Булган аймгийн Орхон сумын Халиун багийн "Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т наймдугаар сарын 31-ний өдөр "Орхон” голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг есдүгээр сарын 02-ны өдрийн 20:25 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ. Эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 02-ны өдрөөс 07-ны өдөр, мөн 16-ны өдрөөс 23-ны өдөр, аравдугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрийг дуустал тус тус зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зогсоосон байна. 44 настай Л /эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Сэлэнгэ аймгийн Орхон сумын "96 дугаар точка”-ын төмөр бетонон гүүрнээс Шаамар сумын "Дулаанхан” гэдэг газар хүртэл 53 км-т завиар урсаж, тус аймгийн Орхон сумын "Шар дэрс” гэдэг газраас голын урсгалын дагуу 38 км-т эрэлч нохой, нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/-оор, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид тус аймгийн Орхон сумын "Орхон” багаас Сайхан сумын Номгон багийн "Дэрст булан" гэдэг газар хүртэл 33 км зайд завиар урсаж, явганаар 32 км зайд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоож, өчигдөр дахин эхлүүлжээ.
Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн "Эрэгмэг” гэдэг газар "Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой // суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. 11.11-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Хөлдсөн нууранд 85 цооног гарган 5 удаа шумбалт хийж ажилласан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул орой эрлийг түр зогсоож, өнөөдөр өглөө дахин эхлүүлээд байна. Нуур хөлдөж мөсний зузаан зах хэсэгтээ 10-15 см, гол хэсэгтээ 6-7 см зузаантай болжээ.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн "Тэнгис” гэдэг газар "Шишгэд” голын мөс цөмөрч 1 автомашин живсэн тухай дуудлага энэ сарын 09-ний өдрийн 23:26 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд өчигдөр "УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан 58 настай Б /эрэгтэй/-ийг "Шишгэд” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 12:39 цагт голын эргээс 25 метрийн зайд мөсөнд наалдсан байсан цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын шүүх шинжилгээний албаны шинжээчид өгч, 15:39 цагт автомашиныг татан гаргасан байна.
Иймд иргэд гол, нуурын ус бүрэн мөстөөгүй байгаа энэ үед аль болох гүүр, гармаар зорчихыг анхааруулан сануулж байна.