Хэдэн цэрэг эрийн амиар “туг тахиж” байж Батлан хамгаалах салбарыг хариуцлагатай болгох вэ?


Б.Бат-Эрдэнэ бол улс төр, спортын хүн гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Гэвч мэргэжлийн гэх засгийн газарт Б.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайд болсон. Гэвч мэргэжлийн бус хүн салбар удирдсанаар батлан хамгаалах салбар морь унасан толгойгүй хүн шиг болоод байна. Морь унасан толгойгүй хүн шиг болсон гэдгийг гурван жишээгээр хэлье.  

Жишээ №1.  Тавантолгойд сургуулилтын үеэр бөмбөг тэсэрч хоёр хүн амиа алдав.

2017.04.11-ны өдрийн 17:40 цагийн орчим Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу 311 дүгээр ангийн байршлаас 10 гаруй км-ийн зайд орших Очир толгойн орчимд байрлан хээрийн сургууль хийж байсан 350 дугаар бригадын зэвсгийн офицер, ахмад Б.Мөнгөншагай, гранатмётчин, ахлагч Б.Ариунболд нар гар бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн амиа алдаж, найман ахлагч шархадсан.

Жишээ№2. Тавантолгойд мөн л осол гарч хоёр хүн гэмтэв

Төв аймгийн Алтанбулаг суманд байх Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төв орчимд 2017.05.10-ны өдөр осол гарсан байна. Тус сургалтын төвд сургалтанд гарч байсан офицер, ахлагч хоёр 69 машинтай явж байгаад осолдож бэртэл авчээ. Тухайн үед Тавантолгойн сургалтын төвд Зэвсэгт хүчний жанжин штабын зарим ангиуд хээрийн бэлтгэлд гараад байгаа бөгөөд осолдсон алба хаагчид нь Батлан хамгаалахын их сургуулийн офицер, ахлагчид байсан байна.

 

Жишээ №3 Гурван цэрэг усанд осолдоод одоо болтол олдоогүй байна

Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн "Оросын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 75 км-т/ Ховд голын усанд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагч Увс аймгийн Өлгий сумын харъяат С /19 настай, эрэгтэй/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Б /22 настай, эрэгтэй/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Е /19 настай, эрэгтэй/ энэ сарын 27-ны өдөр осолдсон. Тэднийг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 8 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 3 алба хаагч, Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатараар ахлуулсан 4 алба хаагч, ЗХ-ний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэрэгний багийн 4 алба хаагч, ЗХ-ний 123 дугаар ангийн 41 алба хаагч, тус сумын ЗДТГ-ын 20 ажилтан, нийт 113 хүн, 15 автомашин, 6 завь, 1 нисдэг тэрэгтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Өчигдөр 9 цэгт пост гарган, явганаар голын эрэг дагуу 72 км, 3 завиар голоор усаар 180 км газарт, нуур болон голын усанд 1.8-5 метрийн гүнд 240 минутын шумбалт хийсэн ч олоогүй байна.

Үүнээс гадна цөөнгүй асуудал батлан хамгаалах салбарт гарсаар байгаа. Гэвч тушаалаар хөдөлдөг болохоор  гадагшаа мэдээлэл гаргахгүй хэмээн цэргүүд нь амаа хамхиж чимээгүй байдаг нь нууц биш.

Энэ бол бүх батлан хамгаалахс албар бүх шатандаа хариуцлага алдснаас болж гарсан асуудлууд. Цэрэгтэй холбоотой бүх асуудлыг Зэвсэгт хүчний жанжин штаб хариуцдаг. Монгол улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч бол Ерөнхийлөгч. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нь дэслэгч генерал Д.Даваа. Зэвсэгт хүчин өөрөө батлан хамгаалах салбарт хамааралтай болохоор  дээрх асуудлууд Б.Бат-Эрдэнэд мөн хамааралтай. Гэвч Батлан хамгаалахын сайд нь "Бүх шатандаа хариуцлага хүлээнэ. Гэхдээ БХЯ, Зэвсэгт хүчин тусдаа байгууллага” гэх мэтээр ярьж   хариуцлагаас бултахыг хичээж байна.  

Хичнээн хүний амь нас, эрүүл мэндээ хохирч байж  батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчин хариуцлагатай болох вэ? Ажилдаа эзэн болж ардын хүүхдийг амь шигээ хайрлаж чадахгүй бол ажлаа хийж чаддаг нэгэнд нь тавиад өгвөл яаж байна Ерөнхийлөгч өө,  Батлан хамгаалахын сайд аа,  ЗХЖШ-ын дарга аа...

 

Бодлогын  яамыг чадахгүй хүн удирдахаар улс орны аюулгүй байдалд заналхийлж байгааг Монголын ард түмэн хангалттай харлаа. Одоо больцгоо!!!

 
dotgio.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.