"Монголын сантехникчдийн хөгжлийн нийгэмлэг” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Х.Пүрэвсүрэнтэй ярилцав.
Дэлхийн сантехникийн өдрийн тухай ярилцлагаа эхлэх үү?
"Дэлхийн сантехникийн зөвлөл”-өөс 2010 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 11-д "Дэлхийн сантехникийн өдөр”-ийг /World Plumbing Day/ тэмдэглэж байхаар болсон. Дэлхийн улс орнууд энэ өдрийг тэмдэглэхдээ сантехникчдийн баяр, уралдаан тэмцээн, сургалт семинар хийх, сантехникийн инженер техникийн ажилтнууд өөр хоорондоо нөхөрлөн сурч мэдсэн мэдлэг, туршлагаа хуваалцах, харилцаа холбоогоо өргөжүүлэх, цэвэр ус, аюулгүй эрүүл ариун цэврийн байгууламжийн чанар хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллах арга, боломжийн талаар хэлэлцэж, сантехникийн мэргэжлийг сурталчилан хэрэглэгчдэд мэдээлэл хүргэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулдаг.
"Монголын сантехникчдийн хөгжлийн нийгэмлэг” ТББ нь хэзээ ямар зорилгоор байгуулагдсан бэ?
"Монголын сантехникчдийн хөгжлийн нийгэмлэг” НҮТББ маань анх 2019 онд үүсгэн байгуулагдсан. Монголын сантехникчдийн ажил мэргэжлийг нийгэмд сурталчлан таниулах, соёл боловсролд нь дэмжлэг үзүүлэх, ажиллах эрч хүч, урам зоригийг бадраах, идэвх санаачилгыг өрнүүлэх, ур чадвар, хандлагыг нь хөгжүүлэх зорилготой. Сүүлийн жилүүдэд орон сууцны барилга олноор баригдаж, сантехникийн инженер техникийн ажилтнуудын эрэлт хэрэгцээ их нэмэгдэж байна. Сантехник нь "санитарная техника” гэсэн орос үгний товчлол ба монголчилбол эрүүл ахуйн техник гэсэн үг бөгөөд барилгыг ус дулаанаар хангах, бохир усыг татан зайлуулж цэвэрлэх, агаар сэлгэлт гэсэн хүний эрүүл мэндэд нэн чухал ач холбогдолтой цогц үйл ажиллагаа юм. Та бидний ажиллаж амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд жилийн дөрвөн улирлын халуун хүйтэн, өдөр шөнийн аль ч үед, цар тахлын үед ч байнгын бэлэн байдалд байж ажил үүргээ гүйцэтгэдэг хүмүүсийн нэг бол сантехникчид юм. Сантехникийн тоног төхөөрөмж, инженерийн шийдэл, сантехникчийн үйл ажиллагаанаас тухайн барилгад ажиллаж амьдрах хүний тав тух, эрүүл ахуй хамаарч цаашлаад барилгын үнэ цэнэ, нийгмийн эрүүл мэндэд ч нөлөөлж байдаг. Тэгэхээр сантехникчдийнхээ идэвх, урам зоригийг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадварыг нь хөгжүүлэхэд манай байгууллагын үйл ажиллагаа чиглэгдэж байна.
Танай нийгэмлэг байгуулагдсан цагаас хойш ямар үйл ажиллагаанууд явуулаад байна вэ?
Сантехникийн засварчдын амжилт бүтээлийг үнэлэх, ажил үйлчилгээг сурталчлан таниулах, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, идэвх санаачлагыг дэмжих, ажиллах эрч хүч, урам зоригийг бадраан урамшуулах зорилгоор "Алтан газов” нэртэй сантехникийн засварчдын ур чадварын уралдааныг 2019, 2022 онд зохион явууллаа. Ковидын улмаас 2020, 2021 онд зохион байгуулаагүй. Газов гэдэг маань засварчдын ажлын гол багаж юм. "Алтан газов-2022” уралдаанд Улаанбаатар хотын улсын болон хувийн орон сууц нийтийн аж ахуйн байгууллагуудаас шалгарсан шилдэг засварчид оролцож 3 төрөл ажилбараар тус бүр алт, мөнгө, хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээр шалгарсан 3 засварчин "Алтан газов” цом, мөнгөн шагналын эзэд болсон.Мөн 2022 оны 10 сарын 21-ний өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордны их танхимд "Алтан газов-2022” шагнал гардуулах ёслол, "Сантехникч танд талархъя” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулсан.
Дашрамд хэлэхэд эдгээр үйл ажиллагаануудыг дэмжин ажиллаж, оролцсон "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, "Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн нийгэмлэг” ТББ, "Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо” ТББ, "Монголын орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо”, "Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл”, "Барилгын политехник коллеж” "Хаан даатгал” ХХК болон бусад байгууллага, хувь хүмүүстээ талархснаа илэрхийлье.2022 онд сантехникийн чиглэлээр ажиллаж байгаа 40 гаруй инженерүүдэд ажлын туршлага, шинэ мэдлэг, мэдээллээ солилцох зорилго бүхий "Хамтдаа хөгжье” сургалтыг зохион байгууллаа.Өнгөрсөн онд манай ТББ нь "Дэлхийн сантехникийн зөвлөл”-ийн гишүүнээр элссэн. Ингэснээр дэлхийн хөгжилтэй орнуудын сантехникчидтэй туршлага солилцох, шинэ техник технологи, мэдээ мэдээлэл авах, харилцан суралцах зэргээр хамтран ажиллах боломжтой болсон.
Сантехникч мэргэжлийн онцлог нь юу вэ?
Би өөрөө сантехникийн инженер мэргэжил эзэмшээд мэргэжлийнхээ дагуу орон сууц нийтийн аж ахуйн байгууллагад 30-аад жил ажиллажээ. Энэ салбарын ажилтнууд гэхэд хоногийн 24 цагт утсаа унтраах, салгах эрхгүй байдаг. Өвлийн хүйтэнд шөнө шугам хагарлаа, цахилгаан тасарлаа гээд залгахад яаралтай бэлэн байдалд байдаг. Зун засварын ажлын ид үе тул дуртай үедээ амралтаа авах ч эрхгүй, ажлын эрхээр амьдралаа зохицуулдаг хүмүүс байдаг. Эмч, цагдаа нар маань ард иргэдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө байнгын бэлэн байдалд ажиллаж байдагтай адил сантехникч хүн ч гэсэн иргэдийнхээ ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд мөн л 24 цагийн турш бэлэн байдалд ажилладаг.
Ковидын цар тахлын үед ээлжээр олон хоногоор ажил дээрээ байрлан бүх байгууллагуудыг, орон сууцны байруудыг, иргэдээ халуун, хүйтэн ус, халаалтаар тасралтгүй хангах ажлыг хийж үүргээ сайн биелүүлсэн. Сантехникчийн ажлыг цахимаар хийх ямар ч боломжгүй юм даа. Ус, дулаан доголдож тасалдахад л юу болов гээд сантехникчийг санадаг болохоос бид гэртээ, ажил дээрээ тав тухтай байхдаа Сантехникчийнхээ хүнд хүчир, цаг наргүй ажил, өнөөгийн эдийн засгийн хүнд үед гал алдуулчихгүйг хичээн бараг л урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэгч шиг ажиллаж байгааг тэр бүр анзаардаггүй шүү дээ. Тэднийхээ энэ хөдөлмөр зүтгэлийг үнэлэх, ойлгох, урам зориг, эрч хүч нэмэх зүйл дутагдаад байх шиг.
Энэ онд ямар ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?
Бид сантехникийн чиглэлийн мэргэжилтэй хүний нөөцийг бэлдэх, мэргэжилтэй ажилтнуудыг чадавхжуулах тал дээр анхаарч байна. Барилгын сантехникч, цахилгаанчин, гагнуурчин гэх мэт мэргэжлээр иргэдэд мэргэжил олгох, мэргэжилтэй ажилтнуудыг чадавхжуулах чиглэлээр богино хугацааны сургалтын хөтөлбөрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээр батлуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас сургалтын зөвшөөрлөө саяхан авлаа. Орчин үед ажилтнуудын мэдлэг, ур чадвараас гадна харилцаа, хандлагыг чухалчилдаг болсон. Бид энэ талаар сургалтын хөтөлбөртөө оруулж байгаа нь онцлог юм.Мөн "Сантехникч сайхан мэргэжил” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ төсөл нь сантехникчийн ажил мэргэжлийг нийгэмд таниулах, үнэ цэнийн ойлгуулах зорилготой. Төслийн хүрээнд сургалт, өдөрлөг, аян, нэвтрүүлэг, видео контент хийгдэнэ.
Бидний цөөн хормын ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Уншигчдад хандаж юу хэлэх вэ?
Иргэдийн эрүүл, тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, эрүүл ахуйг сайжруулах, байгаль орчны бохирдлоос сэргийлэх, бохирдлыг бууруулахад сантехникчдийн хувь нэмэр их юм. Иргэн та ч гэсэн амьдралын чанараа сайжруулья гэвэл сантехникийн тоног төхөөрөмжийнхөө хэвийн ажиллагаа, инженерийн шийдэлд анхаарч сантехникчдийн ажил үйлчилгээг дэмжээрэй.