Шүдний өвчлөл Монголд гамшгийн хэмжээнд хүрсэн болохыг гадаад, дотоодын эмч нар анхааруулсаар ирсэн. Сүүлийн 20 гаруй жил аюулын харанга дэлдээд буй шүдний өвчлөл хүүхдүүдийн дунд 95 гаруй хувьтай байгаа нь хүн бүрийн сэтгэлийг түгшээнэ. Тиймээс
“Дөрвөн сар хөөцөлдөөд цаг авч чадаагүй”
Харьяалал харгалзахгүй, эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлдэг учраас тус төвийг зоригсдын тоо буурдаггүй. Тиймдээ хонон өнжин дугаарлах иргэдийн цуваа тасардаггүй байлаа. Олон жил улиг болсон энэ хэв маягаар үйл ажиллагаа явуулж байгаад энэ оны дөрөвдүгээр сараас цахимаар дугаараа олгох болсонд үйлчлүүлэгчид нь ихээхэн баярлаж, талархан хүлээн авсан хэдий ч үйлчилгээ нь улам дордсон хэмээн иргэд бухимдсаар байна. Тус төв 20:00-08:00 цагийн хооронд цахимаар дугаар олгодог. Иргэд dentalcenter.mn сайт руу ороод дээрх хугацаанд амжиж цаг авах ёстой. Гэтэл тухайн сайт руу дугаар авахаар өдөр бүр хандалт хийхэд “цаг дууссан” гэх бичиг гарч ирдэг байна. Үүнээс нь болоод цаг авч чадахгүй дөрвөн сар болсон хүмүүс цөөнгүй байгаа аж. Баянзүрх дүүргийн иргэн Л.Мөнхзаяа “Өнгөрсөн тавдугаар сараас есдүгээр сар хүртэл хүүхэд, ээж хоёрынхоо шүдийг үзүүлэх гэж хөөцөлдөөд цаг авч чадаагүй. Арга ядахдаа наймдугаар сарын сүүлээр өндөр настай ээжийгээ дагуулаад эмнэлэг дээр нь очтол “Цахимаар л цаг өгдөг. Юм тайлбарлаад байхад ойлгохгүй юм” гээд хөөгөөд гаргасан. Ганц сайт олигтойхон хөгжүүлж чадахгүй хэрнээ хүнд суртал нь дэндчихсэн харилцааны соёлгүй байгууллага байна лээ” хэмээн уцаарлангуй ярилаа.
Өдөрт дугаар 110-ыг олгодог ч нүд ирмэхийн зуур дуусдаг
Тус төв өдөрт эмчилгээний 110 дугаар өгдөг. Харин мэс засал 30, гажиг засал 20 зэргээр үйлчилгээнээс хамаарч дугаар олголт нь өөр өөр байдаг аж. Сүхбаатар дүүргийн иргэн Б.Өлзий “Өмнө нь хонон өнжин дугаарладаг байхад цаг аваад үзүүлчихдэг байлаа. Гэтэл цахимаар дугаар олгодог болсноос нь хойш үзүүлж чадахаа больсон. Эхнэр, хүүхэдтэйгээ зэрэгцэж суугаад утас болон компьютероор сайт руу нь нэгэн зэрэг хандалт хийгээд ч дугаар авч чадаагүй. Учир шалтгаанаа хэлээд тус төвийн лавлах утаснаас асуухад “Өдөрт эмчилгээний 110 дугаар олгодог ч нүд ирмэхийн зуур дуусдаг. Тиймээс 20:00 цаг болохоос ядаж хоёр минутын өмнө ороорой. Тэгэхгүй бол таныг орох гэсээр байтал цаг нь дуусчихна шүү” гэсэн. Дугаар нь хурдан дуусдаг байлаа ч гэсэн хоёр минут гэдэг арай л утгагүй санагдахгүй байна гэж үү. Би бодохдоо иргэдийг худлаа тэнэгтүүлээд байна уу гэж хардаад байгаа” хэмээсэн юм.
НШЭНТ: Цахимаар дугаар олгодог сайтаа шинэчилж байгаа
Хүмүүс ганцхан дугаар авахын төлөө ийнхүү стресстэж, өдөр бүр төрийн төмөр нүүрийг царайчилна гэдэг үнэхээр харамсалтай. Төрийн зарим байгууллагад хувалз мэт шигдсэн хүнд суртал Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвд бий болсон эсэхийг хэн ч үл мэднэ. Чухам иргэд энэхүү цахим сайтынх нь учрыг олохгүй байна уу, эсвэл тус төв техник технологийнхоо учрыг олохгүй байна уу гэдгийг тодруулахаар хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ц.Байгальтай холбогдоход “Цахимаар дугаар олголтод шинэчлэл хийж байгаа. 7-10 хоногийн дотор шинэчлэл хийж дуусах ёстой. Тэр үед нь асуух зүйлээ асуугаарай” хэмээн илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Цахимаа шинэчилж байгаа хэдий ч дугаар олголт хэвийн байгаа гэдгийг тэрээр хэлж байлаа.
Шинэчлэл хийж байгаа гэхээр тухайн сайт асуудалтай байсан нь үнэн бололтой. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов гэгчээр цахим руу шилжих оролдлого учир дутагдалтай байсан хэдий ч шинэчилэхээр болсон нь сайшаалтай. Одоо үр дүнг нь хүлээх л үлдлээ. хэмээн олон хүн илтгэл хүлээлгэж байгаа гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.
Г.Санжааханд
Эх сурвалж: http://eagle.mn/r/76655