Улстөржилт, эсэргүүцэл, цаг хугацааны хамаарал дагуулж буй хүлээлттэй хуулийн нэг нь Зөрчлийн тухай хууль. Энэ хууль УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хэрэв та санаж байгаа бол энэ хууль өмнөх парламентын үед батлагдсан ч албан ёсоор ёсчлоогүй, бас хэрэгжүүлэх дүрэм журам нь гараагүй учир УИХ 2016 оны 08 дугаар сард Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, дагаж мөрдөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулаад байгаа билээ.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 240 гаруй хуулийн хариуцлагатай холбоотой хэсгийг нэгтгэж энэ Зөрчлийн тухай хуульд багтааж байгаа юм. Түүнчлэн хуулийн төсөлд 1600 зөрчлийн тухай тусгагдсан гэдгийг ажлын хэсгийнхэн онцолсон.
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байх явцад УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын гаргасан хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд шууд халдсан саналаас шалтгаалан үндэсний өдөр тутмын сонинууд нэгдүгээр нүүрээ цагаан гаргаж, телвизүүд эфирээ хааж, мэдээллийн сайтууд тодорхой хугацаагаар мэдээллээ зогсоож байв.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 240 гаруй хуулийн хариуцлагатай холбоотой хэсгийг нэгтгэж энэ Зөрчлийн тухай хуульд багтааж байгаа юм. Түүнчлэн хуулийн төсөлд 1600 зөрчлийн тухай тусгагдсан гэдгийг ажлын хэсгийнхэн онцолсон.
Түүнчлэн УИХ дахь сөрөг хүчнийхэн буюу АН-ын бүлгийнхэн энэ асуудлаар тав хоногийн завсарлага авах санал гаргаж, баривчлах тал нь давамгайлж байгааг сануулж байсан. Түүнчлэн зарим гишүүдийн зүгээс "Жижгэрүүлсэн Эрүүгийн хууль” гэсэн гэм зэмийг ч хүртээд байв. Харин хэлэлцүүлгийн явцад ямар өөрчлөлт орж, хууль "зөөлрөх " эсэх нь удахгүй тодорхой болно.
Хэдий тийм ч Зөрчлийн тухай хууль бидний амьдралын маш олон хэм хэмжээг зохицуулж өгч байгаагаараа онцлог. Яаж ч болохгүй олон нийтийн эрх ашгийг зөрчөөд байгаа хэрнээ хэн ч хайхардаггүй, хэн ч авч хэлэлцдэггүй олон дадал зуршил бидний амьдралд байдаг. Тухайлбал, хашаан дах хогоо шатаах, гудамжинд шүлс цэрээ хаях, явган хүний гарцгүй газраар зам гатлах, хаа таарсан газраа хогоо хаях зэрэг бол зөрчил гэхээсээ илүүтэй амьдралын "хэм хэмжээ” болтлоо төлөвших шахсан. Улаанбаатарын хоймор хэсэг Амьжиргааны гудамж хавийн түүхий эд авах цэгүүд өдөр шөнөгүй шахам кабель шатааж утаа май уугиулж суудаг. Харин тэдэнтэй хэн хэрхэн хариуцлага тооцдог нь тодорхойгүй. Энэ мэтчлэн бидний эргэн тойрон дахь эвгүй олон "харилцааг” энэ хуулиар зохицуулах учраас ач холбогдол талаасаа тэргүүн зэрэгт бичигдэнэ.
Өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төсөл дэх "...олсон орлогыг хураана...”, үүний зэрэгцээ 100 сая төгрөгөөр торгохоор тусгасан зохицуулалтын талаар тодруулан асууж, энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд дарамт болох эрсдэлтэй талаар санал хэллээ. Энэ тохиолдолд хууль ёсны орлогын талаар огт хөндөөгүй, зөвхөн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж олсон орлогыг хураахтай холбоотой зохицуулалт гэдгийг мажлын хэсгийнхэн тодотгосон. Түүнчлэн хуулийн төсөлд тусгагдсан зөрчлийн 10 нь 100 сая төгрөгийн торгууль ногдуулах зөрчил байгаа, үүний найм нь банктай холбоотой заалт байгаа гэдгийг ч онцолно билээ.
Харин УИХ-ын гишүүн О.Батнасан хүнс импортлох болон экспортлоход хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн тохиолдолд өнөөдрийн хуулиар хувь хүнийг 1-10 сая төгрөгөөр торгодог бол энэ төсөлд 10-100 сая төгрөгөөр торгохоор тусгасан байна. Энэ нь иргэд хувийн хэрэглээндээ хүнс импортолсон тохиолдолд хуульд заасныг зөрчсөн гээд 10 сая төгрөгийн торгууль төлөх, харин жижиг худалдаа, бизнес эрхлэгчид холбогдох газруудтай гэрээ байгуулаагүй, зориулалтын агуулах, байранд хадгалаагүй, зориулалтын бус тээврийн хэрэгсэл ашигласан гээд 100 сая төгрөгийн торгууль төлөхөөр болж, үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй болж буйг хэллээ. Эрхзүйн шинэтгэлийн хүрээнд иргэдэд ээлтэй, бизнес орчноо дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал гэдэг саналыг хэлсэн.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуулийн этгээдийн зөрчлийн торгуулийн хэмжээ 100 сая төгрөг байгааг бууруулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, төгсөлд нь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Энэ дагуу хуулийн төсөл нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх гэж байна.
Хуулийн төслийн онцлох зарим заалтуудаас хүргэж байна.
-Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван мянган төгрөгөөр торгоно.
-Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж, 25 мянган төгрөгөөр торгоно.
-Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол тавин мянган төгрөгөөр торгоно.
-Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хүнийг нэг зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно.
-Мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол иргэнийг хоёр сая төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин сая төгрөгөөр торгоно.
-Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгоно.
-Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг гучин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун мянган төгрөгөөр торгоно.
-Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүнийг тавин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун мянган төгрөгөөр торгоно.
-Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун мянган төгрөгөөр торгоно
-Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж иргэнийг нэг сая төгрөгөөр торгоно.
-Эмнэлгийн болон төрөх үеийн яаралтай тусламжийг тухайн иргэнд хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж иргэнийг хоёр зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр сая төгрөгөөр торгоно.
П.Булган