Инфляцийн өсөлтийг Монголбанк тогтоон барих гэж бодлогын хүүгээр дамжуулан түүнтэй "ноцолдож” ирсэн.
Тэгвэл энэ он гарсаар инфляци үргэлжлэн буурсаар наймдугаар сард хасах утгатай гарав. Энэ нь эдийн засгийн хэллэгээр дефляци. Монгол Улс зах зээлийн эдийн засагтай золгосноос хойш хэрэглээний үнийн индексийг хэмжиж байдаг инфляци доголдсон нь түүхэн дэх анхны сөрөг үзэгдэл болж байна.
Мөнгөний бодлогын зөвлөл шийдвэрээ эргэж харахаар болов
Хөгжингүй орнуудад үе үе ажиглагдах энэ үзэгдэл хөгжиж яваа манай орны эдийн засагт шинэ байхаас аргагүй юм. Энэ нь бараа үйлчилгээг худалдан авах хүмүүсийн эрэлт, хэрэгцээ буурч, эдийн засгийн агшилт эрчимтэй гүнзгийрч буйн илрэл. Инфляци нам, тогтвортой түвшинд байх нь эдийн засгийн хөгжилд бодитой эерэг нөлөө үзүүлдэг. Түүнээс хасах утга нь эдийн засагт сөрөг үр дагавар ихтэй аж.
Тиймээс инфляцийн өсөлтийг Монголбанк энэ онд долоон хувиас хэтрүүлэхгүй байлгах зорилт дэвшүүлсэн.
Төв банк 2013 оноос хойш инфляцийг нэг оронтой тоонд тогтвортой хадгалахаар зорьж ирсэн. Энэ зорилт хэдийнэ хангагдсан билээ.
Инфляцийн түвшин тэг хувиас доогуур болох үед дефляци үүсдэг. Тэгвэл хэрэглээний үнийн индекс хасах утгатай гарснаар манай улсын эдийн засаг хөшүүн байдалд орсон нь анхаарал татаж байна. Хэрэглээний сагсанд багтах бараа, үйлчилгээний үнэ буурахад мах болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн унасан нь дээрх байдалд голлох нөлөө үзүүлжээ. Бараа, үйлчилгээний үнэ буурахад улирлын онцлог ч нэг талаар нөлөөлсөн байна. Махны нийлүүлэлт өдийд нэмэгддэг цаг. Энэ утгаараа тухайн жилийн хамгийн хямд үнэ энэ үед л ноёлдог.
Хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа, үйлчилгээнээс бүрддэг
Монгол Улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа, үйлчилгээнээс бүрдэж буй. Үндэсний статистикийн хорооноос айл өрхүүдийн хэрэглээ, түүний хэв маягт судалгаа хийсний үндсэн дээр хэрэглээний барааны сагсны бүтцийг тодорхойлдог. Дефляци үүссэн нөхцөлд дотоодын компани, аж ахуйн нэгжийн алдагдал нэмэгдэх бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулахад хүргэдэг талтай. Ийм нөхцөлд ажлын байр хумигдаж, бизнесийн үйл ажиллагаа алдагдал "үйлдвэрлэж” эхэлдэг байна.
Монголбанкны захирлуудын зөвлөл бодлогын хүүгээ өнгөрсөн сард 4.5 нэгжээр нэмэгдүүлж, 15 хувьд хүргэсэн нь инфляци дефляци руу "гулсахад” нөлөөлсөн хэмээн зарим эдийн засагч үзэж байгаа юм. Тэдний олонх нь төсвийн алдагдал болон мөнгөний хатуу бодлоготой холбон дээрх нөхцөл байдлыг тайлбарлах аж. Ам.доллартай харьцах төгрөгийн ханш наймдугаар сард 10 орчим хувиар суларсан. Тэгвэл энэ сард валютын ханшийн өсөлт үнийн өсөлт болж, эдийн засагт нөлөөлөхөөр байгааг хоёр эдийн засагч тутмын нэг нь хэлж байна.
Энэ тохиолдолд эдийн засагт үүсээд байгаа дефляци богино хугацаанд хадгалагдах магадлал өндөр аж. Төсвийн хөрөнгө оруулалт зогсчихсон байгаа энэ үед мөнгөний нийлүүлэлтээр эдийн засаг болон бизнесийн орчныг дэмжих боломж байгааг эдийн засагч Г.Рагчаасүрэн дурдсан юм. Импортоос үлэмж хамааралтай эдийн засагт валютын ханш хамгийн их нөлөөтэй байдаг. Энэ нь дунд хугацаанд инфляци өсөлттэй гарахад нөлөөлөх томоохон хүчин зүйлийн нэг.
Төв банк инфляцийг нэг оронтой тоонд хадгалахаар зорьж байна
Уг таамгийг аль хэдийнэ эдийн засагчид гаргаад эхэлсэн байна. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сард багтан хуралдахаар тов зарлалаа. Мөнгөний нийлүүлэлт тасралтгүй буурч, эдийн засгийн суурь үзүүлэлт хасах утга руу тэмүүлж байгаа нь мөнгөний хатуу бодлогыг эргэж харахад ийн хүргэсэн бололтой. Хэрэв бодлогын хүүг бууруулсан тохиолдолд хасах утгатай хэрэглээний үнийн индекс өсөлттэй гарах нь зүй тогтол аж. Бодлогын хүү буурснаар мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх, улмаар эдийн засгийн идэвхжил ялимгүй сэргэх талтайг эдийн засагч Д.Лхагвасүрэн онцолсон юм.
Бараа, бүтээгдэхүүний борлуулалт удааширч, эргэлт саарсаар байгаа. Энэ нь үнийн өсөлтийн график "хугарах” шалтгаан болж буй. Тэгвэл валютын ханшийн нөлөө импортын үлэмж хэрэглээтэй манай эдийн засагт орж ирэхээр байгааг зарим эдийн засагч санууллаа. Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сөрөг гараад байгааг анзаарсан хүн олон биз. Хамгийн гол нь инфляци хасах утгатай байгаа нь ажлын байр болон татварын орлогыг бүрдүүлдэг дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө авчрах, үүний үр дагавар ажилгүйдэл, ядуурлыг улам хөөрөгдөх талтай.
Төгрөгийн ханш чангарч буй боловч бизнесийн идэвхжил аажмаар суларч байгаа нь инфляцийн "уналт”-аар илэрсээр. Хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн сагсанд мах, сүү, өндөг, хүнсний ногоо жин дардаг. Эдгээр бүтээгдэхүүний үнэ наймдугаар сард нийлүүлэлтээс шалтгаалж буурсан бол дунд хугацаанд тогтворждог билээ.
Тэр тусмаа хүнсний ногоо болон махны үнэ улирлаас ихээхэн хамаардаг. Энэ нь үнийн уналтыг улам хурдасгах аж. Иргэдийн хувьд хямд бараа, бүтээгдэхүүн худалдан авах боломж бүрдэх ч эдийн засагт том зургаараа тэлэлт бус агшилт бий болгож байгааг зарим эдийн засагч өгүүллээ.
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ