Хахуулийн хэрэгт холбогдоод буй Н.Батсүхийн ард дарга нар нь нуугдаж байна


Хахуулийн хэрэгт холбогдоод буй Н.Батсүхийн ард дарга нар нь нуугдаж байна

 

ЭЦГ-ынхан газрын­­хан энэ сарын 10-ны өдөр бүлэг наймаач­­дыг үйлдэл дээр нь баривчилсан тухай бид өмнөх дугаарууддаа мэдээлж байсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх гэгч этгээд БНХАУ-ын иргэн Ли овогтоос газрын урьдчилгаа хэмээн 200 гаруй сая төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх хэрэг юм. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг энэ сарын 10-ны өдөр биш наймны өдөр ажил дээрээс нь баривчлан, шууд Цагдан хорих 461 дүгээр анги руу авч явсан аж. Ямартай ч одоогоор түүнээс ганц ч удаа мэдүүлэг аваагүй, мөн ар гэрийнхэнтэй ч уулзуулахгүй байгаа аж. Түүнийг өмнө нь ГЕГ-ын орлогч даргын албан тушаалыг хашиж байхад нь мөн л арван сая төгрөгийн луйврын хэрэгт гүтгэж ажлаас нь чөлөөлж байсан гэнэ. 

Яг үнэндээ Н.Батсүхийг хууль хяналтынхан яг хятад иргэнээс 200 сая төгрөгийн хахууль авч байхад үйлдэл дээр нь барьж чадсан уу гэдэг нь асуудалтай.

Өөрөөр хэлбэл, дээрх мэдээлэл нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарсан болохоос биш цагдаагийнхан өөрсдөө Н.Батсүхийг 200 сая төгрөг авч байхад нь үйлдэл дээр нь баривчилсан гэх үгийг одоог хүртэл унагаагаагүй байгаа учраас энэ хэрэг дээрээс хэн нэгэн эрх мэдэлтний шидсэн том чулуу юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж буй юм. Ийн хэлэхийн учир нь зарим хүний ярьж буйгаар Н.Батсүх нь эрх мэдлийнхээ хүрээнд Өмч, газрын харилцаандаа хамгийн бага эрх мэдэлтэй нэгэн. Тиймээс түүнийг хятад иргэнд 200 сая төгрөгөөр газар зарж өөрийнхөө толгойг цусдах нэгэн биш хэмээн түүнийг мэдэх хүмүүс хэлж байв. Угтаа бол Н.Батсүхийг зохион байгуулалттайгаар газар зарсан гэх хэрэгт унагаж, үүний ард хэн гэгч эрх мэдэл бүхий дарга нуугдаж байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. Бүр тодруулж хэлбэл, Н.Батсүх нь эрх мэдлийнхээ хүрээнд бусдад газар олгох нь бүү хэл дарга нарынхаа баталгаажсан гарын үсэгтэй бичгээр бусдад газар олгох нь ойлгомжтой. Тэр бол зөвхөн л албаны дарга гэсэн албан тушаалтай учраас ийн хэлсэн хэрэг. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг УИХ-ын сонгуулийн өмнө хууль хяналтынхан шалгаж но-той, ноцтой зүйл илрүүлэх гэсэн боловч олж чадаагүй гэдэг. Тиймээс л баяр наадмын өмнөхөн хэн гэгч этгээдийн захиалгаар түүнийг албан өрөөнөөс нь шууд баривчилж ар гэрийнхэнд ч мэдэгдэлгүйгээр цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авав гэдэг нь хачирхалтай. Түүнчлэн Н.Батсүхийн ар гэрийнхнийг хэл ам гаргаж болохгүй, тэгвэл ял нь нэмэгдэх болно гэх үгийг ч хуулийнхан хэлсэн байгаа юм. Хэрвээ хууль хяналтынхан энэ газартай холбоотой асуудлыг сайтар шалгавал дарга нарын гарын үсгээр олгогдсон газрын мөнгө хэний дансанд орсон бэ гэдэг нь тодорхой болох нь дамжиггүй. Юутай ч Н.Батсүх нарын холбогдоод буй газрын асуудал нь нэг өрхөд ногдох талбайн хэмжээгээр тооцоолбол 45 өрхийн газар эзэмших өмч аж. 

Тухайлбал, Их цуурайтын аманд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор шинээр 52 байршилд 468 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр баталсан гэнэ. Угтаа бол хятад иргэнд зарах гэж байсан газар нь иргэдэд олгогдох ёстой байсан газар гэсэн үг. Одоогоор илэрсэн нь л энэ болохоос биш Өмч, газрын харилцааны дарга даамлууд энэ мэтээр маш олон газар зарж хөлжсөн гэдгийг бид мэднэ. 

Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар чөлөөлөх хэлтсийн дарга асан Н.Баяр, тус хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтуяа, Г.Түмэнжаргал нар албан тушаал эрх мэдлээ ашиглан, ажил мэргэжлээ ашиг хонжоо харах хэрэгсэл болгосны улмаас иргэд болон төрийн дансанд онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллаж байсан юм. Энэ мэтчилэн дурдаад байвал Өмч газрын харилцаатай холбоотой маш олон авлига, албан тушаалын гэмт хэргүүд гарч ирэх нь дамжиггүй. 

Хэрвээ хууль хяналтынхан дээрх хэргийг нарийвчлан шалгаж үзвэл уг хэрэг нь эртнээс зохион байгуулагдсан хэн нэгэн даргын өөрийн гэмт үйлдлээ далдлан нуухын тулд бага гарын хурган даргыг золиослохоор шийджээ гэж харагдаж буй юм. Ямартай ч авлига, албан тушаалын хэргийн ялыг чангаруулна гэсэн төрийн бодлого хэрэгжээд зогсохгүй энэ хэргийн цаад эздийг нь Н.Батсүхтэй хамт ил болговол зохилтой.

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.