гэх үү нэг асуудал бас түүнд байна. Юу гэхээр, Н.Батсуурь аварга томилогдсон албандаа тэр бүр үзэгдээд байдаггүй бололтой. Гэхдээ Улаанбаатар хотод бэлтгэлтэй, ажилтай гээд албандаа бараг очдоггүй, үүрэгт ажлаа хийдэггүй ч сар бүрийн цалингаа саадгүй хүртээд явдаг нэгэн аж. Өмнө нь Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар түүний энэ асуудлыг авч хэлэлцэж байсан удаатай юм байна. Агентлагууд дээр угаас өөрсдийн нэрийн тамирчин байдаг гэж өмгөөлж байна цаад төрийнхөн чинь.

Тэгэхээр төрийн тусгай албан хаагчийн цалинтай түүний томилогдсон гол ажил нь гал сөнөөгч нэрийн дор гадуур бэлтгэлээ базаах явдал байжээ. Тиймдээ ч үүргээ онцсайн биелүүллээ гээд өндөр цол хэргэм хүртээж буй нь энэ юм байх. Түрүү бөхийн бай шагнал, бусдыг нь бүр дурьдаад ч хэрэггүй биз ээ. Тэртэй тэргүй бэлтгэлээ хангах үүрэгтэй түүнийг тээр хол залж, түмний аманд багтааж байхаар энүүхэн зааланд нь ойртуулаад эрх ямбыг нь эдлүүлчих ухаан байгаагүй л юм байх даа.

Хэрэв гал сөнөөгч Н.Батсуурь эрэмбэ дараагаараа явсан бол дөрвөн жилийн хугацаанд ахлагч цол хүртэх байв. Онцгой байдлын алба хугацаанд нь болон хугацааны өмнө гэж хоёр байдлаар цол олгодог байна. Түүнчлэн хүний амь нас, эд хөрөнгө аварч хамгаалсан болон ажил мэргэжлийн өндөр амжилт гаргасан зэрэг гавъяа байгуулсан тохиолдолд зэрэглэл эрэмбийн дараагаар шагнадаг журамтай аж. Өөрийн хүчээр онцгой байдлын албанд насаараа хүчин зүтгэж, олон иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж яваа олон гавъяатнууд олигтойхон урамшуулал, цол шагнал хүртээгүй байхад Аврагч спорт хорооны нэр дээр хоёр өдөр барилдаад л хосгүй гавъяатан болсон нь ийн таагүй уур амьсгалыг бий болголоо.

Чадаж байгаа юманд арга алга даа та минь.

http://undesten.mn/59034.html

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.