Хөгжлийн банкны удирдлагыг шинэчилж, үйл ажиллагааны доголдол, эрсдлийг бууруулах алхмыг Засгийн газраас авч хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэрээр тус банкны одоогийн удирдлагуудын нэгээр О.Батбаатар томилогдон Эрсдлийн газрын захирааар ажиллаж байгаа.
О.Батбаатар өмнө нь 2012-2014 онд мөн Хөгжлийн банкны Актив, пассивын газрын захирлаар ажиллаж байхдаа ажлын байран дээр архидан согтуурсан, мөнгө хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр арилжааны банкинд байршуулсан, банкны өмчлөлийн нууц мэдээлэл бүхий компьютерийг зөвшөөрөлгүй авч гарсан, 5.5 тэрбумын мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хууль тогтоомж зөрчин, дур хэдэн байршуулсан зэрэг асуудлаар ажлаасаа халагдаж, үүний дараа АТГ-д шалгагдаж байжээ.
Гэтэл 2018 онд Хөгжлийн банкинд Эрсдлийн газрын захирлаар дахин томилогдон ажилласан нь хачирхалтай. Түүнийг ажиллаж эхэлсэн үеэс тус банкны эрсдэл, чанаргүй актив буурах нь байтугай улам бүр эрчимтэй өсөж, өндөр түвшинд хүрсэн гэдэг. Түүнчлэн Эрсдэл хариуцсан дэд захирал боловч ажлаа бүрэн хариуцдаггүй, төсөл санхүүжүүлэх эсэх талаарх эрсдлийн дүгнэлтэд гарын үсгээ ч зурдаггүй. Ажилтнуудаар хүссэн дүгнэлтээ дарамтлан гаргуулдаг, ажил хийхэд нь хөндлөнгөөс нөлөөлдөг хэмээн ажилчдын дунд яригддаг байна.
Хүчин төгөлдөр хууль, дүрэмд зааснаар эрсдэлийн дүгнэлтэд эрсдлийн газрын захирал гарын үсэг зурж, хянах ёстой. Мөн зарчмын хувьд ч байгууллагын эрсдлийг хариуцсан дээд албан тушаалтан заавал нягтлан шалгах ёстой байдаг байна. Гэтэл Эрсдлийн газрын захирал нь хянахаас татгалзсан ийм дүгнэлтийг үндэслэн Зээлийн хороо шийдвэр гаргадаг аж. Үүнээс харахад хэрэв асуудал үүсвэл эрсдлийн буюу барьцааны талаарх дүгнэлтийг үзээгүй, хараагүй, гарын үсэг зураагүй гэж бултан, доорх ажилтнуудаа түлхэхээр зэхэж байна гэж хардахаар байгаа юм.
Тэрбээр өөрт нь ашигтай л биш бол улс эх орны хөгжилд тустай төсөл, хөтөлбөрүүдийг хүртэл зогсоох, барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс нь хэт өндөрөөр үнэлж, банкны эрсдлийг нэмэгдүүлэх зэрэг ажилд харин идэвхитэй оролцдог гэх. Хэний ч харсан хэдхэн сая гэж хэлмээр хөрөнгийг хэдэн тэрбумаар үнэлэн зээл олгох ч энүүхэнд гэдэг. Дараагийн нэг ноцтой асуудал нь Хөгжлийн банк ашиггүй ажилласан байхад эрсдэлийн санг хүчээр бага байгуулж нэг талаас банкийг ашигтай ажилласан мэт, нөгөө талаас өөрөө бүх эрсдлээс хамгаалсан мэтээр харагдуулж, бодит байдлыг нууж тоон дээр тоглолт хийх зэргээр тайлан тавьдаг гэх.
Түүнийг өндөр цалин, урамшуулалтай, тусгай өрөөнд тухалдаг, ланд 200 хөлөглөдөг, албаны автомашин, жолоочийг ажилдаа гэхээс илүүтэй ар гэртээ ашиглан эхнэр, хүүхдээ зөөлгөдөг хэмээн албан хаагчид нь ярьдаг. Түүчнлэн ажилтнуудаа дарамталж хууль бус шийдвэр гаргуулах, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахыг шахдаг зэргээс үүдэж зарим чадварлаг ажилтан нь хууль бус дарамт шахалтыг нь эсэргүүцэж ажлаасаа гарсан гэлцдэг.
Тэр бүү хэл халагдсан ажилчдын ажлаас гарах тушаал дээр гарын үсэг зурдаггүй болохоор хууль бусаар халагдсан ажилтны нөхөн олговорыг өөрөө төлдөггүй, байгууллагаас гаргуулах, чадварлаг ажилтныг зайлуулж, өөрийн хүнийг томилуулдаг гэх яриа ч байгаа юм.
Энэ мэт хууль бус үйл ажиллагаа, дарамт шахалт тус банкинд явагдсаар өнөөдрийг хүрэхэд түүний талаар дуугарах эрх мэдэлтэй байхгүй байгаа нь гайхмаар. Одоо ч энэ байдал хэвээр үргэлжилж буй талаар ажилтнууд нь хэлж,ярьж байгаа юм. Хөгжлийн банкны тухайн үеийн гүйцэтгэх захирал Н.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, шүүхийн шатанд очоод буй талаар хэвлэлээр бичигдсэн.
Тухайн үед О.Батбаатар арилжааны банкинд хадгаламж байршуулах асуудалд актив пассив хариуцсан дэд захиралын хувьд оролцож шийдвэр гаргалцдаг байж. Гэвч энэ хүн давхар шалгуулах нь бүү хэл Хөгжлийн банкинд эргэн ирж эрсдлийг нэмэгдүүлэх ажлаа хийжээ.
Эх үүсвэр хариуцаж байгаад эрсдэл хариуцах тийм олон төрлийн мэргэжил, чадвартай хүн мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Хөгжлийн банкны өмнөх ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захиралууд нь хариуцлага хүлээж чөлөөлөгдөөд, зарим нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа.
Харин асуудал үүсгэж ажлаасаа халагдаж байсан О.Батбаатарыг шалгах нь битгий хэл түүний талаар дуугарах ч хүн олдохгүй байна. О.Батбаатар эрхмийн цаана ямар нэгэн том ар байна уу гэж хардаж байгааг нуух юун.
У.МАНДАХ