Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй байрыг УБТЗ-д эзэмшүүлэх шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээлээ


 

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд өчигдөр 18.30 цагаас УБТЗ-ын нэхэмжлэлтэй Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Улмаар шүүх 21.00 цагийн үед шийдвэрээ гаргаж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв. Тодруулбал, түүний эзэмшдэг, 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй амины орон сууцыг УБТЗ-ын мэдэлд буцаан олгох шийдвэрийг хэвээр үлдээлээ. 

Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь хариуцагч Л.Пүрэвбаатарт холбогдуулан, Замын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь эзэмшүүлж байсан нийгэмлэгийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргаж, хариуцагч Л.Пүрэвбаатар нь маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг мөн шүүхэд гаргасан аж.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Л.Пүрэвбаатарын өмчлөлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд орших орон сууцыг шилжүүлэхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  мөн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд  байрлах орон сууцыг хариуцагч Л.Пүрэвбаатарын эзэмшлээс чөлөөлж, орон сууцыг нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д шилжүүлэхийг даалгаж,  Л.Пүрэвбаатарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч Л.Пүрэвбаатарын эзэмшлээс чөлөөлж,  нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д шилжүүлэхийг даалгасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв" гэжээ.

Сануулахад, "УБТЗ” ХНН-ээс Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ийн хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулан, эзэмшиж байгааг хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд хандсан  байдаг.

"УБТЗ"-ын хэвлэлийн төлөөлөгч "Энэхүү өндөр үнэтэй хаусыг дуудлага худалдаагаар зарж, олсон орлогыг төмөр замчдыг орон сууцжуулах хөнгөлөлтэй зээлд зарцуулахаар төлөвлөж байгаа"  хэмээн мэдээлж байсан билээ.

Б.Анир


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.