"Зам гүүрийн хорьдугаар товчоон” гэдэг Хятадын компанийг монголчууд төдийлөн мэдэхгүй. Харин Яармагийн давхар гүүр, Замын цагдаагийн урдах гүүрийг барьсан компани гэвэл нийслэлчүүд хийсэн бүтээсэн бүтээн байгуулалтаар нь андахгүй. Тус компанийн инженер Чен Хо-г гишүүн Б.Дэлгэрсайхан ЧГД-ийн 3 хороонд байрлах, "Теди” төвийн урд талын оффистоо удаа дараа дууджээ. Ажил хэргийн уулзалт болно хэмээн итгэсэн инженер Чен Хо, орчуулагч Ван Дү Мэг дагуулан 11 сарын 11-ны 17 цагийн үед очжээ. Тэгтэл УИХ-ын эрхэм гишүүн Б.Дэлгэрсайхан инженер Чен Хог "Чи муу яагаад маскаа авдаггүй юм бэ?” гэх шалтгаанаар хамран тус газар нь хэд хэд цохиж, хамрыг нь хугалан, шилбэ, тархи толгой руу нь хайр найргүй өшиглөж, гараараа цохиж гарчээ. Орчуулагч Ван Дү Мэ
"Дарга та чинь УИХ-ын гишүүн хүн ингэж болохгүй” хэмээн дундуур нь орсон биш гарынхаа хурууг гэмтээж, алганы амт амсаад авчээ. Тэгмэгц гишүүн Б.Дэлгэрсайхан "Наад муу янхнаа энэ өрөөнөөс гарга” гэж хамт байсан залуустаа тушаагаад өрөөнөөс Ван Дү Мэг чирч гарган хаалга хаагджээ. Хаалганы цаана Б.Дэлгэрсайханы араатан шиг архиран зодох чимээ, Чен Хогийн бахирах цаг орчим сонсдож байсан аж. Энэ хооронд гишүүний дагалдан яваа залуус Ван Дү Мэгийн бичиг баримтыг хураан авч, нэгжлэг явуулжээ. Орчуулагч эмэгтэй цагдаад дуудлага өгсөн бөгөөд удалгүй Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бие бүрэлдэхүүн, ахлагчаар нь ахмад Н.Гантулга ирсэн байна. Түргэн ч бас ирэв. Хохирогч Чен Хо-гийн шилбэний махыг яртал зодож, гандан яс нь цухуйсан байсан бөгөөд түргэн тусламж хурдан ирсэн тулдаа боолт хийж өгөөд Гэмтлийн эмнэлэгт яаралтай очиж оёо тавиулах зөвлөгөө өгөөд явжээ. Хохирогчийг хууль ёсны өмгөөлөгч, орчуулагч нар дагалдан ГССЗК-т үзүүлж, шинжилгээний хариуг нь авсан байна.
Чен Хо-гийн хамар хугарсан, тархинд цус хурсан, өвдөг бяцарсан, шилбэний 10 см орчим ярагдсан махыг нийлүүлэн оёжээ. Яаж зодохоороо шилбэний махыг нь ярж, ясыг нь цухуйтал зоддог байна аа? Орчуулагчийн ярьж буйгаар ширээн дээр рашааны хоёр шил байсан. Түүгээр зүссэн байх магадлалтай. Эсвэл хутга, мохоо зүйл байж болно. Арай гишүүн Б.Дэлгэрсайхан садист маягаар зодож, хүнд гэмтэл учрууллаа гэхэд хятад инженерийн шилбэний махыг шүдээрээ тас хазсан баймааргүй сэн. Гэхдээ гэмтлийн зэрэг тогтоогдож, мөрдөн байцаалтаар бүх зүйл тодорхой болох тул илүү тайлбар хэлмээргүй байна. Төрд тангараг өргөсөн, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы энэхүү балмад хэрцгий явдлыг тус компаний удирдлагууд зүгээр өнгөрөөхгүй нь мэдээж. Эхний ээлжинд УЕП, Монгол улсад суугаа БНХАУ-ын онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, Гадаад Хэргийн яам, ЦЕГ, УИХ-д албан тоот бичиг явуулж, хэвлэлийн хурал зарлахаар төлөвлөжээ. Арай ч дээ, Монгол улсад хууль гэж байдаг юм уу, УИХ-ын гишүүн нь араатан шиг авирлаж явна!
Эх сурвалж: Хориотой Сонин
Сэтгэгдэл