АН-ын жинхэнэ босс нь Н.АЛТАНХУЯГ УУ???


Шийдлийн Засгийн газар унаж, Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрөөд байна.

Энэ хооронд АН болон ард түмний үгэн мөндрөөр хайр найргүй нүдүүлж байгаа энэхүү Засгийн газар хэзээ унах нь цаг хугацааны л асуудал болоод байна. Учир нь эдийн засаг хүнд байдалд байгаа энэ үед сөрөг намаас дэмжиж ажиллах нь бүү хэл олон нийтийн дунд МАН-ын нэр хүндийг унагаах, санаачилсан ажилд нь саад болох оролдлогуудыг ар араас нь хийсээр.

Авдаг цалин нь нийгмийн дундаж орлогынхонтой ижил түвшинд байхад төрийн ажил руу ийн улайрч, суудлаасаа буусандаа өширхөөд байгааг нь харахад төрийн ажил ч тун өгөөжтэйдэг шүү.

Унасан бөх ууртай ч гэдэг.

Уг нь АН-д улсаа аврах боломж байсан, гэвч тэд нам болон хувийн эрх ашгаа улсын эрх ашгаас дээгүүр тавьж 2016 оны сонгуульд ялагдсан. Намаа унагасан хүн нь З.Энхболд мэт боловч яг хачир дээрээ тэд бүгд хариуцлагагүй байсан. Гэвч үүнийгээ ухамсарлахын оронд төр ард түмний хооронд яс хаян хагаралдуулж, Засгаа огцрохыг шаардаад байгаа нь төрийн ажил явуулж байсан нам гэхэд итгэмээргүй ч юм шиг.

Ер нь төрийг хувийн өш хонзонгоо авах хэрэгсэл болгон ашигладаг моод дэлгэрээд байгаа нь манай улсын хувьд эдийн засгийн бус ёс суртахууны хүнд доройтолд орсны шинж гэлтэй.

2016 оны сонгуулийн дөнгөж өмнө Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан Норовын Алтанхуяг сэтгүүлчдийг төрийн ордны танхимд дуудан, тун хачирхалтай мэдэгдлийг хийж байсан.

Тэрээр өдгөө МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг буруу бүхний ЭЗЭН хэмээн зарласан.

Байгуулагдаад 25-хан жилийн нүүрийг үзэж буй энэ нам Монголын олон залуусын итгэл найдвар, цог заль, хүч хөдөлмөр дээр боссон. Харамсалтай нь үүний үр шимийг өнөөдөр цөөн хэдэн хүн л хүртэж байна. Үүнд намын гишүүд дэмжигчид нь тийм ч дуртай байдаггүй. Намын дарга руугаа оймсоо шидэх, намаас гарсан Ерөнхийлөгчөө МУУ ХҮН хэмээн зарлан тунхаглах, өөрсдийгөө дотроосоо огцруулах, унагах, гүтгэх, хэлмэгдүүлэх гээд энэ намд байхгүй юм алга.

Тэгвэл одоо энэ намын шинэчлэлийн нүүр царайгаар Норовын Алтанхуяг тодроод байна.

Улс төрч хүнийг маазарч болохгүй гэх хуульгүй ч мань хүнийг тун марзан гэдэг. Тэрээр би үнэнийг илчилнэ, юунаас ч айхгүй, юу ч болж магадгүй хэмээн мэдэгдэж байсан ч тэрхүү мэдэгдлийнхээ хариуд нам дотроосоо ганцаараа тодоос тод гэрэлтэж байна.

Фракцдаа нэр хүнд сайтай түүнийг нам нь харин дэмждэггүй.

Ямар сайндаа л сайдын суудлаас нь удаалгүй огцруулж байхав дээ. Магадгүй хааяа хааяа намынхаа үнэн мөнийг дэлгэчихдэг  түүний сул амнаас болсон байж ч мэдэх юм. Түүнийг засаглаж байх үед нөхдийнхөө ая эвийг гайгүй олчихдог, бүр заримыг нь хуралдаа ирэхийг гуйдаг гэх яриа ч гарч байлаа. УИХ-ын гишүүн, АН-ын лидер гэгддэг С.Амаржаргал сонгуулийн өмнө нэгэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо түүнийг "хэт зөөлөн" хэмээн дүгнэсэн. 

Н.Алтанхуяг саяхны нэгэн ярилцлагадаа "Өндөр сандал ширээ мөрөөдсөн хүмүүс тав тух, тогтвор хайж УИХ-ын дарга болоод, үгээс нь гарахгүй гэдэг шалгуураар Монгол төрийн Ерөнхий сайдыг томилоод байвал хор уршиг нь цаашдаа улам л их болно.

Өөрийн толгойгүй Ерөнхий сайдад эрх мэдэл дутахаас яах вэ.

Би Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоход өөрийн толгойтой байгаарай гэж захиж байсан. Харамсалтай нь тэр чадаагүй. Өнөөдрийн Ерөнхий сайд ч чадахгүй бололтой. Хэцүү л дээ, үнэхээр хэцүү. Гүйцэтгэх засаглалын тэргүүн шийдвэр гаргах, түүнийгээ хамгаалах эрх мэдэлгүй бол бид хөгжил гэдэг үгийг мартах хэрэгтэй” хэмээжээ.

Тэгвэл бид өнгөрсөн дөрвөн жилд юунд найдаж, итгэж байсан болж таарч байна вэ.

Н.Алтанхуягийнхаар УИХ-ын даргын утсан хүүхэлдэй нь Ерөнхий сайд байдаг бололтой. Тэгвэл тэр ч бас хэн нэгний утсан хүүхэлдэй байгаагүй гэж үү???

Ямартай ч өөрийн нам нь Засаглалаас гарсны дараа, намынхаа ҮЗХ-ны хурлын өмнө тэрээр төрийн тухай ний нуугүй дэлгэсэн нь өөрийн нэр хүндээ өсгөх гэсэн удаах оролдлого нь бололтой.

Түүний энэ удаагийн оролдлого бүтэмжтэй болвол АН тун удахгүй Алтангадас фракцынх болж, АН-ын жинхэнэ босс нь Н.Алтанхуяг болох ч юм билүү, хэн мэдлээ. Бие жижигтэй ч бэлчээр том гэгддэг түүний том том мэдэгдлүүдийн бай нь Ерөнхийлөгчийн сунгаа байх хэмээн олон нийт жиг жуг гэлцэнэ лээ. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.