Амьтдын сэтгэл зүйчид араатан, жигүүртнийг өөрсдийн зөн совингоор л хөдөлдөг гэж батлах байх. Гэхдээ л тэд дэлхийн II дайны үеэр хүний хамгийн үнэнч туслах байж, амь биеэ үл хайхран жинхэнэ баатарлаг ёсоор тэмцэж байсан тухай баримт олон. Тэдгээрээс хүргэж байна.
Дайны ноход
Кировоград, Черкас мужийн “Зеленая Брама” хэмээх нэртэй газар дайны газар зүйн зурагт огт тэмдэглэгдээгүй үлджээ. Гэвч энд жинхэнэ харгис тулаан болсон юм. Энд баруун өмнөд фронтын 500 хилчинтэй Коломыйн тусгай батальон хилээс ухарч иржээ. Тэдэнтэй хамт албаны 150 овчарк нохой байсан аж.
Түүхч Владислав Чабанюк “Зургаадугаар сарын 30-нд тус батальон фашистуудын бүхэл бүтэн хороонд цохилт өгөх хэрэгтэй болжээ. Хүч тэнцүү бус энэ хүнд мөчид командлагч хамгийн сүүлчийн нөөц болох нохдоо тулаанд оруулсан” хэмээн ярьж байна.
Байдал үнэхээр аймшигтай байв. Овчаркнууд өөрсөд рүү нь автомат буугаар шүршиж буй немецүүдийг багалзуурдан авч байлаа. “Дөрвөн хөлт дайчид” эцсийн амьсгалаа хураатал дайтсан юм.
Энэ тулаанаас амьд үлдсэн Александр Фукин хожим нь домогт тулалдааны талаар ном бичсэн. Тэрбээр энэхүү номондоо дэлхийн дайн байлдааны түүхэнд анх удаа нохой хүнтэй дайтсан тулалдаан гэж тэмдэглэжээ.
Хилчид, тэдний овчаркнууд өдгөө сургуулийн ойролцоох нэр нь тодроогүй баатруудын оршуулгын газар хамт нойрсож байна. Тулаан болсон газар 2003 онд баатруудад зориулан хөшөө босгожээ.
Ер нь дайны үеэр нохдыг маш их ашигладаг байсан. Эрүүл ахуйч ноход шархадсан цэргүүдийг хайж олж эмч нарт тусалдаг байсан бол холбоочин ноход тулалдааны мэдээ хүргэж, утасны шугамыг хүн явж чадахгүй газруудад дамжуулдаг байв. Түүнчлэн уналгын, мина хайгч, тэслэгч ноход ч байсан. Тэслэгч нохдыг хүмүүс үнэхээр харгис байдлаар ашигладаг байв. Эхлээд нохдыг танкан доогуур хоол хүнс олж сургана. Дараа нь 2-3 хоног өлсгөлөн байлгаж байгаад тэсрэх бодис нуруунд нь зүүлгэж, дайсны зүгт тавьдаг байжээ.
Фронтод бас муурыг ч хэрэглэж байсан. Ялангуяа тэд хийн тулааны үеэр аюулыг урьдчилан мэдэрч, хүмүүст мэдэгддэг, жинхэнэ мөрдөгч байсан юм.
Гол аюул тагтаанууд
Свердловскт шууданч тагтаануудын тусгай сургууль үйл ажиллагаа явуулдаг байлаа. Энэ сургууль сар бүр 100-150 залуу тагтааг фронт руу илгээдэг байв. Дайны жилүүдэд хамгийн багаар тооцоход шууданч тагтаанууд цэргийн 15 мянга гаруй чухал мэдээг хүргэсэн байдаг. Немецүүд тагтааг хамгийн том аюул гэж үздэг байсан тул буудан унагасанд нь снайпер өгч, шувуудын эсрэг харцага шувуу тавьдаг байв. Фашистууд бүслэлтэд авсан газрууддаа хамгийн түрүүнд тагтааг нь устгадаг байсан гэдэг. Хэрвээ хүмүүс шувуугаа нуувал буудуулна.
Донын Ростовт 16 настай Витя Черевичкин хүү фашистуудын зааврыг дагалгүй, тагтаануудаа бүтэн долоо хоног торонд нуужээ. Хүүг Улаан армитай холбоо сүлбээтэй хэмээн буруутгаж, тарчилган тамласны эцэст буудсан юм.
Цөл газрын их буу зөөгч
Тэмээг ч бас армид сайхан зүйл угтаагүй юм. Астрахань мужид бүх морь, эр үхэр цохилтод өртөж, их бууны сум, хээрийн гал тогоог зөөх амьтан үлдсэнгүй. Хоёр бөхтэй тэмээнүүд албанд орсон эхний өдрүүддээ үхэж үрэгдэж, дайны олз болж байв. Гэвч ялалтын өдрийг хүртэл тэссэн тэмээнүүд ч байсан юм.
Маша, Миша нэртэй хоёр тэмээ 902 дугаар суман хорооныхонтой цуг их буу зөөсөөр Астараханиас Берлин хүрч байсан түүхтэй. Тэд цэргүүдэд зэвсэг хүргэхэд тусалж, Рейхстагт Ялалтын тугийг хатгахад цэрэг дайчдыг хамгаалсан.
Дайны дараа цэргийн удирдлагууд хоёр тэмээг нядлах тушаал өгөхөд армийнхан илт дургүйцэж, хайртай амьтдаа Берлиний амьтны хүрээлэнд үлдээжээ. Тэнд тэд хэдэн арван жил тааваараа амьдарч, насан эцэслэсэн юм. 2008 онд Маша, Миша хоёрт зориулж, Ахтубинскт хүрэл хөшөө босгожээ. Мөн Энэтхэг зааныг шаварт суусан техникүүдийг татаж гаргах ажилд дайчилдаг байжээ.
Хархыг арын албанд…
Тулаанч амьтдын түүхэнд бас нэгэн сонирхолтой төсөл ч ордог. Тухайлбал харх, хулганыг хорлон сүйтгэх үйл ажиллагаанд оролцуулах санаачилга гэнэ. Танк эсэргүүцэгч мэрэгчдийн анхны хэлтэс 1941 онд байгуулагдаж байжээ. Үүнийг Смоленскийн их сургуулийн доктор Игорь Валенко туршиж байсан аж. Мэрэгчид өөрсдийнхөө чадвараар танкны эд ангиуд руу орж, цахилгааны утас болон бусад жижиг зүйлсийг нь эвдэж, дайны техникүүдийг жагсаалтаас гаргах ёстой.
Сургуулилттай хархнуудыг По-2 онгоцоор дайны талбарт аваачихаар төлөвлөж байсан ч төсөл эхний шатандаа амжилтгүй болсон юм. Учир нь хархнууд ийм сургуулилтад дасаагүй төдийгүй маш их цаг, зав шаардсан ажил байсан аж. Ингээд эцэст нь мэрэгчдийг арын албанд үлдээжээ.
Бэлтгэсэн updown.mn
Эх сурвалж: moyapobeda.ru