-"Газпром” зэрэг гадны нефтийн компаниудыг оруулж ирж, чөлөөт өрсөлдөөн бий болгох хэрэгтэй байна-
Мөрөөдөх шиг сайхан зүйл хаана байх билээ. Гадны банкны гаргасан хэт өөдрөг төсөөллөөр хэрвээ шатахууны үнэ шийдэгддэг байсан бол бид өглөө бүр шатахууны үнэ өссөн гэх гэнэтийн бэлэгтэй босч ирэхгүй байв. Инфляцийн бууралтыг дагаж үнээ буулгадаг шатахуунтай байсан бол 10 гэр бүлийн ааш аягийг ард түмэн, Засгийн газартайгаа тэвчиж, аманд нь багтаж амьдрахгүй байсан юм. Нийслэлийн статистикийн газрын энэ сарын 26-ны өдрийн дүн мэдээгээр монголчуудын өргөнөөр хэрэглэдэг АИ-92 шатахуун 1780-1830 төгрөгт хэлбэлзэж байна. Хамгийн хямд борлуулж байгаа нь "Жаст ойл” компани байгаа бол 1830 төгрөгөөр "Петровис”, "Магнай трейд” компаниуд зарж байгаа аж. Хэрвээ Азийн хөгжлийн банкны зөгнөлөөр болно гэж үзвэл энэ тоо 2019 он дуустал нэмэгдэхгүй гэж ойлгож болно. Гэвч бодит байдал шал өөр. Засгийн газарт одоогоор эдгээр нефть импортлогч компаниуд литр тутамдаа үнээ нэмэх хүсэлт хүргүүлсэн бөгөөд шинэ оны босгон дээр нэмэх талаар урьдчилсан яриа ч явж байгаа гэх. Улс орны тусгаар тогтнолын баталгаа болсон нефтийн салбараа хувьчилсны горыг баяр болгоноор амсдаг болов. Энэ улсад төр гэж байдаг бол эдгээр 10 гэр бүлийг одоо хазаарлах цаг нь болсон баймаар.
Улс оршин тогтнохын тулд эрчим хүч, нефть, газар доогуурх дулааны шугам гурваа төр нь мэдэлдээ авдаг юм билээ. Гэтэл стратегийн нэг чухал салбараа хэдхэн гэр бүлийн мэдэлд өгчихөөд Засгийн газар, УИХ-тайгаа хамт дарамтлуулаад сууж байх юм. Нефтийн бизнесийг атгачихсан эдгээр хүмүүс үгсэн тохирсон бол үнэ нэмэгдэнэ. Юун инфляцийн бууралт. Хориг арга хэмжээ, дэлхийн зах зээлийн үнэ ханш гэдэг зүйл бидэнд огт хамаагүй. Хэдхэн гэр бүлийн хоолны мөнгө багасвал тэд уулзаж байгаад нэгэн дуугаар нэмчихдэг. Дараа нь төрөөс юу хүссэнээ шаардана. Татвар төлөх дургүй. Талх, мах, ногооны үнэ хүртэл тэдний гаргасан шийдвэрээс болж, дээш доош хэлбэлзэж байдаг гэхээр бид тусгаар тогтносон улсад амьдардаг гэж ярихын ч хэрэггүй байгаа биз. Баяр дөхсөнийг далимдуулж түгээлтээ хязгаарлаж, аргагүй шахаанд оруулж байгаад үнээ нэмчихнэ. Яг л энэ зарчмаар цаашдаа ч үнээ нэмэх нь тодорхой. Тун удахгүй ургац хураалт эхэлнэ. Залгуулаад шинэ оны уур амьсгал орно. Ирэх оны төсвийг УИХ аравдугаар сарын 05-наас эхлэн хэлэлцэж эхэлнэ. Энэ бүхнийг ч тэд анаж суугаа.
Нэг банкны эдийн засагч тайлан хийчихээр үнээ буулгадаг, эсвэл хазаарладаг байсан бол хэчнээн сайхан байх билээ. Төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсон байна. Дорноговь аймгийн Алтанширээ суманд сүр дуулиантай шаваа тавьсан Газрын тосны үйлдвэрээ хурдлуулъя. Нөгөөтэйгүүр, нефтийн зах зээлд чөлөөт өрсөлдөөн бий болгомоор байна, Ерөнхий сайд аа. 2008 оноос эхлэн ОХУ-ын "Роснефть” өөрийн салбараа нээх талаар санаагаа цухулзуулж байлаа. Мянганы зам дагуу 300 шатахуун түгээх станц байгуулах саналаа ч тухайн үеийн ЭБЭХ-ний сайдад илгээж, газрын тосны үнээ нэмж боож байсан түүх ч бий. 2011 онд болсон Ерөнхийлөгчийн айлчлалын дараа энэ бүхэн өрнөж, нефть импортлогчид хязгаарлалт хийж талонаар түгээнэ хэмээн галзуурч байх үед ганцхан "M-Oil” компани л шатахуунаа бэлэн мөнгөөр тарааж байв. Тухайн үед тус компани "Газпром”-той 5000 тонн дизел түлшний гэрээ хийгээд ирсэн байж билээ. Өнөөдөр ч "Газпром” компанид Монгол руу орж ирэх сонирхол давамгай байгаа.
Аливаа зах зээл өөрөө чөлөөт өрсөлдөөнтэй болж байж л үнэ буурч, чанар нэмэгддэг. Гэтэл зарим нь урд хөршөөс авсан чанар муутай хуурамч шатахуун шахаж, нэг хэсэг нь шүүмжилж бичсэн хэвлэлтэй өглөө оройгүй шүүхдэлцэж амыг нь барьдаг байдлаар улам бүр энэ салбарт монополь эрх мэдлээ бататгаж авч байх юм. Монгол Улсын төр одоо үүнтэй эвлэрч суух ёсгүй юм. Сайд дарга хэн буйгааг ч гарынхаа үзүүрээр хөдөлгөж буй монополь компаниудтайгаа тэмцэж, нефтийн салбарт чөлөөт өрсөлдөөн бий болгох хэрэгтэй байна. Уул уурхайн хөрөнгө оруулалт, өсөн нэмэгдэж буй зах зээлийн хөгжлийг дагаад үгсэн хуйвалдаж нэмдэг бус илүү чанартай, бас хямд бүтээгдэхүүн санал болгосон гадны компаниудыг оруулж ирэх цаг болчихжээ.
Тэгж чадахгүй бол нефтийн үйлдвэр зүүдэлсэн хагас зуун жилийн мөрөөдлөө маргааш ч ярьсан хэвээр, өнөөх л 10 гэр бүлийн аманд багтаж, балга шатахууны төлөө тэдний өмнө сөгдсөн хэвээр байх биз. "Роснефть”, "Газпром” зэрэг томоохон үйлдвэрлэгчдэд орон зай олгох ажлыг хэн нэгний шантааж, дарамтыг үл тоон хийж эхэлмээр байна, У.Хүрэлсүх сайд аа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт ч энэ үүрэг хамт ноогдоно гэдгийг мартуузай. Нефтийн зах зээлд өрсөлдөөн бий болж эхэлвэл шатахууны үнэ литр тутамдаа 300-350 төгрөгөөр буурна гэсэн эдийн засагчдын тооцооллыг ч энд дахин сануулъя.
Сэтгэгдэл