“Женко” гэж нөхөр Жудогийн холбооны ерөнхийлөгч гээд баахан бөхчүүдээр хүрээлүүлээд мафийн толгойлогч шиг явахаар үхтлээ атаархдаг байсан байх. “Би том болоод Боксын холбоог авна даа. Бялба нүдүүлнэ дээ, чамайг” гэж бодсон ч байх...
УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэрүүл зарга хийсээр байж Боксын холбоог авсан биш хэдэн тамирчныхаа цусыг нь хольж байна аа.
Боксын холбооны Удирдах зөвлөлийн 19 гишүүн энэ сарын 5-нд хуралдаж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг холбооныхоо Ерөнхийлөгчөөр сонгожээ. Сайд ч бөөн баяр болж Төр засгийн үйлчилгээний “Элит” төвд 130 хүний ширээ захиалж хоол идэцгээсэн байна. Х.Нямбаатарын хэлснээр “Нэг, хоёрдугаар хоол идчихээд шууд тарцгаасан. Би өөр юу ч мэдэхгүй”
Гэтэл шөнийн 02 цагт нөгөө газраас Сүхбаатар дүүргийн цагдаа руу залгаж дуудлага өгсөн байна. Хүмүүс цаг хэтрүүлж уугаад, согтоод, хоорондоо зодолдоод байна аа гэж. Тэр үед МУГТ Э.Цэндбаатарын согтуугаар хийсэн лайвыг хэн нэг нь татаж аваад /өөрөө бол 10 секундын дараа устгасан гэдгээ “Улаан бал”-д ярьсан/ маргааш өглөө нь олон нийтэд цацаад, хоёр хоногийн дараа Э.Цэндбаатарыг улсын шигшээ багаас хөөж, дэлхийн аваргад тулалдах эрхийг нь хасав.
Боксын холбооны Ерөнхийлөгч Х.Нямбаатар энэ тухай “Цэндбаатарыг шигшээгээс хассан Удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрийг би бүрэн дэмжиж байна. Спорт бол сахилга бат. Энэ хүн хоёр удаагийн бэлтгэл хаяж явсан, өнгөрсөн жил мансуурсан үедээ чармай нүцгэн гудамжаар алхаж цагдаад баригдсан” гэж ярьсан нь хоёрхон өдрийн өмнө. Харин маргааш орой нь Э.Цэндбаатарын “Улаан бал”-д ярьсан зүйл олон хүнийг эмзэглүүлэв. Ер нь бол жаахан уучихдаг, хөнгөн хийсгэлэндүү зантай, байдаг л нэг залуу хүн. Түүнийг нь ашиглаад ах нар авч яваад архиар шахаж, хэрүүл өдөж байгаад зодсон юм байна. Тэр нь бараг санаатай байсан байна. Ер нь бол боксын холбооны нөхөд энэ хүүхдээс салах, эрхийг нь өөр хүнд өгөхийг анхнаасаа хүсч байсан юм байна. Түүнийг нь Х.Нямбаатар гүйж очоод гүйцэлдүүлж өгчээ гэж.
Хэрвээ тийм биш бол Х.Нямбаатар гэдэг хүн өнөөдөр “Архи ууж, зодоон хийсэн хүмүүс дотор шигшээ багийн тамирчин хүн Цэндбаатараас өөр байгаагүй. Цэндбаатарын жинд сорилгод орсон зөндөө олон залуучууд байгаа, хүнээр дутахгүй” гээд, олимпийн аварга М.Бадар-Ууганы хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгийг тоть шиг давтаад зогсч байхгүй нь лав. Х.Нямбаатараас өөр хүн байсан бол ядаж "ямар учиртай холбоог авч байгаа билээ, ямар хүмүүстэй ажиллах билээ, ямар нөхцөл байдал байгаа билээ” гэдгээ эргэцүүлж бодох байлаа.
+130-д зодолддог, метр 90-тэй хоёр мангар Э.Цэндбаатарын оронд /насаар бол аав нь байхаар, жингээр ч 2 дахин их/ Х.Нямбаатарыг дундаа хийгээд нүдсэн бол мань хүн лайв байтугай юм хийнэ. Лав л Цэндбаатар шиг “Гэмтлийн зэрэг гараагүй” гээд цагдаагаас өргөдлөө буцаахгүй. Бадарчин явбал балагтай, батгана суувал өттэй гэдэг. Явж явж Х.Нямбаатар гэдэг "батгана" байх ёсгүй газраа байснаас бүх юм болов.
Сануулж хэлэхэд, УИХ, Засгийн газрын гишүүн хүн давхар ажил, албан тушаал хаших ёсгүй. Үндсэн хуулиар хориглочихсон зүйл. Үндсэн хуулийн 29-р зүйлд “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гээд тов тодорхой заачихсан.
Үндсэн хуулийн энэ заалтыг 1999 онд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан, 2000 онд Үндсэн Хуулийн Цэцийн 02-р тогтоолоор хүчингүй болгосон, 2000.12.14-нд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан... гээд өч төчнөөн даваа давж, шүүгдэж үлдсэн, 20 гаруй жил гар хүрээгүй заалт учраас УИХ-ын гишүүн хүн мэдэхгүй байна гэж байхгүй. Мэдсээр байгаад Үндсэн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол энэ үндэслэлээр Х.Нямбаатарын бүрэн эрхийг хөндөж, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах боломжтой.
Гэтэл Х.Нямбаатар үүнийг үл ухаараад зогсохгүй “УИХ-ын тухай хуулиар зөвшөөрсөн” гэж зүтгэсээр байгаад Боксын холбооны Еррөнхийлөгч болоод орхив. Бас болоогүй ээ, “Би гуйгаагүй, намайг гуйсан юм” гэх. 2020 оны тавдугаар сарын 7-нд баталсан УИХ-ын тухай хуулийн 43-р зүйл “УИХ-ын гишүүнд хориглох үйл ажиллагаа” хэсэгт “Төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхлэх”-ийг хориглоно гэж цагаан дээр хараар биччихсэн байсныг ердөө хоёр сарын дараа 2020 оны сонгуулиар гарч ирсэн шинэ их хурал долдугаар сарын 9-нд хуульд өөрчлөлт оруулаад, хуулийн энэ заалтыг хүчингүй болгожээ.
Харин хуулийн 42-р зүйл буюу “УИХ-ын гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил албан тушаал” хэсэгт “төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал” гэж шинээр нэмээд дуусаа.
Уг нь бол парламент өөрөө өөртөө зориулж хууль батлах ёсгүй гэдэг зарчимтай. Тэр ч утгаараа 2016-2020 оны парламент дараачийн парламентдаа зориулж хуулийг нь баталж өгөөд явсан. Спортын холбоодыг улс төрөөс хол байлгая. Улс төрд нөлөөтэй этгээдүүд тамирчдын амжилтаар өөрсдийгөө рекламддаг, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамаарахгүй үйл ажиллагаа явуулдгаа больё. Үндсэн хуулиа сахья.. энэ тэр гэж ярьсаар байгаад арай гэж хуулиа өөрчлөөд явсан чинь амных нь салиа арилаагүй хэдэн бацаан зөрж орж ирээд “Үндсэн хууль май шүү. Бид шийднэ шүү” л гэсэн байна.
Ядаж Х.Нямбаатар нь нөгөө "нусан таглаа"-нуудаа бодвол нэг удаа УИХ-д суучихсан, УИХ-ын тухай хуулийг ч гэсэн өөрөө гар өргөж батлалцсан хүн. Гэвч дотор хүн нь өөр байсан бололтой. “Женко” гэж нөхөр Жудогийн холбооны ерөнхийлөгч гээд баахан бөхчүүдээр хүрээлүүлээд мафийн толгойлогч шиг явахаар үхтлээ атаархдаг байсан байх. “Би том болоод Боксын холбоог авна даа. Бялба нүдүүлнэ дээ, чамайг” гэж бодсон ч байх. Гэвч "муу эрд халдага дараасан" болж, "Боксын холбоогоо аваарай" гэчихсэн гүйж явах. Өөр яалтай билээ. Бокс жудо биш, Нямбаа ч Женко биш шүү дээ.
Эх Сурвалж: Ulsturch.mn