Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Их насаар үргэлжилж байна.
Энэ жил Их насанд 220 хурдан хүлэг бүртгүүлсэн. Харин сэрвээний өндрийг хэмжиж, 70-ыг нь хассан юм.
Үүнд өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, С.Энхтөрийн Дүүгүүр хээр багтжээ. Ихээхэн хүлээлт үүсгэсэн, морь сонирхогчдын дунд хурдан хүлгээрээ алдартай Дүүгүүр хээр яагаад хасагдсан талаар уяач С.Энхтөрөөс тодрууллаа.
-Дүүгүүр хээрийн сэрвээний өндөр хэдэн см-ээр хэмжигдсэн бэ?
-141.4 см. Их насыг 141 см-ээр таслах дүрэмтэй.
-Та өөрөө сүүлд хэзээ хэмжсэн бэ?
-Дөнгөж өнөө өглөө. 140 см хүрэхгүй байсан. Ноднин Дүүгүүр хээр Үндэсний их баяр наадамд түрүүлсэн. Мөн "Их хурд"-д түрүүлсэн. Уржнан Ховд аймгийн наадамд ч түрүүлсэн. Сэрвээний өндөр хэмжээнээс давж байгаагүй. Энэ жил ч их хичээж уясан.
-Ямар байр суурьтай байна вэ. Энэ жил их олон морь сэрвээний өндрөөр хасагдаж байна?
-Дүрэм журмынхаа дагуу хасагдах нь зөв л байх. Гэхдээ ийм хариуцлагагүй хэмжиж болохгүй шүү дээ. Өчигдөр миний хязаалан бас хасагдсан. 2 мм-ийн зөрүүгээр. Би "Яах вэ" гээд л өнгөрсөн. Өнөөдөр Дүүгүүр хээрийг маань хасчихлаа. Энэ бол бүтэн жилийн хөдөлмөр. За, хөдөлмөр ч дүүрч. Энэ хурдан хүлгийн түүхэн амжилт гэдэг юм чухал. Энгийн ардын морь уралдаж болдоггүй, хэцүү нийгэм юм байна. Хэн хүнд заяахгүй хурдан хүлгээ цаг хугацаанд нь амжилттай уралдуулмаар л байлаа.
-Та маргаан үүсгэх үү?
-Баяр наадам болж байгаа хойно, хэрүүл хийсэнгүй. Дараа нь бол шүүхэд хандана гэж бодож байна. Шүүхэд хандаад, сэрвээний өндрийг үнэхээр зөв хэмжсэн нь тэр байх юм бол би Дүүгүүр хээрийн өмнөх амжилтуудыг ч хүчингүй болгоно.
С.Энхтөр нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын уяач, Ардчилсан намын гишүүн юм. Зарим хүмүүс түүнийг нутгийн болоод намын ялгаа гаргаж, хурдан хүлгийг нь хаслаа хэмээн шүүмжилж байна.
Эх сурвалж: eguur.mn