Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт нөлөөлөх замаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий "Доктор мэйк” ХХК-даа 800 сая төгрөгийн зээл авч өгсөн гэмт хэрэг үйлдсэн асуудалд гэм буруутайд тооцож 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн байдаг.
Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шүүхийн 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Анхан шатны шүүхээс Б.Ундармаад оногдуулсан 2,6 жилийн хорих ялыг хүчингүй болгож 40 сая төгрөгөөр торгосон. Ингэхдээ Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Ундармаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж хохиролгүй болгосон зэрэг нөхцөл байдал болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж биеэр эдлэх хорих ялыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Б.Ундармаа Улаанбаатарыг өмхий үнэрээс салгаж, сургуулийн насны бүх хүүхдийг үдийн хоолтой болгож өгсөн тул хорих ялаас чөлөөлж өгнө үү гэж гуйжээ
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа Давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргасан байна. Тэрбээр гомдолдоо "Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би энэ хэрэгт хамжигчаар оролцсон. Улсын яллагчаас яллах дүгнэлтдээ намайг "ард түмний итгэлийг алдаа” гэж бичсэн байсан. Мөн шүүх намайг "УИХ-д ард түмнийг төлөөлөн сонгогдож, олон нийтийн итгэлийг алдагдуулж иргэдийнхээ төлөө юу ч хийгээгүй гэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Учир нь:
А. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэгт санаачлага, идэвхтэй ажиллаж тойрогтоо "Таван толгой түлш” шахмал түлшний үйлдвэр байгуулж, 1200 гаруй ажлын байр бий болсон.
Б. Шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажлыг өөрийн тойрог 20 дугаар хороон дээр санаачилж, УИХ-ын тогтоол гарсан. Өмхий үнэр, агаар, хөрс усны бохирдол багасаж, гэр хорооллыг барилгажуулах зэрэг ажлыг хийсэн.
В. 10 орчим жил тог цахилгаангүй байсан 3000 өрх айлыг тог эрчим хүчээр хангаж, дэлхийн жишигт нийцсэн шинэ эмнэлэг, анхны эко сургууль, 9 шинэ цэцэрлэг, 5 сургууль, зам, гэрэлтүүлэг гэх мэт бүтээн байгуулалтыг хийсэн.
1-12 насны бүх хүүхдийг "Үдийн хоол”-той болгох олон хуулиудыг санаачлан иргэдийнхээ итгэлийг дааж ажилласан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас дахин нэр дэвшиж чадаагүй” гэжээ.
"Хорт хавдартайгаа олон жил тэмцэж байгаа тул хорих ялыг торгох ял болгож өөрчилж өгнө үү” гэж хүсчээ
Тэрбээр мөн Анхан шатны шүүх өөрийнх нь эрүүл мэнд, хувийн байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна гэдэг зүйлийг Давж заалдах шатны шүүхэд мэдүүлжээ.
Энэ талаар Б.Ундармаа "Би цаг, минут тутамд хорт хавдартайгаа тэмцэж байна. Би ОХУ-н Москва хотын Хавдрын төв эмнэлэгт бүдүүн гэдэсний эцсийн 4 дүгээр шатны хавдрын оноштой хагалгаанд орж, бүдүүн гэдэс, мөн s гэдсээ их хэмжээгээр тайруулж, насан туршдаа эмчийн хяналтад байх эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсан. Өвчин минь хүндэрч дахин хоёр удаа хагалгаанд орж, сүүлдээ гэдэс ил уутанцартай болж, хүндэрч, эм тариагаар торгоосон. Хүнд өвчний улмаас хүндрэлүүд үүсэж савны хавдар, дархлаа унаснаас 2013 онд зүүн нүд юм харахаа больж, эрчимт эмчилгээ хийж, одоо эмчийн хяналтад байна.
Мөн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод зүүн төвөнхийн хавдар авахуулсан. Одоо хүзүүний баруун талд мэдрэлийн хавдартай тул тогтмол нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байх шаардлагатай. Тайван орчинд эмнэлгийн хяналтад байхгүй, хугацаа алдвал баруун тал мэдээгүй болно гэсэн. Олон дахин хүнд хагалгаанд орсны улмаас зүрхний атак, инфакт болох магадлал маш өндөртэй, зүрхний ишеми өвчтэй гэсэн оноштой. Зүрх судас, амьсгалын эрхтний архаг дутмагшилтай. Даралт байнга 150/100 өндөр байдаг. Захын мэдрэлийн нарийсалттай, бөөрний архаг үрэвсэл, элгээ эмчлүүлэх шаардлагатай байгааг минь харгалзан үзнэ үү. Миний бие гэм буруугаа хүлээж хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр өргөдлөө өгсөн байсан. Иймд надад оногдуулсан хорих ялыг өөрчилж торгох ял болгож өгнө үү” гэжээ.
Харин прокурорын эсэргүүцэлд Б.Ундармаагийн ярьсан эрүүл мэндийн шалтгаантай холбоотой зарим асуудлыг няцаасан байгаа юм. Тухайлбал, "Шүүгдэгч Б.Ундармаа бүдүүн гэдэсний хорт хавдрыг авах 3 удаагийн хагалгаа хийлгэсэн гэх асуудлыг ярьж байна. ОХУ-ын Эрүүл мэндийг хамгаалах яамны хүрээлэнгийн эмчийн тодорхойлолтыг давж заалдах гомдолд хавсаргаж өгсөн. Тухайн тодорхойлолтод бүдүүн гэдэсний хорт хавдрыг тайрсан талаар тусгасан ба хэвлийгээр уут гаргах мэс ажилбарыг хийсэн талаар тусгагдаагүй” гэжээ.
Мөн Б.Ундармаа БНСУ-ын Сөүл хотод зүүн төвөнхийн хавдар авахуулсан гэдэг асуудлын талаар прокурор "Төвөнхийн мэдрэл дагасан хорт хавдар гэдэг нь эмчийн дүгнэлтэд тусгагдаагүй эргэлзээтэй асуудал байна.
2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүзүүний хорт хавдар гэх оношоор 2020 оны 12 дугаар сард хагалгаанд орсон талаарх баримтыг давж заалдах гомдолдоо хавсаргаж ирүүлсэн байсан.
Эрүүл мэндтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тусгаагүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Прокурорын бичсэн эсэргүүцлээс харахад Б.Ундармаагийн зүгээс шүүхэд гаргасан хорт хавдартай тул ялаас чөлөөлж өгнө үү гэдэг асуудал зарим талаар эргэлзээтэй болох нь ойлгогдож байна.
Ямартай ч Давж заалдах шатны шүүхээс энэ бүхнийг харгалзан үзэж түүнд оногдуулсан 2,6 жилийн хорих ялыг хүчингүй болгох шийдвэрлэсэн бололтой.
Б.Ундармаа Дээд шүүхийн шийдвэрийг эс биелүүлж шоронд эдлэх ёстой 2.6 жилийн ялаа гэртээ эдэлж байгаа юу?
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцсэн байдаг. Энэ хуралдаанаас Анхан шатны шүүхээс Б.Ундармаад оногдуулсан 2,6 жил хорих ял оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Энэ дагуу Б.Ундармаа өдийд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эмэгтэйчүүдийн хорих ангид 2,6 жилийн ялаа эдэлж байх ёстой. Гэтэл эх сурвалжийн зүгээс Б.Ундармаа хорт хавдартай гэдэг шалтгаанаар хорих ангид бус гэрээр ял эдэлж байгаа гэдэг мэдээллийг өглөө. Хэрэв уг мэдээлэл үнэн байх аваас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Д.Загджав нэг намд харьяалагддаг Б.Ундармаагийн талд үйлчилж, Улсын Дээд шүүхийн шийдвэрийг гүйцэтгээгүй гэдэг шалтгаанаар хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрох учиртай юм.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN