Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Акош Мадариг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс өөрийн гуравдагч хөрш, Европын Холбооны гишүүн Унгар улстай харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгдөг. Хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Унгарын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилсан, Элчин сайдын яам аа Улаанбаатарт дахин нээж, энэ оны эхээр Ерөнхий сайд Виктор Орбан албан ёсны айлчлал хийсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч буйн илрэл болохыг тэмдэглэлээ.
Унгар улс Элчин сайдын яамаа сэргээн нээснээр хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг Ерөнхий сайд хэллээ
Биокомбинат ТӨҮГ-ыг Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр бүрэн шинэчилснээр хоёр улсын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа өргөжих төдийгүй энэ төсөл нь хоёр улсын харилцааны билэг тэмдэг болохыг дурдлаа.
Хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг нийтлэг зорилтын хүрээнд Европын стандартад нийцсэн хамтарсан үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнээ ОХУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх боломж байгааг онцоллоо.
Унгарын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад жил бүр 100 монгол оюутан суралцаж буй. Оюутны тоог нэмж, 2017 оноос жил бүр 200 оюутан сургахаар болсон гэдгийг Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Акош Мадари хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.