Зам тээврийн хөгжлийн яамтай холбоотой дахиад нэг хэрэг мандаж байгаа аж. Тодруулбал ЗТХЯ-ны Тээврийн ухаалаг систем, өгөгдөлийн сан хариуцсан мэргэжилтэн н.Батсүх гэгчийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргийг АТГ шалгаж дуусчээ.
Монголчууд "Азын дугаар”-аар гангарах дуртай. Гэтэл ийм ижил тоотой буюу азын дугаар хүссэн хүн бүхэн хүртээд байдаггүй бөгөөд ЗТХЯ-ны албан тушаалтнуудын зөвшөөрөлтэйгээр олгодог болсон гэнэ. Мэдээж, иймэрхүү шийдвэр хүссэн хүсээгүй араасаа авлига дагуулдаг гэмтэй.
Дээр нэр дурдагдсан мэргэжилтэн н.Батсүх гэгч эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, өнгөрөгч 2017 оны 7-12 дугаар сард төв сервертээ нэвтэрч Тавантолгойн нүүрс тээвэрлэдэг Хятадын компаниудын машинд дугаар олгохоор хуурамч материал бүрдүүлж байсан нь тодорхой болжээ.
Ингэхдээ Авто тээврийн Үндэсний төвд ажиллаж байгаад өөр ажилд шилжсэн хүмүүсийн нэрээр нэвтэрч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд хуурамч мэдээлэл оруулах, хуучин байсан зарим мэдээллийг устгаж өөрчилж байжээ. Түүнчлэн хуурамч мэдээлэл бүхий бичиг баримт үйлдэж байсан гэнэ. Хэрэг явдал үүгээр тогтсонгүй.
Хятадын компаниудаар тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ хаяж гээгдүүлсэн хэмээн өргөдөл бичүүлдэг байсан нь шалгалтын явцад тогтоогджээ.
н.Батсүхийн энэ мэт гэмт үйлдэлд Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр болоод байна.
Сэтгэгдэл