Бейонсе Жизель Ноулз-Картерын хувийн амьдралаас


 

Бейонсе Жизель Ноулз-Картерын хувийн амьдралаас

 

Дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулагч, хүчтэй, хөдөлмөрч бас мэдрэмжтэй эмэгтэй бол Бейонсе Жизель Ноулз-Картер юм.

Америкийн дуучин, ая зохиогч, продюсер, жүжигчин Бейонсе Жизель Ноулз-Картер 1981 оны 9 сарын 4-нд Техас муж улсын Хьюстон хотод төрж өсчээ. Түүний ээж Селестин "Тина" Ноулз нь үсчин, салоны эзэн байсан бол аав Матью Ноулз нь "Xerox” компанид борлуулалтын менежер хийдэг байжээ.

Бейонсе найман настайдаа охидын хамтлагт дуулж байхдаа Келли Роулэнд болон Латавиа Роберсон гэх хоёр найзтайгаа танилцаж, улмаар өөр гурван охины хамт "Girl's Tyme” хамтлагт нэгдэж, Хьюстон хотын авъяастнуудын шоу хөтөлбөрийн үеэр дуулж бүжиглэдэг байсан байна. Улмаар тэд продюсер Арне Фрагерийн хараанд өртсөний ачаар хамтлагаараа "Star Search” гэж тухайн үеийн хамгийн том телевизийн шоунд оролцсон боловч ялалт байгуулж чадаагүй юм.

Үүний дараагаар 1995 онд Бейонсегийн аав ажлаас чөлөөлөгдөж, охиныхоо хамтлагийн менежерээр ажиллах болсны зэрэгцээ гэр бүлийн орлого нь ч буурсны улмаас түүний эцэг эх тусдаа амьдрах болсон байна. Харин Бейонсегийн амьдрал, карьерт тулгарч байсан хамгийн хэцүү үе бол менежерээ сольсон үе байсан. Тэр цаг мөчийг хүртэл түүний аав Метью Ноулз менежер хийж байсан юм. Бейонсе ажил бол ажил, гэр бүл бол гэр бүл хэмээн ажил, гэрийн асуудлыг тусгаарлахыг хүссэн бөгөөд Бейонсед аав нь менежерийн хувиар биш аавынх нь хувиар хэрэгтэй байсан тухайгаа сүүлд ярьсан байдаг.

Бейонсе болон түүний нөхөр Жэй Зи нарын харилцаа "'03 Bonnie & Clyde” дуун дээр хамтран ажилласан цагаас эхэлжээ. Улмаар тэд 2008 оны дөрөвдүгээр сарын 4-нд олон нийтээс нууцаар гэрлэсэн байна.

2014 оны дөрөвдүгээр сарын 4-ны байдлаар тэдний хамтарсан цомог 300 сая хувь борлуулагджээ. Гэвч тэдний амьдрал дандаа дардан байгаагүй юм. 2010 болон 2011 онд тэдний хүүхэд зулбасан бөгөөд энэ нь Бейонсегийн амьдралд тохиосон хамгийн гунигтай мөчүүдийн нэг юм.

Гэсэн хэдий ч тэрбээр энэ гунигт түүхээ мартахын тулд хөгжмийн ертөнцөд эрч хүчтэйгээр эргэн ирсэн билээ. 2011 оны наймдугаар сард хосууд "МТV” хөгжмийн шагнал гардуулах ёслолд оролцож, Бейонсе "Love on Top” дууг дуулсны зэрэгцээ өөрийн гунигт түүхээ дурсчээ. Тухайн шагнал гардуулах ёслолыг дэлхий даяар 12.4 сая хүн үзэж, түүхэн дээд амжилт тогтоосон юм.

 

Карьерынхаа 19 жилийн хугацаанд тэрбээр бие даасан уран бүтээлээ 100 гаруй сая, "Girl's Tyme” буюу сүүлд нэрээ "Destiny's Child” өөрчилсөн хамтлагийн уран бүтээлээр 60 гаруй сая хувь борлуулсан нь түүнийг бүх цаг үеийн шилдэг борлуулалттай хөгжмийн уран бүтээлчдийн нэг болгосон юм.

 

Тэрбээр Грэммийн 20 шагнал хүртсэн бөгөөд мөн Грэммигийн түүхэн дэх тус шагналд хамгийн олон удаа нэр дэвшсэн эмэгтэй юм. 2011 онд түүнийг "Millennium Award” шагналаас 2000-аад оны Шилдэг эмэгтэй уран бүтээлчээр өргөмжилжээ.

 

Үүний зэрэгцээ "Time” сэтгүүлээс гаргадаг оны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр 2013, 2014 онд тодорсон байна. Харин "Forbes” сэтгүүлээс түүнийг 2015 оны урлагийн ертөнц дэх хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр нэрлэжээ. Үүнээс гадна дуучин бүсгүй Америкийн "HBO” телевизтэй хамтран өөрийнхөө намтарчилсан баримтат кино гаргасан билээ. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.