ОХУ энэ онд 200 сая тонн нүүрс экспортлохоор болсон талаар "www.sxcoal.com” сайт мэдээллээ.
Энэ талаар тус улсын Эрчим хүчний сайд Александр Новак Кемеров мужийн түлш, эрчим хүчний хурлын үеэр мэдэгдсэн байна.
Сайд Александр Новак хэлэхдээ "Бидний тооцоолсноор ОХУ-ын нүүрсний экспорт энэ жил 200 сая тонноос давах төлөвтэй байна. Баруун мужуудаасойролцоогоор 100 сая тонн, зүүн мужуудаас 100 сая тонн орчим байх болно” гэжээ.
2018 онд оросын нийт нүүрс олборлолт 420 сая тонн давахаар байгаа нь хуучин Зөвлөлтийн үе буюу 1988 оноос хойш тогтоож буй түүхэн дээд рекорд болж байна.
Мөн дэлхийн нүүрсний зах зээлд ОХУ-ын эзлэх хувь хэмжээ өнгөрсөн 20 жилд 3.5 дахин өсч, 14 хувийг эзэлж буйг сайд А.Новак мэдэгдлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч мөн сүүлийн үед Оросын нүүрсний экспортын талаар чухал мэдэгдлүүдийг хийж буй. Тэрээр "Цаашид ОХУ дэлхийн нүүрсний зах зээлд өөрийн байр сууриа улам өргөжүүлэхболно” гэж дээрх хурлын үеэр мэдэгдсэн юм.
ОХУ-ын нүүрсний компаниуд өнгөрсөн онд 190 гаруй сая тонн нүүрс экспортолж, дэлхийд дээрээсээ гуравт бичигдэх болсон.
"Өнөөдөр ОХУ дэлхийн нүүрсний зах зээлд байр сууриа өргөжүүлэх, бэхжүүлэх, хувь хэмжээгээ нэмэгдүүлэх боломж маш их байна. Манай дотоодын нүүрсний уурхайнуудад асар их боломж байна. Азийн зах зээлийг өшөө сайн судалж, бүтээгдэхүүнүүдээ улам бүр төрөлжүүлж, нийлүүлэлтээ нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж Ерөнхийлөгч Путин өөрийн орны нүүрсний компаниудад хандан уриалсан байна.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл