Тодорхой шалтгааны улмаас вакцинд хамрагдах боломжгүй гэх иргэдэд зориулан анагаах ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч А.Цогцэцэг мэдээлэл өглөө.
-Covid-19 гарснаас хойш хоёр жил болсон байна. Энэ өвчний вакциныг ийм богино хугацаанд гаргаж авсан нь маш том давуу тал. Тэртээ 1923 онд анх вакцин үйлдвэрлэж байсан. Түүнээс хойш долоон төрлийн товлолт вакциныг үйлдвэрлэж, үр дүнд нь маш аюулт өвчнөөр өвдөхөөс 95-98 хувтай хамгаалж чадсан. Дархлаажуулалтын хуулиар хүүхдийг төрөөд хоёр хоносноос эхлээд 15 нас хүртэл нь энэ долоон төрлийн товлолт вакциныг хийдэг. Монгол Улс вакцинжуулалтаараа нэлээд дээгүүрт тооцогддог. Ард иргэд ч үүнд ач холбогдол өгч, хүүхдээ цагт нь вакцинд хамруулдаг.
Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр вакцин хэрэгтэй, хэрэггүй гэх олон асуулт гарч байна. Вакцин хийлгэх эсэх нь таны эрх ч таны эрх бусад хүний эрхийг хязгаарлах ёсгүй. Хоёр сая 67 мянган хүн Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдах ёстойгоос 55 хувь нь эхний тундаа хамрагдаад байна. Хоёр дахь тунгаа хийлгэснээр халдвараас 75-95 хувьтай хамгаалж чадна.
Манайд импортоор оруулж ирж байгаа вакцины 80 хувь нь хятад вакцин. Иргэд энэ вакциныг АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвд бүртгүүлэхийг хүлээж байх шиг байна. БНХАУ-ын хоёр төрлийн вакцин өнөөдөр бүртгэлийн шатанд яваа. Уг вакциныг тавдугаар сарын 15-ны дотор бүртгэнэ.
Архаг хууч өвчтэй, харшилтай хүмүүсийн дунд вакцин хийлгэж болох уу, үгүй юу гэсэн айдас байна. Уг вакцин нь уламжлалт буюу 98 жилийн түүхтэй арга дээр суурилсан. Архаг хууч өвчтэй байсан ч, харшилтай байсан ч вакцин хийлгэж болно. Гэхдээ хурц үед нь хийлгэж болохгүй. Тиймээс намжмал үед нь, эмчдээ үзүүлээд хийлгэж болно.
Вакцинд хамрагдсанаар долдугаар сарын 15-нд бид маскгүй явах боломжтой. Тиймээс бүх иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.