Сүүлийн хэдхэн өдөрт эрх баригч нам доторхи зөрчил дээд цэгтээ тулж, МАН-ын лидерүүдийн хэрүүл, тэмцэл савнаасаа халив. Тус нам дотор яг юу болж байгааг ойлгоход маш энгийн болов. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хамгийн том кейс болсон "60 тэрбумын хэрэг” замхрах тийшээ хандаад байсан. Харин МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Би хувьсгал хийх гэж гарч ирсэн. Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид "60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. М.Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз. Намынхандаа хандаж Онц их хурал зарлана. Ард түмэндээ хандаж дэмжлэг хүснэ” хэмээн Удирдах зөвлөлийнхөө хурал дээр мэдэгдэл хийснээр 60 тэрбумын хэрэг дахин сэдрэв.
Үүний дараахан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулъя хэмээн хэвлэлээр мэдэгдсэн хийсэн. Харин түүнийг АТГ-аас дуудан байцаалт авч, бүр хариуцлага тооцуулахын тулд УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороонд албан тоот илгээжээ. Үүний хариуд Л.Оюун-Эрдэнэ зүгээр суусангүй. Тэрээр АТГ-ын газрын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах санаачилга гаргаж, одоогийн байдлаар түүний санаачилгыг УИХ-ын 25 гишүүн дэмжиж гарын үсэг зураад байна. УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь санаачилсан бол УИХ-ын ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга зарлан хуралдуулна гэсэн хуулийн заалтыг биелүүлэх шаардлага үүсэв.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт У.Хүрэлсүхийн туслахаар долоон жилийн өмнө ажиллаж байсан, өдгөө МИАТ компанийн дэд захирлаар ажилладаг Н.Энхбаатарыг АТГ –аас найзынх нь хамт хорьсон. Яг үүнтэй зэрэгцэн "У.Хүрэлсүхийн туслах 600 саяын авлига аваад үйлдэл дээрээ баригдлаа”, "МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын томилсон хүмүүс авлигад холбогдлоо” гэсэн мэдээлэл сошлоор цацагдав. Мэдээлэл цацагдсаны маргааш нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "Н.Энхбаатар нар 600 сая төгрөгийн авлига аваад баригдсан гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл, тийм юм байхгүй. Гэхдээ энэ асуудал шалгагдаж байна” гэх агуулгатай учир битүүлэг тайлбар хийв.
Удалгүй chuhal.mn сайтад "...МИАТ-ын дэд дарга Н.Энхбаатар бол улс төрийн золиос гэнэ. Түүнийг ямар ч утга учиргүйгээр хэлмэгдүүлж байгаа гэв. Учир нь мань Энхбаатар нэг найзаасаа хуучин ланд круйзер 200 автомашин худалдаж авахаар тохирч, нэр дээрээ шилжүүлжээ. Гэтэл найздаа мөнгийг нь төлж чадахгүй явсаар машинаа буцаагаад хураалгачихаж. Найзтайгаа ч түр тархийж. Найз нь Энхбаатараас машинаа хурааж аваад өөрийнхөө нэр дээр буцаагаад шилжүүлчихэж. Ийм л юм болж. Энэ нь АТГ-д баригдах үндэслэл болсон гэх. Үнэгүй.мн сайтаас ороод харахад хуучин Ланд 200 үсрээд 80 сая төгрөг байна. Яаж яваад 600 саяын үнэ хүрээд байгаа нь маш тодорхойгүй байгаа аж. Тиймээс Энхбаатар бол 600 сая төгрөгийн хахууль аваад газар дээрээ баригдаагүй нь үнэн юм байна. Үүнийг АТГ-ын алдарт Идэрцог ч хэвлэлийн хурал дээр баталсан. Харин Энхбаатар найзынхаа машиныг авах гээд чадаагүйнхээ төлөө "Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэдэг үндэслэлээр баригдсан болж таарлаа. АТГ-ын зарим ажилтнууд, 60 тэрбумд холбогдсон зарим улс төрчид хуучин Ланд 200 битгий хэл хөрөнгөтэй гэдгийг нохой ч хэлнэ. "Ерөнхий сайд нь танхимын сайдаасаа цоо шинэ лексус 570 бэлгэнд авчээ” гэхэд шалгадаггүй, дүлийрээд өнгөрдөг АТГ шүү дээ. Гэтэл Энхбаатарын хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн байж магадгүй тул хойшлуулшгүй заалтаар хоригдож байх жишээний. Ийм л АТГ ажиллаж байгаа цагт яаж шударга ёс тогтох юм бэ. Яг үнэн хэрэгтээ АТГ-ын энэ удаагийн үйлдэл АТГ-ын дарга Энхжаргалыг томилсон 2016 оны тогтоолыг хүчингүй болгох ээлжит бус чуулганыг хуралдуулах, 60 тэрбумын хэрэгтнүүдтэй хариуцлага тооцох улс төрийн үйл явцтай давхацлаа. Тиймээс сэтгүүлчийн хувьд энэ үйл явдлыг "АТГ-ын ээлжит жүжиг” гэж тодорхойлмоор байна” хэмээн нийтэлжээ.
Хамгийн сүүлд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах саналыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргаж, УИХ-ын дарга М.Энхболдод саналаа хүргүүлээд байна.
Хэн нэгэн хурган дарга авлига авсан эсэх асуудал одоо сонин биш боллоо. Н.Энхбаатар нар авлига авсан эсэхийг тогтоох нь хууль, шүүхийн байгууллагын асуудал. Харин АТГ-ын газрын даргыг томилсон тогтоолыг хүчингүй болгох асуудлаар УИХ-ын ээлжит чуулган хуралдах нь нэгэнт тодорхой болжээ. М.Энхболдын хувьд ч, АТГ-ын хувьд ч авлигын хэрэг ярих нь, тэр тусмаа У.Хүрэлсүхийн туслахын асуудлыг сенсааци болгох гэж оролдох нь энэ цаг үед итгэл үнэмшилгүй бөгөөд инээдтэй байна. Ерөнхийдөө М.Энхболдын асуудал хүндэрчихлээ гэж дүгнэж болохоор байна.
Тиймээс өөр асуудалд сатаарч цаг алдалгүй, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуулийн дагуу хуралдуулах нь эрхэм спикерт ядаж өөрийнхөө суудлыг хадгалж үлдэх боломж олгож мэдэх юм. Мэдээж АТГ-ын дарга Х.Энхжаргалыг алдсанаар М.Энхболдод асар том гарз тохионо. Гэвч Л.Оюун-Эрдэнэ гишүүний "УИХ-ын дарга М.Энхболд 60 тэрбумын асуудлаар ёс зүйн хариуцлага хүлээж огцрох хүртэл би чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй” гэсэн эрс хатуу мэдэгдлээс харахад М.Энхболдын хохирол Х.Энхжаргалаар дуусахгүй бололтой. Ийнхүү М.Энхболд өдөр ирэх тусам хүчээ алдсаар байна. Түүнийг дэмжиж байсан УИХ-ын гишүүдийн дийлэнх нь намын даргынхаа бодлогыг дагаад эхэлсэн нь эрх баригч нам дотор сүүлийн 12 жил ноёлсон нийслэлийн фракцийн улстөрийн өрөг төгсөж байгааг илтгэж байна.
Эх сурвалж : Өдрийн сонин
М.Энхболд хүчээ алдсаар байна
2018/07/30 16:07
Сэтгэгдэл