Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж хаалттай хувьцаат компанийн хараат бус гишүүдийг томилох, хөрөнгө бүртгэж авах, гудамж, цэцэрлэгт хүрээлэн шинээр нэршүүлэх болон "Хангарьд" одонгоор шагнах асуудлыг хэлэлцэв. "Нийслэлийн орон сууцны корпораци”, "Олон улсын худалдааны ложистик төв” хаалттай хувьцаат компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилох асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжаар Баянзүрх дүүргийн VIII, XVI хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй "Баганат өргөө", "Гангар инвест" компанийн барьж, ашиглалтад оруулж буй ус, дулаан дамжуулах төв, шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэх асуудал байв. Үндэсний батлан хамгаалахын их сургууль орчимд байгуулсан эл төвийг нийслэл болон Хөгжлийн банкны 12.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Уг инженерийн байгууламжийг "Орон сууц,нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ-ын дансанд бүртгэж, ашиглалт, хамгаалалтыг нь хариуцуулах тогтоолын төслийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан танилцуулсан юм.
Тэргүүлэгч Б.Батнасан тогтоолын төслийг сонсоод, ямар нэг байгууллагын дансанд хөрөнгө бүртгэхдээ ашиглалт, арчлалтын зардлыг нь хаанаас гаргахыг тооцож, тухайн байгууллагын удирдлагаас санал асууж байх нь зүйтэй гэв. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан шинээр ашиглалтад оруулж буй хөрөнгийг эзэнгүйдүүлж болохгүйг анхааруулсан бөгөөд Тэргүүлэгчдийн санал хураалтаар ус, дулаан дамжуулах төв, шугам сүлжээг өмчид бүртгэн авлаа.
Сэтгэгдэл