Айлуудын газрын гэрчилгээг хуурамчаар үйлдэж их хэмжээний мөнгө авсан гэх Т.Мөнхбаатарыг батлан даалтад гаргажээ


Айлуудын газрын гэрчилгээг хуурамчаар үйлдэж их хэмжээний мөнгө авсан гэх Т.Мөнхбаатарыг батлан даалтад гаргажээ

 

АТГ-аас дүүргүүдийн Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга нарыг хууль бус газрын наймааны томоохон хэргүүдэд холбогдуулан шалгаж эхэлсэн билээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газрын дарга Н.Батсүх Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Б.Амаржаргал Баянгол дүүргийн Өмчийн харилцааны газрын дарга С.Бямбадорж, Сүхбаатар дүүргийн Өмчийн харилцааны газрын дарга Т.Мөнхбаатар нарыг ээлж дараалан хорьж цагдан баривчилсан байгаа билээ.

Тэднийг хоорондоо холбоотой байж магадгүй, бусдаас их хэмжээний хээл хахууль авсан байх магадлалтай хэмээн саатуулан шалгаж эхэлсэн байгаа юм. Өнгөрсөн долдугаар сард Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг БНХАУ-ын иргэнээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан хэрэгт сэжиглэн, цагдан хорьсон. Түүний араас Баянгол, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албадын дарга нарыг саатуулсан. Гэхдээ одоогоор Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарыг биеийн байдлыг нь харгалзан үзэж батлан даалтад гаргажээ.

Түүнийг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх зуслангийн Хадатын аманд байрлалтай "Хадат Вилла” хотхоныг барьж буй компанид 40 айлын газрын бичиг баримтыг хуурамчаар үйлдэн өгч, оронд нь олон тэрбум төгрөг авсан авлигын хэрэгт сэжиглэсэн байна. Харин Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадоржийг иргэдэд олгогдох ёстой 0.07 га газрыг нь дээрэмдэн авч, газрын захирамжийг хуурамчаар үйлдэж бусдаас их хэмжээний мөнгө авсан хэрэгт буруутгасан байгаа ажээ.

Одоогоор Баянгол, Баянзүрх дүүргийн Өмч газрын албадын дарга нар хоригдож байгаа бөгөөд тэднийг бусдаас мөнгө авч, хууль бусаар газар эзэмшүүлж, өмчлүүлсэн хэрэгт холбогдох хүний тоо цаашид нэмэгдэх магадлалтайг эх сурвалж хэлсэн бол Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албаныхан ч хуулийн байгууллагын анхааралд байгаа тухай мэдээлэл байна.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.