Монгол Улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 39.2 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг аж. Үүнээс халаасны хулгайн гэмт хэрэг нэлээд хувийг эзэлдэг бөгөөд судалгаанаас харахад 2017 онд нийт 4722 гар утас хулгайн замаар алдагдсан байна. Алдагдсан гар утасны 46 хувь буюу 1939 нь I Phone загварын гар утас, 42 хувь буюу 1772 нь Samsung загварын гар утас, 12 хувь буюу 506 нь бусад загварын гар утас байгаа аж.
Халаасны хулгайн гэмт хэргийн улмаас жилд дунджаар 7500-8000 орчим гар утас алдагддаг ба эдгээр нь бидний нэрлэж заншснаар ченжүүдийн гараар дамжин цааш зарагддаг байна. Албаны хүмүүс хэлэхдээ хууль бус зах зээл болох хулгайн гэмт хэргийг ченж нар улам өөгшүүлдэг гэдгийг хэлж байв.
Хулгайн замаар алдагдсан эд зүйл, гар утсыг байнга, тогтмол хямд үнээр худалдан авч, зарж борлуулдаг этгээдүүд болох ченжүүд эрэлт хэрэгцээг үүсгээд байгаа, мөн ченжүүд нь сүүлийн үеийн андройд үйлдлийн системтэй гар утсыг сонгон захиалж энэ нь хулгайн гэмт хэрэг үйлдэгчид санхүүжүүлэх нөхцөл боломж бүрдүүлж дээрх төрлийн хэргийг дэлгэрүүлдэг гэнэ.
Энэ төрлийн гэмт хэргийн хүйсийн хувьд авч үзвэл эмэгтэйчүүд давамгайлдаг бөгөөд насны хувьд 18-25 насны хүмүүс 40 хувь, 10-17 насныхан 35 хувь, 28-35 насныхан 15 хувь, 36 наснаас дээш хүмүүс 10 хувийг тус тус эзэлдэг байна
Хэрэв гар утасны худалдаа эрхлэгчид нь гэмт хэргийн замаар хууль бусаар олдсон, эх үүсвэр нь тодорхой бус гар утас, эд зүйлс гэдгийг мэдсээр байж худалдан борлуулсан бол тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдон шалгадаг байна. Харин хулгайчийг 7-30 хоног албадан саатуулах арга хэмжээг авдаг аж. Хулгайд алдагдсан гар утас зэрэг эд зүйлийг худалдаж авах хүн байхгүй бол хулгайн гэмт хэрэг буурах учиртай. Үүнийг хааж давхар тэмцэхгүй бол зөвхөн хулгайчтай тэмцээд үр дүн нь бага гэдгийг албаны хүмүүс онцолж байгаа юм.
Сэтгэгдэл