Солонгосчууд үндсэрхэг бас гайхалтай ажилч, хөдөлмөрч ард түмэн. Тэд үндэсний гэсэн бүх л зүйлээ дээдлэн хүндэлдэг, бахархдаг.
"Самсунг” корпораци бол энэ ард түмний үндэсний бахархал. Солонгос хүний оюун ухааны чадавх, хөдөлмөрийн бүтээмжийн баталгаа болсон баялаг бүтээгч, дэлхийн эдийн засгийн гол тоглогчдын нэг болтлоо хөгжсөн энэ компаниар бахархахгүй байхын арга үгүй.
Гэвч солонгосчуудын хувьд "Самсунг”-аас, бүр юу юунаас илүү эрхэмлэн дээдэлдэг нэгэн зүйл байдаг нь авлига, хулгайгүй цэвэр нийгэм, хүн бүрд эрх тэгш үйлчилдэг шударга хууль, тогтолцоо аж. Авлигад холбогдсон, хууль зөрчсөн бол "Самсунг”-ийн эзэн, өв залгамжлагч байгаад ч, элит улстөрч, бизнесмен, бүр улсын ерөнхийлөгч байгаад ч нэмэргүй аж.
Саяхан Солонгосын шүүхээс "Самсунг Электроникс”-ийн дэд дарга, өв залгамжлагч Ли-д (Lee Jae-yong) авлигын хэргээр таван жилийн хорих ял оноосон байна. Ли-гийн өмгөөлөгч дээд шүүхэд давж заалдана хэмээж буй ч тэр нь амжилттай байх найдвар тун бага байгаа гэнэ. Ли даргын авлигын асуудал манайд сонсогддог мөн шүүхээр орж шийдэгдсэн зарим хэргүүдтэй харьцуулахад нэг их сүртэй биш аж.
Өнгөрсөн гуравдугаар сард авлигын хэргээр огцорсон Солонгосын ерөнхийлөгч Пак-ын (Park Geun-Нуе) зөвлөх Чой-Сүн-Сил гэх хүний удирддаг ТББ-д $7.9 долларын (9.9 тэрбум вон) хандив өгснийг шүүхээс авлига гэж үзэн ял оноосон гэнэ. Уг "хандив”-ыг авлигад тооцсон үндэслэл нь "Самсунг” корпорацийн доторх бие даасан салбар нэгж компаниудыг Ли-гийн гэр бүлийн удирддаг толгой компанид нэгтгэх, хамааралтай байлгахад ерөнхийлөгчийн дэмжлэгийг авах оролдлого хийх зорилготой байсан хэмээн үзсэн аж.
Ер нь авлигын эсрэг тэмцлийг орой дээрээс нь, дээд шатанд тууштай хийх нь тун үр дүнтэй байдгийг харуулсан олон улсын туршлага байдаг. Солонгос үүнийг батлан харууллаа. "Самсунг” хэдийгээр хувийн хэвшлээс боссон, хувийн компани гэгддэг боловч Де-факто Солонгосын үндэсний компани бөгөөд төрийн шууд дэмжлэгтэйгээр хөл дээрээ боссон, одоо ч Засгийн газрынхаа дэмж-лэгтэй ажилладаг тул гол асуудлууд дээр нь Засгийн газар нь оролцох, шийдвэр гаргах зохицуулалттай байдаг аж. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нэг жишээ энд харагддаг.
Гэхдээ манайд хэрэгждэгээс зарчмын том ялгаанууд бий. Жишээ нь, энд хувийн компани нь төрд нөлөөлөх, өөрийн явцуу эрх ашгийн төлөө шийдвэр гаргуулах биш харин төр нь хувийн компани, бизнесийн бодлогод нөлөөлдөг, залдаг. Хамгийн гол нь төрөөс дэмжлэг авч буй компаниуд нь манайх шиг байгалийн баялгаа ухаж зардаг, улсын өмч дээр суурилсан эсвэл улсын тендерээр хөрөнгөжсөн түүндээ татаас авдаг компаниуд бус харин нийгэмд баялаг бүтээгч, үйлдвэрлэгч компаниуд байдаг гэдгийг онцлон дурдах нь зүйтэй байх.
"Самсунг” нь Солонгосын экспортын 20 хувь, хөрөнгийн биржийн үнэл-гээний 30 хувийг дангаараа бүрдүүлдэг. Солонгосын төдийгүй олон улсын сор болсон сэхээтнүүдийн хамгийн эрэлтэт салбар, оюун санааны капиталыг шингээгч компанийн хувьд тус улсын эдийн засагт онцгой байр суурьтай.
Ли-гийн талыг баримтлагчид, зарим нэг хувийн хэвшлийнхний зүгээс "Самсунг”-ийн өв залгамжлагчид хэрэг үүсгэсэн, ял оноосон асуудал "Самсунг” корпорацийн нэр хүнд, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Улмаар Солонгосын эдийн засагт хохиролтой байх болно хэмээн үзэж Засгийн газраа буруушааж байсан боловч үнэндээ "Самсунг” корпорацийн бизнест ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй гэдэг нь 2017 оны эхний хагас жилийн тайлангаас харагдаж байна.
"Самсунг”-ийн гол үйлдвэр болох цахилгаан барааны үйлдвэр нь (Samsung Electronics) л гэхэд оны эхний зургаан сарын байдлаар 24 их наяд вонын (~$21.4 тэрбум) ашигтай ажилласан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 64 хувиар давсан үзүүлэлт юм.
Өв залгамжлагчид ял өгсөн асуудлыг олон улсын шинжээчид Солонгос улсад, мөн "Самсунг” корпорацид авлига, хахууль оршин тогтнох орон зай байхгүй гэдгийг харуулсан шийдвэр, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдийн итгэх итгэлийг улам нэмэгдүүлсэн үйл явдал боллоо хэмээн дүгнээд, ардчилсан улсад улс төр, бизнес хоёр хэт хоршвол юу болдгийг харууллаа хэмээн онцлон үзсэн байна.
Саяхан л цагаан будаанаас өөр үйлдвэрлэлгүй туйлын ядуу байсан Солонгосын үсрэнгүй хөгжлийн нууц юу вэ. Авлигачдыг хайр, найргүй цээрлүүлж, улс төр, бизнесийн зааг ялгааг тод тогтоож, баялаг бүтээгч үйлдвэрлэлийг дэмжсэнд байдаг. Тэгвэл Монгол Улсын уруудал, доройтлын шалтгаан юу вэ. Үүнийг манай ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай "Авлига, хээл хахууль цэцэглэн хөгжсөн, эрх баригчид, олигархуудын хязгааргүй шунал, ханаж цадахгүй байдал” хэмээн оношилсон байдаг.
Солонгосын ард түмэн, Засгийн газар, парламент шинэхэн ерөнхийлөгч Мүүнийнхээ (Moon Jae-in) авлигын эсрэг тэмцлийг дуу нэгтэй дэмжиж төр, бизнесийн оройд үүссэн бохирдлыг цэвэрлэж чадлаа. Тэд цэвэрлэгээг орой дээрээс нь эхлүүлж хийсээр ирсэн нь тун үр дүнтэй байсаар ирсэн. Харин монголчууд бид юу хийх ёстойгоо мэдэж байна уу.
Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авлига, офшорын эсрэг тэмцлээр эхлүүлсэн. Харин түүнийг манай гүйцэтгэх засаглал, парламент дэмжиж байна уу. Харамсалтай нь тийм гэж хэлэхэд бэрхтэй. Харин ч зарим тохиолдолд эсрэг ажиллаад байна уу даа гэмээр харагдаж байгаа. Гэхдээ ард түмэн бид зөвийн талд зогсох ёстой.
Бид өөрсдийнхөө төлөө, улс орныхоо ирээдүйн төлөө Ерөнхийлөгчийн эхлүүлсэн авлига, офшорын эсрэг тэмцлийг тууштай дэмжиж, үр дүнг нь үзэх ёстой. Тэгвэл бид Солонгос шиг үсрэнгүй хөгждөггүй юмаа гэхэд уналтад ороод буй эдийн засгаа сэргээж ядуурал, ажилгүйдлийн асуудлаа шийдэж чадна. Хөгжин дэвжих үндэс сууриа тавьж чадна. Тиймээ, авлигыг орой дээрээс нь цэвэрлэвэл үр дүнтэй байдгийг батлан харуулсан солонгосчууд бидэнд жишээ болж байна.
Х.Батсуурь /Эдийн засагч/