Нийслэлийн МАН-ын даргын сонгууль хэзээ болох вэ


Нийслэлийн МАН-ын даргын сонгууль хэзээ болох вэ

 


-Ямар, ямар эрхмүүд өрсөлдөх бол-

Нийслэлийн МАН-ын хорооны даргын сонгууль удахгүй болох товтой. Үүний өмнөхөн "Бага газрын их тулаан” биш "Их газрын муухай тулаан” хийхээр шийдсэн нь тодорхой байна. Одоогоор "тулаан” Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын хооронд өрнөх нь. Энэ сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа НИТХ-ын дарга С.Амарсайханы хувьд "заалнаас” нэр дэвших бололтой. "Заалнаас” гэдгийг "замаас нь будилуулж орж ирнэ” гэж ойлгож болохыг өмнөх сонгуулиуд харуулсан. Нэг ёсондоо галыг өөр дээрээ дуудахгүй, сиймхий таарвал дайрч ороод аз таарвал үймээн дундуур өөрөө сонгогдоно гэсэн үг.

Товчхондоо нийслэлийн МАН-ын хорооны даргаар бас л бөх, уяач хоёр өрсөлдөх нь. УИХ-ын гишүүн, давхар сайдаар ажилладаг гээд бодохоор том сонсогдож байгаа биз. Гэхдээ давхар албан тушаал гэдэг туршлага, зангарагийн дэргэд юусан билээ. Д.Сумъяабазарыг улс төрд хөл тавихыг мөрөөдөн, ичингүйрэн байж Намбарын Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд дэмжин гүйж явахад С.Батболд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд зэрэг албыг хашиж жинхэнэ "давхарлаж” явлаа л даа.

Боловсролын хувьд гэвэл ХААДС, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, МУИС, Удирдлагын академи гээд Монголдоо л өмнөө барьдаг сургуулиудад сурч докторын зэрэг хамгаалчихсан.

С.Батболдыг "хөдөөнийх” гэдэг юм. Энэ ичих овог мөн гэж үү. Харин ч ажлын туршлагаас нь харахад голдуу малчид, нэгдэлчид талдаа, нэг тийм Ж.Самбуу гуайн үнэр ханхлаад байдаг. Мал, малчдадаа жигтэйхэн хайртай тэр удирдагчийн талаар муу үг олддоггүй билээ. Өнөө цагт Ж.Самбуу агсны нутгаас нэг төлөв төвшин, төрийн ажилд нухлуулсан залуу нийслэлийг удирдах болсон нь олон хүний оёгийг хөдөлгөөд байгаа бололтой юм. Бодлогын хувьд шүүмжлэх гэхээр бодлогыг нь сонирхоо ч үгүй. Аргаа бараад "орк” гэх аж. Зайлуул, тэгж хэлдэг нь жинхэнэ оркууд гэгч нь байх. Ямар ч байсан ажлын алдаа хэлж байгаа харагддаггүй, хувь хүн рүү нь л дайрах аж.

Ингээд "орк” нь хот удирдлаа. Өрнөөс нь салгаадахлаа. Энэ онд концессийн өргүй болгоно гэж том зорилго тавьж, авто машины захуудыг нүүлгэж гал дуудсанаас эхлээд хийсэн ажил ч багагүй. Баг болсон нөхдөөсөө болж барцад ихтэй байгаа нь ч үнэн.

Нийслэлийн МАН-ын хорооны даргын сонгууль бол хэзээнээсээ намыг хагалан бутаргадаг сонгууль болдог. Ялсанд нь оногдох ял, гавьяа ч том, эрх ашиг ч арвин болохоор тэр. Тэр тусмаа "сразумайор” гэдэг шиг Ерөнхий сайдын суудалд ч тун дөхүү.  "Олон жилийн дунджаас” харвал Ерөнхий сайд, намын дарга дэмжсэн байхад болоод явчихдаг нь анзаарагддаг. Өөрийгөө "ганцаардсан чоно” гэх мэттэй зүйрлэдэг төрмөл лидерүүд тас цохиод гараад ирэх нь тун ховор байдгаараа онцлогтой.

Д.Сумъяабазар сайдын хувьд нийслэлийн хамгийн том дүүргийн намын хороог удирдаж байсан, тэндээ давхар "бэлтгэлээ базаасаар” өөрөө сонгогдож ч чадсан, намаа ч ялуулсандаа аархдаг нь анзаарагддаг. Тэгэхээр нийслэлийг "нийлмэл дүүргүүд" гэж бүдүүн тоймоор харж яваа болов уу. Нөгөөтэйгүүр В.Путин шиг чөлөөтөөр барилддаг, урлагийн мэдрэмжтэй, өөр юу юу ч билээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс илүү төстэй гэж хүртэл хөөргөдөг тойрон хүрээлэгчид ч бий.

Харин С.Батболдын хувьд "хөдөө төрж өссөн”-өөрөө ихээхэн буруутгагддагаас өөр өөлөх юм бага. Хуучин коммунистын үнэр ялимгүй ханхлах ч өнөө цагийн, тэр тусмаа үе тэнгийнхнийх нь ойворгон "улстөржилт”-өөс илүү олон түмэнд хэрэгтэй, наалдацтай, тулх ажиглагддаг. Ядахдаа тэдний нутгийнхан нэгнээ татаж өөдлүүлэхдээ тун хойрго. Уг нь М.Энхболдыг бараадаад гүйчихвэл амархан мэт харагдах ч тэр хоёр тэгж сүжрэх нь ховор. Яах аргагүй нэг Засгийн газрын "гал тогоонд” байсан хэрнээ яагаад хань татдаггүйг чөтгөр л мэдэх байх. Гэтэл хаа хамаагүй Булганы Л.Энэбиш агсан С.Батболдыг улс төрд оруулсан байдаг юм.

Тэгвэл С.Амарсайханы хувьд юу хамгийн чухал вэ. Тэр хэн нэгэнд биш, өөртөө ч биш, мөнгөнд итгэдэг. НИТХ-ын даргын сонгуульд өрсөлдөхдөө ч түүндээ л итгэсэн. Мөнгө түүнд сул өрсөлдөгч "олж өгсөн”, улмаар ялуулсан. Хэрэв ялаагүй бол мөнгө нь л түүнд гомдоно. Магадгүй, энэ цаг үед зөв, шударга зарчим биш гэж үү. Гэхдээ аймаар. "Цогт тайж үхэвч Монгол Улс мөнх” гэдэг шиг С.Амарсайхан огцорсон ч мөнгө нь байж л байна. Тиймээс компани нь түүний гол тулгуур юм даа. Юун "том ах”, хамгаалалтын цайз, асаалттай танк, тийм юм цаадахад чинь байхгүй. Харин "сумаа тавиад нумаа нуудаг” хэдэн онцгүй найз залуус бий. Улс төрөөр бол хамтрагч гэх үү дээ. Харамсалтай нь мөнгө нь дууслаа, хамтрагчид бутарна, тиймээс "аймаар” гэсэн юм.

Иймэрхүү гурван нөхөр энэ удаагийн Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөнө. Ялсан нь 2020 онд сонгуульд нийслэлийн МАН-ыг удирдаж орно. Нийслэлийн МАН-аа ялуулбал бараг л Ерөнхий сайд болчихно. Тэгэхээр хүн тус бүрээр нь ирээдүйн Ерөнхий сайдаа болгож хараад үз. Харахдаа хэнд юу чухал, хэн нь хэнд, юунд итгэдгийг сайн анхаараарай гэж Нийслэлийн МАН-ынхны "тулааны шүүгчдэд” сануулъя.

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=11283



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.