Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболдыг “VIP Ярилцлага” буландаа урьж, ярилцлаа.
Зөв мэдээлэл түгээх гэдэг эрх чөлөөний хэмжүүр болчихоод байна
-АН байгуулагдсаны 30 жилийн ойн баярын хурал өнгөрсөн долоо хоногт болсон. Хурлын үеэр та илтгэл тавихдаа “Залуучууд аа, эрх чөлөөндөө хайртай байя” гэж хэлсэн. Үүнээс ургуулаад асуухад, Монголд эрх чөлөө гэж байна уу. Цахимаар үзэл бодлоо илэрхийлэхээс өөр эрх чөлөө бий юу. Хайрлах эрх чөлөө нь юу вэ?
-Эрх чөлөө гэдэг ойлголт цаг үе бүхэнд өөр байсан. Манжийн үе, 1921 оны үе, 1990 оноос хойших эрх чөлөөний ойлголт хоорондоо ялгаатай. Түүхийн хүнд хэцүү үед Монгол Улсын тусгаар тогтнол тэнцүүгийн тэмдгийн ард эрх чөлөө гэдэг утгатай адилхан байж ирсэн. Хоёр том гүрний дунд, аль нэгэнд хамаарахгүй, бие даасан, Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн байхыг эрх чөлөө гэж ойлгож байсан үе ч бий. Харин 1961 онд НҮБ Монгол Улсын тусгаар тогтнол буюу статус квог баталснаар бид албан ёсоор эрх чөлөөт орон болсон. Түүнээс өмнө, дэлхийн нэг, хоёрдугаар дайны үед цөөн хэдэн улсаар эрх чөлөөгөө хүлээн зөвшөөрүүлсэн байдалтай л байсан.
Эрх чөлөө асар их үнээр олддог. Хадгалж, хамгаалж, хайрлаж явна гэдэг маш чухал. 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаас хойш эрх чөлөө гэдэг олон эрхийн нийлбэр байдалтай болсон. Улс төрийн эрх чөлөө буюу сонгох, сонгогдох, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх гээд. Бүр хамгийн үндсэн эрх нь амьд явах. Энэ эрхүүдийн нийлбэр Үндсэн хуульд эрх чөлөө болж тунхаглагдаж байгаа юм. Өнөөгийн нөхцөл байдалд эрх чөлөө гэдэг ойлголт зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд өөрөөр тавигдаж байгаа. Яагаад гэвэл, технологийн дэвшлийн үр дүн нөлөөлж эхэлсэн. Хуучин цөөн тооны хүмүүсээр, хэвлэл мэдээллийн эздийн редакцийн бодлогоор шүүгдэж мэдээлэл очдог байсан. Тоталитар тогтолцооны үед нам төр юу гэж бодож байна, тэр мэдээлэл л хүмүүст очдог байсантай бараг адилхан гэсэн үг.
Одоо хүн бүр бие даасан хэвлэн нийтлэгч болчихсон. Фэйсбүүкээс мэдээлэл аваад, постолж байна. Инстаграмд 400 мянган дагагчтай хувь хүн Монголд байгаа. Твиттерт 200-300 мянган дагагчтай жиргэгчид ч байна. Фэйсбүүк орчинд олон зуун мянган лайктай пэйж хуудас ч бий. Үндсэндээ хүн болгон хэвлэн нийтлэгч, мэдээлэл түгээгч болчихож байгаа юм. Энэ тохиолдолд эрх чөлөө гэдэг ойлголт өөрөөр тавигдана. Мэдээллийн технологи хөгжиж, хүмүүст боломж нээгдэхийн хэрээр бусдын нэр төрд халдах уу, эс халдах уу, гүтгэх үү, доромжлох уу. Эсвэл зөв мэдээлэл түгээх үү гэдэг нь эрх чөлөөний хэмжүүр болчихлоо. Тиймээс АН, МАН болон бусад намын мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаас илүү зүйл нь Монголын ард түмний эрх чөлөө.
-Санхүүгийн эрх чөлөөнд хүрч байж бусад эрх чөлөөнд хүрэх боломж нь нэмэгдэнэ гэж би боддог. Эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдрах гээд бүхий л боломж бүрддэг. Гэтэл манайд гол гэж хэлж болохоор санхүүгийн эрх чөлөөнд монголчууд хүрч чадаагүй л байна. Ийм үед фэйсбүүкт мэдээлэл оруулах эрхтэй байх нь чухалд тооцогдох уу?
-Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээ манай улсад 3000 гаруй ам.доллар байна. Гэтэл Скандинавын орнуудад 30-40 мянган ам.доллар байх жишээтэй. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ бага байхын хэрээр баялаг бүтэх үйл явц, хүртээмжтэй эдийн засгийн нөхцөл байдал муу. Санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг хэд хэдэн үе шаттай. Жишээлбэл, эхнэр бид хоёр ажил хийгээд, цалин аваад, хуримтлал үүсгэж, ипотекийн зээлээр байранд ороод, хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байвал. Хүнээс юм гуйхгүй, ажиллаад олж байгаа цалин нь амьдралд нь хүрэлцээтэй байвал үүнийг зарим нэг нь санхүүгийн эрх чөлөө гэж ойлгодог. Гэтэл олон хүнийг цалинжуулж, НДШ-ийг төлж, баялаг бүтээх үйл явцад оролцож, бусад хүмүүст санхүүгийн боломж авчрахыг санхүүгийн эрх чөлөөтэй үзэх нэгэн байна.
Улс гэдэг том зургаараа нэг гэр бүл. Улс өөрөө санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үү гэдэг асуулт байна. Жишээлбэл, сүүлийн үед Монголын хамгийн том экспортын бүтээгдэхүүн болсон зэсийн үнэ 1200 ам.доллараар уналаа. 6000-аас 4800 руу унаж байна. Цаашлаад 4500 болбол “Эрдэнэт” үйлдвэр яаж ажиллах юм, мэдэхгүй. 4000-аас доошоо орчихвол бүр зогсох хэмжээнд хүрнэ. Монгол Улсын экспортын 93 хувь зөвхөн нэг улсаас хамаарч байна. Бид зөвхөн түүхий эд л зардаг. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Том зургаараа Монгол Улс өөрөө санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үү, үгүй юу гэдэг чинь бас асуудал. Нэг улсын эдийн засгийн доргилтоос манайх хамаарч байна шүү дээ. Ойрын 2.5-3 жилд эдийн засаг хуучин түвшиндээ очно гэж үзэж байна. Гэтэл коронавирусээс болоод одоо л гэхэд эдийн засаг хүндэрчихлээ. Хэзээ вакцин гараад, хүмүүст хүрээд, цар тахал буурах юм бүү мэд.
Монголынхоо түүхийг, үнэт зүйлийг, эрх чөлөө, ардчиллыг намчирхаж хувааж, өмчлөх ёсгүй
-АН 30 жилийнхээ ойн баярыг тэмдэглэсэн мөртлөө С.Зориг агсны хөшөөнд цэцэг битгий хэл мөчир ч тавьсангүй гэдэг шүүмжлэл цахим сүлжээнд гарсан. Яагаад баярынхаа өдөр тэр хүний хөшөөнд цэцэг өргөсөнгүй вэ?
-АН төдийгүй ардчилсан үзэл санааг дэмждэг хүмүүс жил бүр хоёр удаа С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөдөг уламжлал тогтсон. Нэг нь дөрөвдүгээр сарын 20 буюу төрсөн өдрөөр нь. 7 хоногийн дараа болох гэж байна. Нөгөөх нь аравдугаар сарын 2 буюу амь насаа алдсан өдөр нь цэцэг өргөдөг. Бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр С.Зориг агсны гэгээн дурсгалд зориулж томоохон чуулган хийсэн. С.Зориг агсны ах Санжаасүрэнгийн Баяр гуай ирж, залуучуудад лекц уншаад явсан. Бид цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёстой юу гэвэл тийм. Гэхдээ зөвхөн цэцэг өргөхөөр хязгаарлагдахгүй. “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг”, “Ард түмний эрэмбэ нэгдүгээрт” гэсэн алдарт үгнүүдийг нь алхам тутамдаа бодож явах ёстой юм.
Сая харин УИХ-ын гишүүн байсан Н.Номтойбаяр хөшөөнд нь цэцэг өргөсөн зургаа цахим хуудастаа оруулсан байсан. Надад үнэхээр гоё санагдсан. Бид Монголынхоо түүхийг, үнэт зүйлийг, эрх чөлөө, ардчиллыг намчирхаж хувааж, өмчлөх ёсгүй. Дундаа хайрлаж, нандигнаж байх ёстой гэж боддог. Тусгаар тогтнол, эрх чөлөө аль нэг намын өмч биш. Үндэсний эв нэгдэлд хөтлөх, нягтрах, нэгдэх зүйл учраас ийм асуудлаар намчирхаж хэзээч болохгүй гэж би боддог.
-Би яг энэ талаар асуух гэж байлаа. АН 30 жилийнхээ ойн хурлыг хийж, олон ч нэвтрүүлэг телевизээр гаргалаа. Ардчиллыг нэг нам өмчлөөд байгаа юм шиг л санагдсан. Гэтэл ардчилал гэдэг монголчуудын үнэт зүйл. Ардчилсан хувьсгалыг хэдхэн хүн хийчихсэн юм биш шүү дээ. Хэрвээ Ж.Батмөнх гуай тэргүүтэй хүмүүс ухаалаг шийдвэр гаргаагүй бол өнөөдөр бид ардчилал гэж яриад сууж байх уу, үгүй гэдгээ ч бодох л хэрэгтэй. Тиймээс ардчилсан хувьсгалын ойгоор Ж.Батмөнх гуайн хөшөөнд цэцэг өргөж яагаад болохгүй гэж. МАН-ынхан ч гэсэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх л ёстой гэж боддог. Та энэ талаар юу хэлэх үү?
-Хамгийн чухал нь бид дэлхий дээр байгаа эртний түүхтэй, цөөн хэдэн үндэстэн улсуудын нэг. Дэлхийн хэмжээнд дэглэм журмыг тогтоож явсан. 31 сая км хавтгай дөрвөлжин газар нутгийг эзэлсэн. Өнөөгийн 30 гаруй улс орны өвөг дээдсийг нэгтгэсэн агуу гүрнийг бид Их засаг хуулийн ёс журамд нэгтгэж явсан ард түмэн. Энэ ард түмний өнгөрсөн цаг гүн бат язгууртайн хэрээр ирээдүй цаг ч гэсэн гэгээлэг гэж би итгэдэг. Өнгөрснөө бид булаалдаж, хуваагдаж болохгүй. Гуравхан сая хүнтэй улс байж 30 хуваагддаг. 21 аймгаараа хуваагдаж байна. Засаг захиргааны нэгж байлгүй л яах вэ. Аймаг дотроо сумаараа, сум нь багаараа хуваагддаг. Цаашлаад тэр гол, энэ голоороо хуваагдаж байна. 1931 онд коминтерний хийсэн тогтолцоо байхгүй юу.
Монголчуудын үзэл санаа, үнэт зүйлсийг маш олон жижиглэж хуваах тусмаа захирахад хялбар байсан л даа. Одоо цагт намчирхал хэрээс хэтэрсэн. Манай намын хулгай гоё, танай намын хулгай муухай гэж ханддаг болж. Энэ муухай зүйлийг муухай гэж хэлээд засчихдаггүй юм байна. Биеэ оторлоод, хүчээ нөөгөөд, хол сэрмүүхнээс хараад, шүүмжлээд явах шиг амар зүйл байхгүй. Эцсийн эцэст хохирлыг нь хэн эдлэх вэ. Би энэ үгийг залуу үед хандаж хэлж байгаа юм шүү. Намууд үзэл баримтлалаа тодорхой болгох ёстой. Ардчилсан нам ч, МАН ч, борооны дараах мөөг шиг “ургаж” байгаа намууд ч үзэл баримтлалаа тодорхой болго. Олон намын тогтолцоог АН тууштай дэмжсээр ирсэн. Гэхдээ талцал хуваагдлыг багасгах ёстой.
1990 оны тухай та асуулаа. Тэр үед олон хүн эрх чөлөөний төлөө тэмцсэн. Гэхдээ ардчиллын өмчлөгч нь Монголын ард түмэн. 90 мянган хүн талбай дээр жагсаж, тэмцээ биз дээ. Харин эрх чөлөөгөө, амь насаа алдахаас айлгүй, эрсдэлийг үл хайхран зогсож байсан ардчиллын “алтан хараацай”-нуудыг, өлсгөлөн зарлаж байсан хүмүүсийг. Тэр үед монгол хүний уужуу ухаан гаргаж, буулт хийж, цус урсгахаас ангидаар ардчиллыг авч ирэхэд оролцсон бүхий л хүмүүсийн зүтгэлийг бид хайрлаж, хамгаалж, нандигнах ёстой. Одоо 1921 оны хувьсгалыг МАН өмчлөх гээд, жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөөд байдаг. С.Зориг агсныг ардчилсан хөдөлгөөний ерөнхий зохицуулагч байсан гэдэг утгаар нь АН-ынхан нь очиж цэцэг өргөдөг. Энэ тогтолцоо дахиад 20 жил өнгөрч байж арилах байх. Яагаад гэвэл, тэр үйл явдалд оролцож байсан хүмүүс нь амьд сэрүүн байна шүү дээ. Энэ хүмүүс бүгд улираад, хоёр, гурав дахь нь үе нь гарч ирж байж. Хоорондын үйл ойлголцол, гомдол нь түүхийн хуудсанд шарлаж үлдэж байж бид юмыг эрүүлээр харах боломжтой болно. Тэр үед үг хэлж байсан хүмүүсийн зарим нь төрөл арилжчихсан. Либерал хандлагатай, баруун төвийн үзэлтэй байсан хүмүүс үндсэрхэг үзэлтэй болсныг ч харж байна. Янз бүрийн сэтгэлгээний хувьслууд өрнөж л байна.
Төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс сонгуулийн зардлаа босгоно гэдэг том гэмт хэрэг шүү
-Сонгууль болох дөхөж байна. Яг энэ үед АН-ын 100 сая төгрөгийн дэнчин хамгийн том сэдэв болсон. Тэдэн хүн 100 саяын дэнчингээ өгсөн гэдэг жагсаалтыг ч зарим нь гаргаж байна. Таны нэр ч байна билээ?
-Энэ асуудлыг ярихын тулд би зарим тайлбар хийе. АН 2016 оны сонгуулийн дараа үзэл баримтлал шинэчлэх нь зөв гэж үзсэн. Манай намын нэг алдаа нь бусадтай адилхан мөнгө амалж байсан. Сая төгрөг өгнө гэхээр тухайн үеийн МАХН 1.5 сая болгож нэмээд, амлах жишээтэй. Бид баруун төвийн үзэлтэй, цомхон Засгийн газартай, мерит тогтолцоогоор үр ашигтай ажиллах боломжтой. Халамжийг хавтгайруулахгүй зорилтот бүлэгт нь өгөх. Парламентын засаглалыг дэмжинэ, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихгүй. Хоёр том гүрний дунд байгаа улс парламентын засаглалтай байх ёстой гэх мэт үзэл баримтлалаа бид баталсан мөртлөө удаа дараа зөрчихөд хүрч байсан. Тэр нь сонгуулиас, иргэдэд таалагдах гэснээс болсон. Гашуун боловч үнэн энэ.
МАН-ын тухай ярьвал их юм бий. Нэг ч татвар нэмэхгүй гэж амалчихаад 9 төрлийн татвар нэмсэн. Гэхдээ би энд аль нэг намыг шүүмжлэх гэхээсээ илүү улс төрийн намуудын алдаанд засвар хийх тухай ярих гээд байна. Нэгдүгээрт, үзэл баримтлал тодорхой байх ёстой. АН 2016 онд ялагдсаныхаа дараа үзэл баримтлалаа тодорхой болгож, 3 удаагийн ажлын хэсэг гаргаж ажилласан. Сүүлийн ажлын хэсгийг нь би 2018 оны гуравдугаар сарын 14-өөс ахалж ажиллаад, мөн оныхоо арванхоёрдугаар сарын 5-ны өдөр үзэл баримтлалаа манайх Их хурлаараа баталсан. Улмаар 2019 оны нэгдүгээр сарын 14-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн.
Үзэл баримтлал маш тодорхой болсон. Өрхийн өсөлтийг яаж дэмжих, хувь хүний эрх чөлөөг хэрхэн хангах гэх мэт. Хоёрдугаарт, Үндсэн дүрэмтэй болсон. Хэн ч гэсэн дүрмийн дагуу л тоглох ёстой. Гуравдугаарт, хүний нөөц. Дөрөвдүгээрт, санхүүгийн ил тод байдал. Тавдугаарт, оролцоо. Энэ таван зүйл намын шинэчлэлийн тулгуур хэмээн бид тодорхойлсон. Бид үзэл баримтлалаа шинэчилсэн. Ахмад, залуу үе хамтарч ажилласан, манай албан ёсны цахимд хуудаст байгаа. Дүрмээ бас шинэчилсэн, хүмүүс янз бүрээр шүүмжилдэг. Хуучин Үндэсний зөвлөлдөх хороо гээд цөөхөн хэд буюу 228 хүний дунд асуудал шийдэгддэг байсан. Харин дүрмээ шинэчилснээр АН намын дарга, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ, ҮБХ-ны бүх гишүүдээ, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагынхаа тэргүүнүүдийг анхан шатнаас нь сонгодог болсон. Дараагийнх нь нээлттэй байдал. Өнөөдөр УИХ-д нэр дэвшихээр горилогчдын 20 хүрэхгүй нь өмнө нэр дэвшиж байсан хүмүүс. 50 гаруй нь цоо шинэ хүмүүс бий. АН гэхээр л хуучин лидерүүдээр нь төсөөлдөг байсан байдал өөрчлөгдөж байна. Яах вэ, намын дарга шүүмжлэлд өртөж л байгаа. Гэвч маш олон шинэ хүн нэр дэвшихээр горилж байгаа нь нээлттэй бодлогын үр дүн.
Санхүүгийн ил тод байдлын талаар одоо ярья. Хуучин “Алтангадас”, “МоАХ” гэх мэт 5, 6 фракц байлаа шүү дээ. Тэд хоорондоо “Танайхаас хэдэн хүн дэвшүүлэх юм, 10. Танайх бас 10” гэх мэтээр хуваарилдаг байсан. Арай хүчтэй фракц нь 15 хүн дэвшүүлдэг. Фракцыг тэргүүлж байгаа улстөрч сонгуульд ямар хүн дэвшүүлэх нь түүний л дур. Санхүүжилт нь тодорхойгүй, фракцын толгой нэр дэвшигчдээ зоогоод, мөнгөө яаж босгох нь тэр хүмүүсийн асуудал байсан. Үндсэндээ томоохон компаниудаас хараат болоод, цөөн тооны олигархиудаас санхүүжилт авах магадлал өндөр байсан. МАН-ын хувьд ч адилхан. 60 тэрбумын схемийн бичлэгт М.Энхболд гуай “Цүнхтэй мөнгө аваад” гээд ярьдаг, санаж байгаа байх.
Нэгэнт улс төрийн тоглолтод тэгш оролцоо байх юм бол санхүүгийн хувьд ч ил тод байх ёстой. Та үндэсний үйлдвэрлэгч, томоохон аж ахуйн нэгжүүдээс авлига авахгүй. Кнопчин, лоббичин нь болохгүйн тулд мөнгө авахгүй ээ. Төрийн мөнгийг зарцуулж болохгүй. АН эрх бариагүй учраас төрийн мөнгө зарцуулах эрхгүй. Тиймээс зардлаа ил тод, нээлттэй босго л гэж байгаа юм. Сонгуульд нэр дэвших гэж байгаа бол зардал гарна. Сонгуулийн тухай хуулиар 500 ухуулагч, 200 шадар туслахтай байна. 700 хүний яаж цалинжуулах юм. 700 хүнийг цалинжуулах доод зардал нь 350 сая төгрөг. Монгол Улсын Сонгуулийн хуулиар ингээд хуульчлаад өгчихсөн. Аудитын байгууллагаас сонгогчдын тоотой нь жишээд, зардлын хэмжээ тогтоочихсон. Жишээлбэл, Сүхбаатар дүүрэгт өрсөлдөх нэр дэвшигчийн сонгуулийн зардал 563.5 сая төгрөгөөс хэтэрч болохгүй гэж тогтоосон. Нэр дэвшигч хамгийн багадаа 600 сая төгрөгийг яаж гаргах юм.
Наанаа мөнгө хэрэглэхгүй гэж байгаа ч цаана нь өчнөөн зардал байдаг. Сэтгүүл хэвлэнэ, ухуулагчаа цалинжуулна, телевизээр сурталчилгаа цацна, мөрийн хөтөлбөрөө тараана, иргэд, сонгогчидтой уулзалт хийнэ. Энэ мэтээр маш их зардал гарна. Энэ зардалд зарцуулах мөнгийг яаж цуглуулах гээд байгаа юм. Нэг том олигархиас авах юм уу. Эсвэл гадаадаас мөнгө оруулах гээд байгаа юм уу. АН санхүүгийн ил тод байдлаараа л үүнд хариулт өгч байна. Нэр дэвшихээр горилж байгаа хүмүүстээ мөнгө босго гэсэн. Гэхдээ гурван үе шаттай босго гэсэн бодлого гаргасан. 40, 30, 30 саяар нь босго. Мөнгө босголтын эвент хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуул, зорилтоо хэл. 100 сая төгрөг босгохын тулд 500 найздаа ханд л гэсэн. Ийм чиглэл өгсөн юм, уг нь.
Би хоёрдугаар сарын 2-ны өдөр төрсөн өдрөөрөө 500 хүний заал түрээслээд, урилгаа хэвлээд, тараагаад, Fundraising эвентээ зохион байгуулахаар зарлачихсан байсан. Гэтэл коронавирус гараад, бүх үйл ажиллагаа зогссон. Ямар нэгэн хөрөнгө босгох үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүй болсон. Дөрөвдүгээр сарын 30 хүртэл бүх зүйл зогсонги байдалтай болчихоод л байна.
-100 саяа өгсөн хүн байхгүй юм уу?
-Хассуурын Ганхуяг гээд өмнө нь манай намд элсэж байсан залуу мэдээлэл хийж байна билээ. Би тэр хүнийг хүндэлдэг, мундаг залуу. Улстөрчийнх нь хувьд биш шүү, өгөх гэж байгаа санаа, үзэл баримтлалынх нь хувьд хүндэтгэдэг. Гэтэл олон хүний нэрийн жагсаалт гаргаж ирээд яриад байна. Би үнэхээр шударгаар хэлье, 181 хүн 100 сая төгрөг өгөх ямар ч боломж байхгүй. Тэр дотор манай намын гишүүн биш хүмүүсийн нэр ч байсан. Нэр дэвшихгүй хүмүүсийн нэр ч байна билээ. Миний мэдэхээр 53 хүн гомдол гаргахаа мэдэгдсэн байсан. Намайг нэр дэвшихээ илэрхийлээгүй, ямар нэгэн төлбөр төлөөгүй байхад нэрийг минь олон нийтэд зарлаж, сэвтээж байна гэж тэр хүмүүс гомдол гаргана гэсэн. Сонгуулийн санхүүжилт ил тод байх ёстой. Эрх бариагүй сөрөг хүчин сонгуулийнхаа зардлыг босгоё, санхүүжилт босгох маягаар ажиллая гэж байна шүү дээ. Муу нуухаар сайн илчил гэдэг. Гэтэл гарал үүсэл нь тодорхойгүй мөнгөөр сонгуульд оролцвол цаана нь ямар нэг хууль бус зүйл нуугдаж байна л гэсэн үг.
100 саяын дэнчингийн асуудлыг зөвхөн С.Эрдэнэ гэдэг нэг дарга шийдээд байгаа юм биш шүү дээ. Үндэсний бодлогын хороо хуралдаж байж, санхүүжилтийн асуудлыг шийдсэн. Би тухайн үед “Өндөр байна аа. 30 саяар л тогтоо” гэдэг санал илэрхийлсэн. Бид гарын үсэг цуглуулаад, үүнийг өөрчлүүлэх гэж нэлээд явсан. Эцэстээ олонхиороо шийдсэн учраас энэ хувилбар дээрээ тогтсон. Сонгуулийн зардлыг яаж гаргах вэ гэдэг асуулт байгаа. Тухайлбал, эрх баригчид яагаад төсвийн тодотгол хийхгүй байна. Маш олон сургууль, цэцэрлэг барих гэх мэт бүтээн байгуулалтын зардал тусгачихсан. Монголд хорт хавдар шиг, гайтай нэг сэтгэлгээ байдаг нь тендер, концессоос хулгай хийх. Хоорондоо хэрэлдэхдээ хүртэл түүнийг яриад байдаг. Юу хэлэх гээд байна гэхээр, аль хэдийнэ тохироогоо хийчихсэн. Ямар ямар санхүүжилтээс хэдэн хувиа авах вэ гэдгээ тохирчихоод байгаа байхгүй юу.
Төсвийн тодотгол хийхээр тэр тохироо нь өөрчлөгдөөд, сонгуулийн санхүүжилт нь байхгүй болчихно. Төсөв, татвар төлөгчдийн мөнгөнөөс сонгуулийн мөнгөө босгоно гэдэг гэмт хэрэг гэдгийг тэд ойлгох ёстой. Харин Fundraising буюу мөнгө босгоод, хандивлагчдаа тодорхой зарлана гэдэг л шударга тогтолцоо. Сонгуулийн хуульд байгаа, иргэн 5, аж ахуйн нэгжүүд 20 саяын хандив өгнө. Гэхдээ ямар нэг өр нэхэхгүй гэдэг баталгаа шаардлагатай.
Анх гэрээ байгуулахдаа 100 сая төгрөгөө өгсөн ч гэсэн нэр дэвшиж чадахгүй бол ямар нэг ажил, албан тушаал амлахгүй шүү гэж тохирсон
-Та миний асуултад гүйцэд хариулсангүй. Өөрөө 100 сая төгрөгийнхөө дэнчинг өгсөн үү?
-АН-ын даргын сунгаанд 5 хүн өрсөлдсөн дөө. Тэгэхэд тус бүртээ 120 сая төгрөг босгосон. Бүгдээрээ л Fundraising хийгээд босгосон. Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд би 90 сая төгрөг босгож байсан. “Элит” төвд хандивын арга хэмжээ зохион байгуулаад, мөнгө босгож байлаа. Тэгвэл дэнчингийн 100 сая төгрөгийн 60 хувийг Fundraising хийж босгосон. 40 хувийг нь хувиасаа гаргасан.
-Хандив өгсөн хүмүүсийнхээ нэрийг ил тод тайлагнах уу?
-Сүүлийн 5 жилийн дотор би таван том Fundraising эвентийг удирдаж ажилласан. Харвардад явахад 60 мянган ам.доллар босгосон. Нарийн яривал 40 мянган ам.доллар босгож, 20-ыг нь “Эзэнт гүрний туульс” номынхоо хайчилбарын эрхийг нь зарж олсон. Үлдсэн 60 мянган ам.долларыг нь Харвардын их сургуулиас 2028 он хүртэл “зээлсэн”. Одоо сар болгон 530 ам.доллар төлдөг. 2028 онд төлж дуусгана. Энэ нэг жишээ нь. Дараа нь, “Дайчин чанар тэсвэрийн талбар” гээд байт харвааны том талбай байгуулсан. Тэр талбайн бүтээн байгуулалтад зориулж 1400 хүн 552 сая төгрөгийн хандив өргөж байсан. M Plus гэдэг апп байгаа, ном уншдаг. Тэнд байт харвааны сэтгүүл байгаа. Тэр сэтгүүлд бүх хандивлагчдын нэр, хэдэн төгрөг өгсөн нь бий. Харвардад явахад 487 хүн хандив өргөсөн. Тэр хүмүүсийн овог нэрийг, регистер, утасны дугаартай нь АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бөглөж өгсөн. Дурын хүн АТГ-ын вэб сайт руу ороод, С.Эрдэнэболдод хандив өгсөн мэдээллийг харах боломжтой. Ил тод байдал чухал шүү.
Би төрийн сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байна. Хандив өгсөн бүх хүмүүсийн нэр ил тод байх ёстой. Байт харвааны талбайг барих гэж байхад хандивын үйл ажиллагааг шууд дамжуулаад, “Тэр тэдэн төгрөг өглөө” гээд ил тодоор зарлаж байсан. Яг үүнтэй адил ил тод байх хэрэгтэй. “Марс” гээд төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Одоо хагас тэрбум төгрөгийн санхүүжилт босгосон. Хамгийн чухал зүйл бол үнэн. Үнэн ил тод байхдаа л хүчтэй байдаг. Миний бүх зүйл ил тод байгаа шүү.
-100 сая төгрөгийн дэнчин авах, мөнгө босгож өгөх гэдэг нь зөв. Ил тодоор сонгуулийн санхүүгээ босгож, зарлаж байна. Гэхдээ УИХ-ын сонгуульд нэг намаас 76 хүн л өрсөлдөх боломжтой. 100 гаруй, магадгүй 200 хүн дэнчингийн мөнгө өгчихдөг. 76-гаас бусад нь сонгуульд өрсөлдөх боломжгүй болно. Тэр хүмүүс яах юм. Нам ялсан тохиолдолд албан тушаалд очих уу. Хэрвээ тэгж л тохиролцож байгаа бол бидний муулж яриад байдаг 60 тэрбумын схем гэдгээс ялгаа байгаа юм уу?
-Асар том хоёр ялгаа байгаа. 60 тэрбумын схем бол яамны ахлах мэргэжилтнээс дээших бүх албан тушаалыг үнэлчихсэн байгаа шүү дээ. Тэр албан тушаал тэдэн сая төгрөг гээд үнэлгээжүүлсэн. Лангуун дээр байгаа бараа шиг. Би яамны газрын дарга болохын тулд тэдэн төгрөг төлөх юм байна гэдэг ойлголтыг авахаар л ярьж байгаа юм, тэд. Манай намын дэнчингийн мөнгө гэдэг огт өөр. Одоо хүмүүсийн яриад байгаа шиг 181 хүн дэнчингийн мөнгөө төлчихсөн юм байхгүй. Төлөлтийн тоо 100 хүрээгүй. Түүнээс гадна, намын анхан шатны байгууллага, үүрүүд, хэрэг эрхлэх газрын ажилтан, албан хаагчид гэж байдаг. Энэ хүмүүсийн цалинг яаж өгдөг гэж бодож байна. Нам гэдэг чинь төрөөс мөнгө авдаг байгууллага биш шүү дээ. Цэвэр татвар төлөгч гишүүд дээрээ тогтож байдаг юм. Тэд хандиваа өгөөд, татвараа төлөөд л явдаг.
Бид дэнчин авахдаа нэг том шалгуур тогтоосон. Ардчилсан намын гишүүн хүн үзэл баримтлалдаа үнэнч байх ёстой. Намд биш үзэл баримтлалдаа үнэнч байна гэсэн үг. Бид үзэл баримтлалаа гишүүддээ суулгаж өгөхийн тулд бүсийн чуулгануудыг хийсэн. Та албан тушаалд хүрэхийн тулд энэ намд орсон юм уу. Эсвэл үзэл баримтлалын төлөө явах гэж байгаа юу. Мөнгө, албан тушаалаас үнэтэй зүйл чинь үзэл баримтлал шүү гэдэг сургалтуудыг ч цөөнгүй. 100 сая төгрөгөө 100 хүн өгчихсөн гэж бодъё. Түүний 76 нь УИХ-ын сонгуульд нэр дэвшлээ. Анх гэрээ байгуулахдаа 100 сая төгрөгөө өгсөн ч гэсэн нэр дэвшиж чадахгүй бол ямар нэг ажил, албан тушаал амлахгүй шүү гэж тохирсон. Ямар нэгэн амлалт байхгүй. Өнөөдөр хэн нэг намын дарга “Чи тэддүгээр тойрогт очиж өрсөлд” гэж хэлж болохгүй. Тэгвэл хуучин нөгөө фракцын зарчимтай ямар ч ялгаагүй.
“Чи тэдэн хүнээ дэвшүүл. Чиний 5 хүнийг чинь би харахгүй” гээд явчихаар дараа нь УИХ-д гараад, нам хагардаг. Засаглалын хямрал болдог. Хууль, хүчний байгууллагыг ашиглаж, бие биенээ барьдаг, хорьдог тогтолцоо сүүлийн жилүүдэд явлаа. Бид бол дэнчингээ төлөөд, өөрийгөө таниулаад явж болно оо. Гэхдээ нөхөр минь, чи мөнгө төлсөн ч гэсэн нэр дэвшиж чадаагүй гээд ямар ч барьцаа, шаардлага байхгүй шүү гэдэг хатуу тохироог хийж байгаа. Сүүлийн үед АН 300, 400 сая төгрөг нэмж авах гэж байна гээд л баахан дайрсан. Тэр чинь Аудитын газар нэг нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дээд хэмжээ ийм. Ийм хэмжээнээс сонгуулийн зардлыг хэтрүүлж болохгүй шүү гэдэг зөвлөмж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль сануулж байна. Гэтэл тэрийг нь мушгиад, хэдэн зуун сая төгрөг авах гэж байна гээд байдаг. Аль ч намаас нэр дэвшсэн хүн сонгуулийн зардлын хэмжээг хэтрүүлж болохгүй биз дээ. Үүний цаана сонгогч худалдаж авч болохгүй, мөнгөөр сонгууль хийж болохгүй гэдэг хязгаарлалт хийгээд байна.
Намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус 12 дугаар хурал энэ сарын 9-ний өдөр боллоо. Би тэргүүлэгчээр суусан. Тэр хурлын үеэр санхүүгийн асуудлыг ярилцсан. Тодруулбал, нэр дэвших хүмүүс тухайн тойргийнхоо намтай хийх ажлаа харилцан тохиролцож, зарцуулах мөнгөний хэмжээгээ тогтооно. Тэр нь Аудитын газраас гаргасан хэмжээнээс хэтэрч болохгүй гэдэг асуудлыг ярьсан.
Гэр бүл, хамаатан садан, үр хүүхдээ албан тушаалд томилдог асуудлыг хэзээ ч зөвшөөрч болохгүй
-Улс төрд 20, 30 жил явсан ахмадуудыг буулгая, залуучуудаа сонгоё гээд л байна. Тэд 30 жил төрд ажиллахдаа энэ улсыг хөгжүүлсэнгүй гэдэг. Нэг талаараа үнэн л дээ. Залуучуудаа сонгоё гэхээр нэг айдас байна. Нэг чадварлаг залуу гараад ирдэг, тэрний хүн, энэ даргын гар хөл гэсэн яриа гардаг. Тийм ч байдаг. Тэрний хүн л бол тэр хүний үзэл бодлын дагуу л ажилладаг. Үүнээс бид яаж зайлсхийх вэ. С.Эрдэнэболд гэдэг залууг хэний ч хүн биш гэдэг яаж итгэх юм бэ?
-МоАХ-ны 30 жилийн ойгоор талбай дээр үг хэлээд, “Марс” төслийг Х.Баттулга Ерөнхийлөгч гадаад улсуудын төрийн тэргүүнүүдэд танилцуулахад дэмжлэг үзүүлэхээр холбож өгсөн. Тэгэхээр. Ерөнхийлөгчийн хүн гэдэг. Өмнө нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед би хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байсан. Тэгэхээр л Ц.Элбэгдоржийн хүн гэдэг. Сүхбаатар дүүрэгт намын хороо, Үндэсний бодлогын хорооны ажлаа хийхээр Д.Баттулгын хүн гээд байдаг. Бид их сургууль төгсөөд, нийгмийн амьдралд хөл тавьж байхад яах аргагүй суралцах шаардлагатай байдаг. Ахмад үеийнхээ туршлага, ажлын арга барилаас, сайнаас нь суралцахыг л хичээж явдаг. Харин 30 гараад, өөрийгөө олоод, үзэл бодол тогтоод ирдэг. 40 наснаас хойшоо тэрний хүн, энэний хүн гэж хэлүүлэх нь утгагүй. Би үүнийг эрүүл ойлголт гэж боддог. Харин хэн нэгний цүнхийг бариад, өөрийн толгойгүй, үнэт зүйлгүй юм шиг, амьгүй албат шиг байж болохгүй л гэж боддог.
-Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчдийн таамаг гээд хэвлэлүүд бичихэд таны нэрийг дурдаад байсан?
-Гурав, дөрвөн газарт нэр дэвших магадлалтай гээд л бичээд байна. Сүхбаатар дүүрэг, Дархан-Уул, Төв аймаг гэх мэтээр.
-Ярианыхаа дундуур Сүхбаатар дүүргийг хэд хэдэн удаа жишээ авсан. Тэгэхээр нь Сүхбаатар дүүрэгт өрсөлдөхөөр бэлтгэж байгаа нь үнэн юм байна гэж бодлоо?
-Би Сүхбаатар дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч. 2016 онд Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Тийм учраас Сүхбаатар дүүргээр жишээ авч яриад байхгүй юу.
-Та УИХ-ын сонгуульд нэр дэвшээд, сонгогдлоо гэж бодъё. Сонгуулийнхаа штабт ажилласан хүмүүсийг ажилд оруулах уу. Манайд яг ийм тогтолцоо л хэрэгжиж байгаа. Төрийн албыг төрлийн, танилын алба болгож хувиргадаг. Ийм тогтолцооноос салмаар байна. Юу гэж хариулах чинь сонин байна?
-Сонголтын асуудал. Та Монголын хүн баймаар байна уу, жалганыхаа хүн баймаар байна уу. Хүний амьдрал баян учраас тойргийн маань нэг хүн ирээд, хүүхэд нь өвдчихлөө туслаач гэж ирдэг. Гэр өгөөч гэх мэтээр тусламж гуйдаг. Ийм асуудлууд түгээмэл байдаг юм билээ. Би дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч учраас манай СӨХ-оос холбогдоод, дээврээс ус гоожоод байна. Явган хүний замгүй байна гэх мэт асуудал ярьдаг. Зарчмын дагуу шийдэх зүйлээ шийдээд явдаг. Энэ бол хүн хоорондын харилцаа, тухайн тойрогтоо иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах нь сонгогдсон хүний үүрэг.
Харин гэр бүл, хамаатан садан, үр хүүхдээ албан тушаалд томилдог асуудлыг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Найз, нөхөд гэдэг үүнээс арай тусдаа. Олон жил хамтарч ажиллаад, гар нийлдэг болчихсон, чадварлаг боловсон хүчин болчихоор хүмүүс найз, нөхдийн харилцаатай байдаг шүү дээ. Би парламентад сууж байгаагүй, харьцангуй шинэ хүн. Гэхдээ улс төрийн намын гишүүнчлэлтэй болоод 20 жил болчихлоо. Энэ хугацаанд хүмүүс юунд алдав, яав гэдгийг олж харж л байна. ЖДҮХС-гийн луйвар гэдэг чинь бодьтой асуудал. 130 тэрбум төгрөгийн 120-иодыг нь дарга нарын хамаатан садан авчихсан байна гэдэг чинь тэр хэмжээний ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлж, дээрэмдсэнээс ялгаагүй. Энэ маш том сигнал.
Би хувьдаа Шинжлэх ухаан, технологи, инновацийн яам байгуулах ёстой гэж үздэг
-Төрд ороход төрийн албанд ажилласан туршлага хэрэгтэй байдаг гэдэг. Төрд ороод гурван жил суралцаж байна. Дөрөв дэх жилдээ ажиллах арга олоод байж байтал солигдчихдог гэдэг. Танд төрийн албанд ажиллаж байсан түүх намтарт чинь алга байна билээ?
-Төрийн албан хаагч байсан шүү. Хууль зүйн үндэсний хүрээлэнд ажилласан. Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан чинь төрийн алба шүү дээ.
-Төрийн албанд мэргэжилтнээс нь авахуулаад ажилласан, өсөж дэвжиж явсан хүн төрд сайн ажилладаг гэвэл арай туршлага дутмаар. Эзэмшсэн боловсролыг чинь харахаар шууд л ажиллаж болох юм байна гэж бодохоор. Төрд ажиллахад төрийн албаны туршлага хэрэгтэй юу. Эсвэл эзэмшсэн мэргэжил, боловсрол нь илүү хэрэгтэй юм уу?
-Энэ хоёрыг тэр нь тэдэн хувь, энэ нь тийм хувь хэрэгтэй гэж хэлэх боломжгүй. Аль аль нь хэрэгтэй. Би Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид багшийн бичсэн төрийн албан хаагч, төр түшилцэх хүн ямар байх ёстой талаар өгүүлсэн өгүүлэл, нийтлэлийг уншиж байлаа. Тэнд өргөн мэдлэг, өндөр боловсрол, чадамжсан туршлагатай байх ёстой гэж бичсэн байдаг. Би хувьдаа Монголын төрийн албанд орж ажиллаж байгаа хүн наад зах нь түүх, соёлын мэдлэгтэй байх ёстой. Дээрээс нь ядаж нэг гадаад хэлтэй байх хэрэгтэй. Тухайн салбартаа тодорхой хугацаанд ажиллаж, туршлага хуримтлуулсан байх ёстой юм. Энэ дотроос хамгийн чухал нь жаахан хүн чанартай байх ёстой юм шиг байгаа юм. Хар, бор амьдрал мэддэг байх ёстой гэж би боддог.
Манайд одоо нэг зөрчил үүссэн. Гадаадад сургууль төгссөн, мундаг мэдлэгтэй. Гэхдээ Монголоосоо тасарчихсан хүмүүс байдаг. Гадаадад тэгдэг, ингэдэг, би тийм сургууль төгссөн гэдэг. Гадаадад сургууль төгссөн л бол мундаг гэсэн буруу ойлголт яваад байна. Нөгөө талд нь, гадаадад боловсрол эзэмших чухал биш. Хар, бор амьдрал дундуур, практик мэдлэгтэй байхад болно гэдэг. Бас л туйлшрал. Тийм биш, аль аль нь тэнцвэртэй байх ёстой. Би МУИС-ийн хуулийн сургуулийг 5 жилээр төгссөн. Гадаадад хоёр сургуульд магистр хамгаалсан. Монголын нөхцөл ямар байдаг вэ гэдгийг харьцангуй гадарладаг болчихоод гадагшаа явж сурсан. Хүүхэд байхаасаа л гадаадад сураад, бакалавр, магистраа хамгаалаад ирсэн, дэлхийн хэмжээний боловсролтой залуучууд их байна. Гэвч тэд Монголынхоо онцлогийг мэдрэх гэдэг нь их чухал л даа. Гэхдээ тэр хүмүүсийг Монголын төр ашиглах ёстой гэж боддог.
-Олон мундаг залуу улс төрд орох гэж зорих боллоо. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд, эх орондоо хувь нэмрээ оруулаад, хөгжилд оролцоод явж чадаж байна. Гэвч улс төр сонирхдог. Жишээлбэл, таны улс төрд орох, УИХ-д суухаар зорьж байгаа зорилго чинь юу вэ?
-Монголын хөгжлийн зургийг хүн хүн өөрийнхөөрөө хардаг байх. Миний харж байгаа өнцөг бол технологи, инновацийн салбарыг Монголын хөгжлийн тулгуур болгох шаардлагатай гэж үздэг. Тиймээс “Марс” гэдэг төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Би хувьдаа Шинжлэх ухаан, технологи, инновацийн яам байгуулах ёстой гэж үздэг. Одоо боловсрол, шинжлэх ухааныг нэг яам хариуцдаг. Гэтэл үе үеийн сайдууд боловсролынхоо салбарт 80, шинжлэх ухааныхаа салбарт 20-иос доош хувь анхаарч ирсэн юм билээ. Дундаж статистик нь тийм. Шинжлэх ухаан, технологи, инноваци хаягдчихсан. Гэтэл монгол залуучуудын санаачилж хийсэн олон технологи дэлхий рүү гарч эхэлж байна. Тэгэхээр миний мөрөөдөл Монголд шинжлэх ухаан, технологи, инновацийн нэгдсэн кластер байгуулах. Энэ заавал миний хийх ёстой ажил байх албагүй, тэргүүн эгнээнд нь явах ч алба байхгүй. Араас нь дэмжсэн ч, хажуугаас нь түшсэн ч болно.
Би нүүрстэй, архи дарс, лиценз, тендертэй орооцолдохгүй. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд хүмүүсийн амьдрал ямар байна. Гэр хорооллын айл яаж аж төрж байна, утааны асуудал гээд анхан шатны төрийн байгууллагын хүний нүдээр харж, ажиллаж байгаа. Тэгэхэд маш яаралтай инноваци, технологи, шинжлэх ухааны хөгжлийг Монгол руу оруулж ирэх ёстойг илүү мэдэрсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ярьж байгаад Засгийн газрын 2019-2027 оны дунд хугацааны хөтөлбөрт технологийн хөтөлбөрүүдийг тусгаж оруулсан. Ерөнхийлөгчийн Тамгын газраас Засгийн газарт санал өгөөд, оруулсан. Ажил нь эхэлсэн. Энэ заавал УИХ-ын гишүүн болох, болохгүй дээ хийх ажил биш. Гол нь бид бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшиндээ л бүх зүйлээ тодорхой болгох ёстой. Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбар үсрэнгүй хөгжих тэр бодлогуудыг хөдөлгөхөд би бэлэн байгаа.
-Төрд ордог, парламентын танхимд суудаг, кноп дардаг. Ямар нэгэн бодлого боловсруулаад явахаар бусад гишүүдийн дэмжлэгийг авах болдог. Зөв бодлогууд өнөөдрийг хүртэл дэмжигдэхгүй байгаагаас болж энэ улс хөгжихгүй байна уу даа гэж би хувьдаа боддог. Тэгэхээр зөв бодлогоо яаж дэмжүүлэх вэ гэдэг асуудал ургаж гарч ирнэ?
-Аливаа юм мэргэжлийн ёс зүй, институт, хувь хүний харилцаа гэсэн гурван зүйл дээр тогтдог. Би маш чухал хоёр санааг хэлье. Энэ ардчилсан улс учраас бие даан нэр дэвшигчдийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ 76 бие даагч гарчихвал яах вэ. Хэн хариуцлага хүлээх юм. 76-уулаа л сайд болно гэж үзнэ шүү дээ. 76 бие даагч гарчихвал урт хугацааны болон дөрвөн жилийн бодлогыг ямар институт гаргах юм. Парламент гэдэг чинь тоглоом биш. Энэ чинь бодлого боловсруулах, шийдвэр гаргах дээд түвшин. Хууль баталж байгаа. Энэ хуульд чинь институтын шүүлтүүр орж өгөх ёстой. Тийм учраас муу нэртэй, луу данстай ч гэсэн намын зохион байгуулалт байдаг юм. Намыг бүхэлд нь үгүйсгээд, 76 дуучин, спортын хүн гараад ирвэл энэ улс хаус байдалд орно. Өөрөөр хэлбэл, хямрал бий болно. Тэгэхээр голсон юм голд орж, шилсэн юм шил дарна гэдэг шиг намын зохион байгуулалт гэдэг чинь буух эзэнтэй, буцах хаягтай. Хүнээ харах ёстой. Гэхдээ тэр хүн ямар бодлого барьж байгаа нь чухал. Хүнийг царай зүс, бие бялдраар нь сонгочихдог. Гэтэл үндэсний хэмжээнд хор уршиг тарихуйц үзэл бодолтой хүн гараад ирвэл яах вэ.
Хүмүүсийн үзэн ядалтаар тэжээгдэж, популизм хөрсөлж байна. Хүмүүсийг хяд, цаазал гэдэг. Цаазын ялыг буцаагаад зөвшөөрчихвөл улс төрийн өрсөлдөгчөө намнахын тулд үснийх нь ширхгийг аваад. Шүлсээ хаясан газраас нь аваад, гэмт хэрэг зохион байгуулаад, тэр газар нь аваачиж орхиод, нотлох баримт болгочихвол яах вэ. Тэгээд л цаазлуулна биз дээ. Монгол шиг хуулийн тогтолцоо нь бүрэн жигдрээгүй, шүүхийн бие даасан хараат байдал бүрэн тогтсон гэдэгт хүмүүс эргэлзэж байгаа газар асар аймшигтай үр дагавар авчрахаар зохицуулалтуудыг популистууд хийдэг байхгүй. Ямар ч судалгааны институт байхгүй. Цээжний пангаараа л ярьдаг, явдаг. Тиймээс популистуудаас бид болгоомжлох ёстой.
Хоёр дахь чухал зүйл нь, улс төрд орно, орохгүй гэдэг хувь хүний сонголтын асуудал. Улс төрд орно гэдэг эд баялаг, нэр төр олох гэж байгаа юм биш. Өөрийнхөө хувийн цагаас илүүчилж, нийтийн төлөө зүтгэл гаргах гэж байгаа л хэрэг. Нэгэнт нийтийн төлөө ажиллана гээд сонголтоо хийчихсэн бол гоншигнох хэрэггүй. Чи 3.3 сая хүний эрх ашгийн төлөө сонголт хийгээд, УИХ-д нэр дэвшиж байгаа бол ядаж 3000 хүний дэмжлэг авах ёстой биз дээ. Ядаж 3000 хүнээс 10, 10 мянган төгрөгийн Fundraising босгох ёстой байхгүй юу. Тэгэхгүй нэг компанийн захирлын халаасанд гүйгээд орчихож болохгүй. Санхүүгийн ил тод байдал асар чухал байдаг.
-Бүгд л энэ улс орныг хөгжүүлье, сайхан болгоё гэсэн бодолтой, зорилготой төрд ордог. Би улсаа хорлоё, “идэж”, ууя”, хувийнхаа амьдралыг сайжруулъя гэж бодож төрд ордог хүн байхгүй байх гэж итгэдэг. Гэхдээ л УИХ-д ороод огт өөрөөр ажиллаж эхэлдэг. Үүнээс болоод хүмүүсийн итгэл алдарчихсан. Улстөрч болгон муу гэж боддог болсон?
-Энэ дархлааны асуудал. Зарим хүмүүс төрд олон жил явсан ч гэсэн баяжиж, таргалаад байхгүй, зарчимтэй ажилладаг. Бүр ажиллах хэрэггүй гэвэл гараад явчихдаг ч хүмүүс байна. Эхлээд хүн гэгээн сайхан зүйлийг мөрөөдөж, зөв ажил хийх зорилготой төрд орж ирдэг байх. Дундаас нь янз бүрийн лобби, хатгалгад өртдөг. Шуналаа дийлэхээ болино. Энэ хувь хүний дархлаатай л холбоотой. Албан тушаал мөнх биш. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй, нэг л өдөр явна. Тэр хүн хийсэн ажлаараа өв үлдээдэг. Энэний аав нь хогийн юм байсан юм. Тендерчин, ЖДҮ-чин юм байсан гэдэг өв үлдээх үү гэдэг чинь улс төрийн зам сонгож байгаа хүний өөрийнх нь сонголт.
Одоо зарим хүнийг албан тушаалтай байхад нь эрх мэдлээс нь эмээгээд шүүмжилж чаддаггүй байх. Харин албан тушаалаасаа буусан хүнийг дэвсэлж, муу муухайгаар хэлж байна. Р.Чойномын шүлэг байдаг даа. “Хүчтэй, ганган явахын цагт, хүн байтугай нохой хүртэл инээнэ. Ноорч ядуурахын цагт, нохой байтугай хүн хүртэл боорлоно” гэж. Тийм баймааргүй л байгаа юм. Хүчтэй ч байсан хүчгүй ч байсан үнэнийг нь хэлж чаддаг байх ёстой.
Н.Пунцагболд
Эх сурвалж: zaluucom.mn