"ХАР" Цогоо.


 

Та нар ердөө л хоёр хоногийн өмнөөс "Хар Цогоог л огцруулаад аль" гээд сошиал медиа даяар олон нийтээрээ орилолдсон гэж бодож байна уу? Үгүй. Ерөөсөө л томилолт аваад ажилдаа орохоос нь эхлээд түүнийг олон нийт шүүмжилж эхэлсэн юм.

Хамгийн сүүлд л гэхэд "Яамны дарга нар нэгнээ хөнөөсөн хүн түүний буруу л гэнэ", "Вагоны ослууд болсон нь түүний буруу л гэнэ", "Төмөр замын худалдаж авсан вагонуудыг тэр л худалдаж авсан гэнэ". Дээр дооргүй л түүнийг доромжилж бах таваа ханган "буудав". Харин тэр олон нийтийн шахалтаар гэхээсээ илүүтэй энэ их доромжлолд цэг тавьж, хариу болгож огцрох өргөдлөө барив...

"Одоо л сэтгэл нь амарсан биз, тэр шүүмжлэгчдийн" гэж бодтол "Ордонд энгийн хувцастай явлаа л гэнэ", "Даллаж инээж зураг даруулжээ л гэнэ", "Идэж цадаад явлаа" л гэнэ. Огт зогссонгүй нөгөөх л шүүмжлэлүүд...

Үргэлжлүүлээд "Боловсролгүй л гэнэ", "ФМ-ийн хөтлөгч дэд сайд хийж чадахгүй л гэнэ", "Сургуулиа төгсөөгүй л гэнэ", "Сурамгай луйварчин л гэнэ". Бараг мангас бололтой тэр Цогоо.

Хүнийг шүүмжилж болдог л доо. Харин доромжилж л болохгүй. Цогоогийн тухай бичсэн ярьсан болгоныг олж уншиж, харж байхад шүүмжлэлээсээ илүүтэй доромжлол нь голлож байгаа харагддаг ч тэр өөрөө нам гүм. Таг дуугүй. Бараг л "Халтар царайт"-ын Корелло шиг таг дуугүй.

Гэхдээ яг үнэндээ бол түүний өнгөрсөн хоёр жилийг харахад энэ Засгийн газрын дэд сайд нараас хамгийн сайн ажиллаж байсан нь юм шүү. Үнэхээр нэг энэ ажлыг хийчихье гэж зорьсон нь анзаарагдаад байдаг юм. Энэ дүгнэлтийг би хийгээд ч байгаа юм биш. Олон хүн хэлдэг. Зарим нь хэлхээсээ ичдэг, айдаг ч дотроо хүлээн зөвшөөрдөг.

Ямартай ч тэр өнгөрсөн хоёр жилд атаархал, доромжлол сөрж алхсан. Цаашид ч нүүр бардам хийдгээ хийгээд нийгэмд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх боломж, цаг хугацаа байгаа. Гол нь түүний үйл хэргийг л шүүмжил. Харин битгий хүнийх нь хувьд доромжил. Доромжлол хязгаартай байх ёстой...!

Цогоо шиг залуу баян айлын мөнгөтэй эрх, овлигогүй, ойворгон сагсуу хүүхэд байсан бол аль хэдийн УИХ-д суучих байсан даа, аягүй бол. Даанч тэр...


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.