ААВГҮЙ ХҮҮХЭД ГЭЖ ҮЕИЙНХЭНДЭЭ АДЛАГДАХ ЁСТОЙ ЮМУУ


ААВГҮЙ ХҮҮХЭД ГЭЖ ҮЕИЙНХЭНДЭЭ АДЛАГДАХ ЁСТОЙ ЮМУУ

 

Хүүхдүүд ирээдүйд ямар хүн болж төлөвших нь гэр бүлийн суурь боловсрол, эцэг эхийн хүмүүжил харилцаа хандлагатай шууд холбоотой гэдэг.

Тиймээс таны тарьж ургуулсан үр жимс тань ямар байх нь таниас 100 хувь шалтгаална. Хүүхдээ хүмүүжүүлэх яах вэ, эхлээд өөрийгөө хүмүүжүүл. Таныг ямар байхыг үр хүүхэд тань яг дуурайна гэдэг үнэн үг шүү.

Өчигдөр цахим сүлжээнд нэгэн ээжийн сэтгэгдэл олон хүнийг эмзэглүүлж, элэг зүрхийг нь урсан юм.

Хүүг нь сагсан бөмбөгийн талбай дээр тоглосных төлөө "Аавгүй хүнтэй юу ч ярихгүй, зайл” хэмээн элдвээр доромжилж фэйсбүүк рүү нь чат бичсэн байсныг ээж нь олон нийтэд ил гаргажээ.

Аавгүй гэхээрээ хүүхэд бусдадаа адлагдах, элдвээр доромжлуулах ёстой юмуу. Арай ч дээ үнэхээр хэлэх үг алга. Одоо ингэж хэлж байгаа хүүхэд ирээдүйд ямар хүн болох вэ. 

Амьдрал сайхан муухай зүйлсээр дүүрэн байдаг. Тэр хүү аавтай байж байгаад аавыгаа алдсан ч юм билүү, эсвэл амьдралын элдэв асуудалд ээж аав нь тус тусдаа амьдарч байгаа ч билүү хэн мэдлээ.

Гэтэл өсвөр насны хүүхдийн сэтгэлзүй рүү ингэж дайрч давшилах аюултай биз дээ. Өнөөдөр элдвээр хэлүүлсэн хүү ямар нэгэн эрсдэлтэй алхам хийвэл хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ.

Тиймээс эцэг эхчүүд минь ээ эмх замбараагүй, эрээ цээргүй, элэг бүтэн амьдралдаа бардаж эрдэж байгаа давилуун хүүхдүүдээ жаахан даруулгатай хүмүнжүүлмээр санагдах юм. Зөвийг ойлгуулж бурууг тунгаадаг болгоё. Үхэл хагацал, өнчрөл зовлон байдгийг ойлгуулъя. Хүний хувь заяа ямар ч байх юм билээ. Зурсан зургаараа явдаг хойно, тэр хүү ааваасаа өнчирч хоцорсон ч юм билүү.
 
Хүний амьдрал ямар ч байж болно. Дардан шулуун явдаггүй юм. Юу ч тохиолдож болно. Магадгүй залуу насны ааг омгоор салж сарнисан хүмүүс байхыг ч үгүйсгэхгүй
 
Тиймээс залуусыг битгий сал, юу ч болж байсан хүүхдээ бодоод тэвч гэж шууд харанхуй зөвлөхгүй ээ. Тэр бол өрөөсгөл ойлголт юм. Анхнаасаа гэр бүл болох хүнээ хүүхэдтэй болохоосоо өмнө сайн судал, хамт амьдарч үз, хамт аялалд яв. Сайн төлөвлөж байж гэр бүл болох хэрэгтэй болов уу.

Эцсийн эцэст  та нар таарч тохирохгүйгээсээ болоод салж сарниад сэтгэл амар тайван байж болох ч хүүхэд ингэж хохирдог юм. Хөөрхийдөө зовдог юм.  Хүүхэд эцэг эхээ сонгож энэ хорвоод ирдэггүй юм шүү. Ямар ч хүүхэд аавгүй гэж үеийнхэндээ хэлж чичлүүлэх нь ямар олигтой байх вэ дээ.
 
Нөгөөтэйгүүр үйлийн муутайдаа хүн хань ижлээсээ өнчирч хоцордоггүй юмаа. Үхэхийн цагт хэн ч түрүүлж хумхын тоос болно. Үйл ирэхийн цагт хэн ч үхэл, өвчнийг сөрж зогсоож, амиа зогоож чаддаггүй юм. Бэлэвсэрч хоцорсон бэр, өнчирч хоцорсон эр гээд л өөлөх юмаа. Үгүй шүү дээ. Хүмүүний амьдралд ирж буцах нь хорвоогийн жам. Салсан юм биш сарнисан юм бишээ.

Халуун амь, бүлээн бие хагацсан байхад хар муу муухайгаар хэлж, үр хүүхдийг нь чичлээд яанам бэ. Хүн төрж, үхэх нь үнэн. Мөнхийн ус уусчихсан юм шиг аливааг тунгааж бодолгүй тогтож аждаггүй давилуун ярих онцгүй ээ.
Харин ч цаг хугацаандаа амьдарч байгаа даа талархаж, баярла.

Хэн нэгнийг чи аавгүй, чи ээжгүй, чи эцэг эхгүй гэж битгий гоочил сэтгэлзүй рүү нь сэлэм бүү далай. Амьдрал гэдэг чинь алаг эрээн л өнгө юм шүү.
 
Тиймээс хүүхдээ багаас нь хүнлэг, өрөвч, ухаантай нэгэн болгохын төлөө эцэг эхчүүд, эмээ өвөө, эгч ах нар өөрсдөө ухамсартай байя. Нийгмийн нэг хэсэг болж байгаа хүүхдүүдээ муу муухайгаар чичлүүлэх ёсгүй юм.



О.Сайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.