Нийслэлийн МАН-ын Бага хурал эхэллээ. Хуралдааныг Барилга хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр даргалж байна. Хурлын эхэнд мандатын тоонд зөрүү үүссэн, мандат аваагүй төлөөлөгч зааланд саналын эрхтэйгээр орж ирсэн гэх зэрэг асуудал үүсч, зааланд эмх замбараагүй байдал үүсэв. Баянгол дүүргийн төлөөлөгч "Намын анхан шатны нэгжээс сонгогдоогүй нэг төлөөлөгчийг гаргана гэж мэдэгдсэн. Гэтэл одоо энэ хүн чинь зааланд сууж л байна. Бид олон жилийн түүхтэй нам. Өнөөдөр Бага хурлаа ч зохион байгуулж чадахгүй байна. Том асуудлаа харж, шударга зохион байгуулцгаая” гэж уриалсан юм.
Бага хурлыг даргалагч Г.Мөнхбаяр хурлыг үргэлжлүүлэх гэсэн боловч заалнаас эсэргүүцэж, "Шударга бай” гэж орилсоор байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Манай намын хорооны Бага хурал дүрмэнд заасан хугацаанаас бүтэн жил хоцорч эхэлж байна. Намын анхан шатны нэгжээс бөөн өрсөлдөөн дундаас хүмүүс ирсэн. Г.Мөнхбаяр дарга аа, олон хүмүүс хурлын журмыг эсэргүүцэж мандатаа өргөхгүй байна. Хэт хайрцагласан байдлаар хурлаа зохион байгуулах гэж дайрах юм. Энэ хүмүүс чинь та бүхэнд зөөлөн суудал өгөх гэж энд ирээгүй. Мандат өргөсөн хүмүүсийг та нар тийм хурдан тоолох боломжгүй. Мандатыг хэн шалгаж байгаа юм. Хэн орж байгааг ч бид мэдэхгүй байна. Бидэнд жагсаалтаа ч өгөхгүй байна” гэсэн юм.
Хурал даргалагч мандатын комиссыг батлах тогтоолыг хэд хэдэн удаа уншсан ч заалнаас эсэргүүцсээр, төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулав.
Сэтгэгдэл