Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд төрийн албан хаагч Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 9-ны өдрийн 09.00 цагт товлогджээ.
Төв талбайн ногоон байгууламж руу бие зассан гэх үйлдлээрээ олны дургүйцлийг хүргээд байсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа санхүүгийн хэлстийн мэргэжилтэн асан Д.Нэмэхбаярыг АТГ-аас мөрдөн шалгах үед гэрээс нь 14 сая төгрөг бэлнээр олдсон байдаг. Мөнгийг тэрбээр хээл хахуульд авсан гэдгээ мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Д.Нэмэхбаяр нарыг "Үдийн цай" хөтөлбөрийн тендерт оролцсон зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр буруутган, шүүж байгаа юм.
Н.Раднаасэд, Д.Нэмэхбаяр, Х.Батсайхан, Д.Энхтайван, М.Отгондулам, Э.Энхзаяа, Ж.Ховор-Эрдэнэ нарын 11 хүнд Эрүүгийн хуулийн 22.4.2, 22.5.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Эрүүгийн хуулийн
22.4 дүгээр зүйл. Хахууль авах
2.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.5 дугаар зүйл. Хахууль өгөх
1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.
Г.Сүрэн
Эх сурвалж: shuud.mn