Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
өнгөрсөн долдугаар сард уриалга гаргаж, хууль бус орлогоо нуудаг гэх
оффшор бүсээс хөрөнгөө татаж, эх орондоо оруулж ирэх 49 хоногийн хугацаа
өгсөн билээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны мэдээлж
байгаагаар энэ бүсэд хөрөнгөтэй, данстай гэх 49 монгол иргэн байгааг
илрүүлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд уг уриалгыг ажил хэрэг болгохын
тулд Ерөнхийлөгч АТГ-ыхныг нэлээд шахсаны дүнд уг мэдээлэл нь 29
иргэнтэй холбоотой, эдгээр иргэдийн 23 нь төрийн албанд ажиллаж байсан
болон хамааралтай байгааг тогтоосон. Улмаар Улсын Ерөнхий прокурор, АТГ,
ЦЕГ-ын хамтарсан ажлыг хэсэг хэргийг одоо ч үргэлжлүүлэн шалгасаар
байгаа тухайгаа мэдээлдэг.
Хэргийг
шалгах явц тийм ч бүтэлтэй болохгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж
байсан ч тэдний нэгэн хүн аварсан нь Ч.Давааням. НИК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга тэрбээр энэ бүсээс 4,5 сая долларын хөрөнгөө татаж,
эх орондоо оруулж ирснээр тэдний ажлыг бага ч гэсэн үр дүнтэй болгосон
юм. Мэдээж ийн зоригтойгоор хөрөнгөө татаж буй нь хууль хяналтынхны өмнө
нүүр бардам байгаагийнх биз. Ардчилсан намыхан хүртэл түүнийг оффшор бүсэд хоёр данстай хэмээн мэдээлсэн ч хууль бус орлоготой гэдгийг нь тодруулж чадаагүй байдаг.
Гэхдээ тэрбээр хэвлэлийнхний хувьд тийм ч нэр цэвэр хүн биш. Өөрөөр хэлбэл түүний ойрын хүн болох Ерөнхий сайд асан С.Баяр алдарт хауснуудаасаа болж Ч.Даваанямын нэрийг нэлээд "хараар” будсан.
АНУ-ын төрийн албадын олон нийтэд нээлттэй бүртгэл мэдээлэлд түүнийг
тансаг зэрэглэлийн долоон байшинтай гэдэг нь тогтоогдчихоод байхад
"Надад өөрийн эзэмшлийн ямар нэгэн байр сууц гадаадад байхгүй. Байх тийм
шаардлага ч үгүй. Би Монголдоо амьдарч байгаа, цаашид ч амьдарна”
хэмээн гүрийсэн түүний нууцлаг хөрөнгийг хэвлэлийнхэн нэг, нэгээр гаргаж
ирсэн билээ. Энэ явцад эдгээр эрхэмүүдийн нэр холбогдсон нэгэн байрны
сураг гарсан нь тэд хоорондоо ямар харилцаатай болох, цаашлаад хэдэн сая
долларын байшинг бэлэглэх замаар өгч, авалцсан нь тодорхой болсон
байдаг. Тиймээс л НИК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Ч.Даваанямын оффшор бүсээс оруулж ирсэн 4,5 сая ам доллар С.Баяртай холбоотой байж мэднэхэмээн хардах үндэслэл болоод буй.
С.Баярын тухайд охидууд нь оффшор данстай гэдэг нь нэгэнт тодорхой болсон.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд төрийн албанд ажиллаж байгаа болоод түүний хамаарал бүхий хүмүүсийг оффшор бүсэд данстай байхыг хориглосон.
Тиймээс өнгөрсөн наймдугаар сарын эхээр Монгол Улсаас Их Британи,
Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын албан тушаалаа
хүлээлгэн өгөхөөр хүсэлт гаргасан ч түүний хүсэлтийг өнөөг хүртэл авч
хэлэлцээгүй байгаа билээ.
Ингээд С.Баяр болоод Ч.Давааням нарын сая гаруй долларын байрны талаарх мэдээллийг эргэн сөхөж байна.
С.Баярын
экс эхнэр O.Гэрэлтуяа 2007 онд АНУ-д 164 кв.метр цоо шинэ байшинг 635
мянган доллараар худалдаж авчээ. Эзэмшигчээр Орсоогийн Гэрэлтуяа, Баярын
Нандин, Баярын Бадамханд нар бүртгэгдсэн ч хожим 2011 онд 439 мянган
доллараар зарсан байна.
Харин 2007
оны 11 сарын 21-нд буюу С.Баярыг Монгол улсын ерөнхий сайдаар томилохын
урьд өдөр Баярын том охин Нандин Нью-Йоркийн Манхэттэн төвд орших
Флэтайрон (Flatiron) гэдэг индүү хэлбэртэй эртний чамин барилгын
ойролцоох тансаг хороололд 1 өрөө байрыг 895 мянган доллараар худалдан
авсан байдаг байна. Б.Нандин 2010 оны 5 сараас хойш Манхэттэний тансаг
байраа сарын 4,750-4,950 доллараар түрээслүүлж байгаад 2014 оны 5 сарын
5-нд 1,092,500 долларын үнэ хүргэж заржээ.
Тухайн
үеийн Ерөнхий сайд С.Баяр 2009 оны 10 сарын 06-нд Оюутолгойн хөрөнгө
оруулалтын гэрээнд гарын үсэг зурчихаад, 10 сарын 28-нд буюу хэдхэн
хоногийн дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд, элэгний өвчнөө эмчлүүлэх
нэрийдлээр Канадтай хил залгаа оршдог АНУ-ын Вашингтон мужид очсон
түүхтэй.
Харин 2010 оны 2 сарын 9-нд
Эрдэнэбилэгийн Сувд гэдэг бүcгүй Ч.Давааням, Даваанямын эхнэр
C.Шагдардулам нарын хамт 4516 NE 38th Street, Seattle-University
District, WA 98105 хаягтай байшинг 1,290 долларaap худалдан авчээ. Үүний
дараа 2012 онд Э.Сувд Вашингтон мужид "Gundel”нэртэй ХХК байгуулж, 2013
оны 1 сарын 10-нд Э.Сувд, Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам
нар өөрсдийн нэр дээрх байшингaa "Gundel” ХХК-д бэлэглэсэн байна.
Түүнийг нь "Gundel” ХХК 1,488,000 долларaap заржээ.
Ч.Давааням
энэ удаа С.Баярын залуу эхнэр байшин бэлгэлсэн бол өмнө нь буюу 2011
онд түүний анхны эхнэр О.Гэрэлтуяад Сиэтл хотын 322 кв.метр талбай бүхий
байшинг бэлгэлсэн байжээ. Өөрөөр хэлбэл бие биедээ бэлгэлдэг, хэт
хямд, заримдаа ашигтай зардаг нь тэдний мөнгө угаах арга байж болохоор
байгаа юм.
2013 онд Э.Сувд, С.Баяр
нар хамтдаа амьдарч байсан Сиэтлийн 5 унтлагaны өрөө, 5 ариун цэврийн
өрөөтэй, 510 кв. метр талбай бүхий байраа $4,298,000 зарсан байдаг.
Ийм байдлаар хаанаас олсон нь мэдэгдэхгүй их хэмжээний үнэлгээтэй үл
хөдлөх хөрөнгүүдийг эргэлдүүлэн мөнгө угаах байдлаар С.Баяр эхнэрүүд
болон охидын хамтаар АНУ-д аж төрж түүний эл бизнест Ч.Давааням мөн хоёр
дахь эхнэрийнхээ хамт оролцдог гэх мэдээлэл бий. Тэгвэл үүнийг батлах
мэт түүний хамсаатнууд болон охид нь оффшор данстай гэх мэдээлэл
баримттай гарсан. С.Баярын үл хөдлөх хөрөнгүүдийн асуудлыг Оюунтолгойн
гэрээтэй холбоотой, шуудхан хэлэхэд гэрээ хийснийхээ хөлсөнд авсан байж
болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн асан Г.Уянга АТГ-д шалгуулахаар өгсөн ч
хэргийг прокуророос хаасан байдаг.
24tsag.mn