Л.Энх-Амгалан сайдын асуудлыг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэхийг Х.Нямбаатар сайдаас шаардав


Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирал асан доктор, проф. Д.Мөнхжаргалын өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгаланг "Шүүхийн дээр гарсан сайд” хэмээн тодорхойлж, түүний асуудлыг УИХ-ын байнгын хороогоор авч хэлэлцэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас шаарджээ.

Тэрбээр энэ тухайгаа тайлбарлахдаа "Л.Энх-Амгалан сайд шиг гүлдийж гүрийдэг даргатай таарч байсангүй ээ. Сошиалд PR-даад л байдаг. Бодит ажил дээрээ ийм байна.

МУБИС-ын захирлыг 2017 онд ажлаас халсан. Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2019.05.09-ний 0282 тоот шийдвэрээр сайдын тушаалыг хүчингүй болгож Д.Мөнхжаргалыг урьд эрхэлж байсан МУБИС-ийн захирал эгүүлэн тогтоох шийдвэр гарсан.

Хариуцагч давах, хяналт, Ерөнхий шүүгч, шинээр илэрсэн нөхцлөөр хянуулах гээд байж болох бүх шатыг гүйцээсэн боловч шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020.07.31-нд БШУЯ-нд шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч биелүүлээгүй. Иймд Шүүхээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас бичиж шийдвэр гүйцэтгэлд хүргүүлсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.08.13, 2021.01.13, 2021.03.01-ний албан бичгээр "Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай даалгасан” боловч өнөөдрийг хүртэл үл тоосон.

Өмгөөлөгч миний зүгээс ч шаардлага хүргүүлсэн, хариу ч өгөөгүй. Шийдвэр гүйцэтгэгчийг хүлээж авдаггүй бөгөөд хамгийн сүүлд өчигдөр /2021.08.31/ өдөржин үүдэндээ хүлээлгэж байгаад орой нохой шиг хөөгөөд явуулсан байгаа юм.

Гэтэл сайд гуай одоо өөр хүнийг МУБИС-ийн захирлаар томилсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 50.2 "Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан.

Гэтэл Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, парламентын гишүүн хүн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, Монгол Улсын Үндсэн Хууль, хуульт ёсыг уландаа гишгэж байдаг.

Миний үйлчлүүлэгч БШУЯ-наас хууль бусаар халагдсан нь шүүхээр тогтоогдсон ч ажилдаа орж чадахгүй байгаа 20 гаруй захирлуудын зөвхөн нэг нь юм.

Ажлаас хууль бусаар халагдаад 2 жил 4 сарын дараа Монгол Улсын Дээд Шүүх дээр ялж ажилд нь эгүүлэн томилохоор шийдэж дууссан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагадирээд дахиад жил гаруй болсон ч ажилдаа орж чадаагүй л байна. Үндсэндээ 4 жил. Энэ хугацаа дах ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан авах ч татвар төлөгч та бидний дундын асуудлаа шийдвэрлэх, цэцэрлэг, сургууль барих, зам тавих мөнгөнөөс гарч байгаа гэдгийг сана.

Энэ кейс ШШГБ хэрхэн дорд орсныг харуулж байгаа юм. Мөн нөгөө талаар Монголд хуульт ёс гэдэг зүйл арилан алга болж байгааг харуулж байна.

Нийгэм шударга ёсыг шүүхээс хайдаг ч гарсан шийдвэр нь ямар ч хүчгүй улаан тамгатай цаас болж үлдэж байна. Дагаад шүүхийн нэр хүнд ч, хуульч, өмгөөлөгчдийн үнэ цэнэ ч байхгүй болж дууслаа.

Асуудлаа хүчээр шийдэх ширэнгийн хууль руу шилжих үү?

Хууль шүүхтэй цуг ардчилал арилна шүү.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128.2-д заасан үүргээ биелүүлж Л.Энх-Амгалан сайдын асуудлыг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлэхийгХ.Нямбаатар танаас шаардаж байна” гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.