Шинээр автомашин худалдан авч буй иргэд
өөрт ээлтэй, бэлэгшээлтэй улсын дугаар авч, болвол "Азын" гэх дугаарыг
авах сонирхолтой байдаг. Азын дугаар гэх сонин ойлголт зөвхөн Монголд
байдаг. Гадаадынхан бол гар утас, унаа машин, гэрийн хаалганы дугаар хэд
байхыг төдий л тоодоггүй.
Гэтэл
монголчууд тооны бэлгэдлийг тооцож, аль болох азын дугаар, эс бөгөөс ард
урдаасаа адилхан уншигддаг байх, үгүйлээ л төрсөн он, сар өдөртэйгээ
ижилсгэхийг хүсдэг. Үүнээс болж автомашины азын дугаар, алт, мөнгө,
хүрэл дугаарын бизнес нэг хэсэг цэцэглэж, дугаар олголтынхонтой найз
нөхөд, ах дүү хамаатан садан болохыг мөрөөдөхөд хүрч байв. Аятайхан
дугаартай машин арай өндөр үнээр зарагдах жишиг ч тогтоод амжиж. Шинэ
сери задармагц азын дугаар авна гэсэн хүлээлт хүртэл үүсээд байсныг
үгүйсгэх аргагүй.
Мөн орон нутгийн
дугаарын өмнөх буюу ДАХ, ЗАА, ХӨВ, УВА, ХОА, ГАА, АРА, гэх зэрэг серийн
дугаар бий. Эдгээр серийн дугаарыг холбон унших, үүгээр утга илэрхийлж,
бие биенээ шоолох тохиолдол бишгүй дээ л бий. Саяхан Орхон аймагт "ОРО"
хэмээх серийн дугаарын лемит хэтэрсэн тул шинээр "ОРК" хэмээх серийн
дугаар гаржээ. Гэтэл орхончууд энэхүү улсын дугаарыг голсон байна. Зарим
нь бүр "Бид нарыг доромжилж байна уу" хэмээн нутгийнхаа Авто тээврийн
бүртгэлийн байгууллагад гомдол гаргасан ажээ. Учир нь сүүлийн жилүүдэд
нийслэлийн иргэд хөдөө, орон нутгаас орж ирсэн иргэд болон бүдүүлэг зан
авир гаргаж буй хүмүүсийг "ОРК" хэмээн шоолох болсонтой холбоотой гэнэ.
Б.Саруул
unen.mn